Монголчуудаа морин уралдаанаа өөрчилж, хүссэн үедээ уралддаг болъё

70

Уяачид сар шинийн баяртай залгуулаад “Дүнжингарав-2024” хаврын морин уралдаан зохион байгуулах талаар зар түгээгээд эхлэв. Үүнийг эх оронч тэмцэгчид, жирийн иргэд жигтэйхэн их эсэргүүцэж байгаа харагдлаа. Тэд “Өвөл, хаврын үед морин уралдаан явуулахыг 2019 оноос хойш хориглодог болсон. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг Засгийн газрын тогтоолоор тас хориглосон байгаа. Тиймээс “Дүнжингарав-2024” уралдааныг цуцлах ёстой” гэж мэдэгдсэн. Манай “Өдрийн сонин”-ы хувьд анхнаасаа насанд хүрээгүй хүүхдээр морь унуулдаг явдлыг эсэргүүцэж ирсэн. Томчууд хүүхдүүдээр морь унуулж зугаацан сэтгэлийн ташаал авч байгааг олонтаа хөндөж, шүүмжилж тавьдаг. Бид хурдан морины уралдааныг эсэргүүцээгүй. Гагцхүү унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалж бичдэг. Өнөө цагт хурдан морины эзэн, унаач хүүхэд хоёрын харилцааг харахаар яг л феодалын нийгмийг санагдуулам. Ингэж хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, морь уралдуулдаг ярга манайхаас өөр хаана ч байхгүй.
Хурдан морины уралдаан бол дэлхийд хамгийн их мөнгө эргэлддэг спорт болж хөгжсөн. Энэ уралдаан хамгийн олон хүнийг татаж чаддаг, дандаа чинээлэг баячууд оролцдогоороо онцлог. Дэлхийн морин уралдааны шагналын нийт сан бараг дөрвөн тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Морин уралдааны бүтэн жилийн нийт бооцооны дүн 100 гаруй тэрбум ам.доллар байдаг гэсэн. Мэргэжлийн бэлтгэгдсэн, хурдны морь унах тусгай эрх бүхий унаачтай. Тэр нь мэдээж насанд хүрсэн хүн байна. Судалгаанаас харахад мэргэжлийн унаачийн жилийн цалин 120 гаруй сая төгрөгтэй тэнцдэг юм билээ. Ерөнхийдөө морин спорт дэлхий дахинд хүчээ авсан. Ази тивийн хувьд Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Хонгконг зэрэг орнууд арай хол тасраад байгаа. Морин уралдаан хөгжсөн улсын эдийн засагт морин спортын үр өгөөж асар их жин дардаг. Тухайлбал, АНУ-д энэ салбар 1.4 сая гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Улсынх нь эдийн засагт тусч буй шууд нөлөө нь 40 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. Ингээд харахаар хурдан морины уралдаан нь улсдаа өндөр ашиг өгдөг спорт болж хөгжсөн байгаа биз. Харин Монголд эсрэгээрээ, хамгийн хөгийн спорт болчихсон. Төр нь юм болгонд оролцдог зангаараа бас л морин спортод эрх мэдлээ тамгалчихсан. Дээрээс нь мориноос насанд хүрээгүй хүүхэд унагаж хөнөөдөг. 1996 оноос хойш өнөөг хүртэл 50 гаруй хүүхэд хурдан мориноос унаж нас барсан харамсалтай тоо яригддаг. Дэлхийн топ спортыг Монголд төр засаг нь хориглоод, ялтай шийтгэлтэй болгочихсон. Манайхан дэлхийн топ спортыг ийм л юм болгоод удлаа. Яагаад дэлхийд үр өгөөжөө өгөөд хөгжөөд байгаа зүйлс манайд яг энэ морин спорт шиг уруудаж доройтож улны зүйлс болдог юм бол гэж гайхаш тасрахаар. Уг нь үүнээс гарах зам бий шүү дээ. Үнэндээ төрд гарсан хөрөнгө мөнгөтэй улсууд өөрсдийнхөө хүсэл сонирхлыг тэргүүнд тавьж, унаач хүүхдүүдийн амийг юман чинээ бодохгүй байгаа болохоор хурдан морины уралдааныг спортын түвшинд хөгжүүлэхгүй байгаа юм. Тэд “Өнө эртнээс улбаатай хурдан морины уралдаан бол Монголын том өв соёл. Тийм болохоор энэ уламжлалаа үгүй хийж болохгүй” гэсэн халхавч дор төрийн наадамд хурдан морио цоллуулж, өөрийнхөө нэрийг мандуулах туйлын хүсэлтэй.
Одоо хэдүүлээ морин уралдаанаа өөрчлөх хэрэгтэй байна. Хамгийн эхлээд морь малаа эрлийзжүүлж бие хааг нь том болгоё. Сэрвээний өндөр үзэж, эрлийз морь байна гээд хасч хориглох биш, уралдуулдаг байя. Ингэсний дараа амьтны нялх үрсийг биш 16-гаас дээш насны хүнээр морь унуулдаг болгомоор байна. Дэлхийн морин спортын унаачид нь нас биед хүрсэн хэрнээ туранхай, жижигхэн биетэй, авсаархан улсууд харагддаг. Яваандаа унаачгүй морь уралддаг болж ч мэднэ. Арабууд хурдан тэмээгээ тохой хэртэй хэмжээтэй роботоор унуулдаг болчихсон байна шүү дээ. Бас манайхан хурдан морио уралдуулахдаа бараа нь үл харагдах газраас тавьдаг. Тэр олон морьд ухаан жолоогүй тоос манаргасаар 30-аад км газрыг бахардаж унатлаа туулна. Ихэнх нь замынхаа талдаа ч оролгүй тамир нь суучихдаг. Унаач хүүхэд нь морьтойгоо усан хулгана шиг болоод хөлс, шороотойгоо холилдоод шогшоод ирж байгааг харах тийм сайхан байдаг юм уу. Тэгэхээр хурдан морины уралдааныхаа зайгаа багасгая. Ер нь их насны морь уралдах зай 15 км байхад л хангалттай юм биш үү. Ингээд бичингүүт “Монгол морины тэсвэр байхгүй болно” гэцгээх байх. Өнөө цагт монгол морины тэсвэртэй байх ямар ч хэрэггүй болчихсон. Магадгүй 13 дугаар зуун байсан бол өөр л дөө. Монголчууд дэлхийд
ноёрхож байхдаа хүлэг морьдынхоо шандсаар л ялалтад хүрч байсан. Харин өнөө үед монгол адуу стратегийн амьтан биш шүү. Ийм болоод
300 жилийг үдсэн байна. Моторт хөлөг, буу шийдэм гараагүй байхад морь бол яалт ч үгүй стратегийн унаа байсан нь үнэн. Үүнийг манай төр зориуд мэдэхгүй байна гэж байх уу. Эсвэл мэдээгүй царайлж худлаа жүжиглэдэг юм уу. Ингэж тэнэглэж байдгаа болиод олон юмнаас татгалзмаар байна. Үүний нэг нь адууг стратегийн хамгаалал гэж боддог явдал. Төрийн тэргүүнээсээ өгсүүлээд жирийн хөдөлгөөний удирдагч нь хүртэл “Адуу бол стратегийн амьтан” гэж ирээд л шүтэх юм. Стратегийн унаа гэдэг чинь явж, явж дайны унаа, бас дайснаасаа зугтах хөсөг гэсэн үг байлгүй дээ. Одоо адуу унаад дайнд явна гэж бодоход ч ичмээр биз дээ. Бас нэг зүйл хурдан морьдынхоо давхих зайг хоёр дахин багасгаад 15-18 км болгох нь зөв. Тэгээд морь унаачаа 16-аас дээш насны иргэн болгож томруулаад тойруулгын зарчмаар уралддаг болбол аль морь нь яаж давхиж байгааг ард түмэн үзмээр л байна шүү дээ. Өөрийнхөө дэмжиж байгаа адуундаа бооцоо тавьдаг болж, дэлхийн жишигт аваачвал морин спорт жинхэнэ утгаараа хөгжиж чадна. Төр засаг зүгээр л хууль дүрмээ гаргаад өгчих л дөө.
Хөдөө очоод захын малчин айлд ороход “Төдөн хувийн цус орсон тэдэн хувьтай адуу” гээд л ярих юм билээ. Энэ нь эрлийз болж байгаа адуугаа л ярьж байгаа хэрэг юм. “Сая улсад уралдаад түрүүлдэг тэр үрээ 50 хувьтай. Сумын наадамд айрагддаг хонгор даага 75-тай” гэх маягаар хуучилцгаадгийг сонсож л байсан байх. Үнэхээр эрлийз адууны хувьд хэмжээг яаж тогтоодгийг нь бид мэдэхгүй. Хар ухаанаар бодоход монгол гүү, цэвэр англи, араб азарга хоёрын дундаас гарсан төлийг 50 хувийн цустай гэж тооцоод байх шиг. Хэрэв цэвэр англи гүү, 50 хувьтай азарга хоёрын дундаас гарсан унагыг 75 хувьтай гэж үздэг бололтой юм. Үүнийг биологийн ухаандаа яаж ч тогтоодгийг бид үнэндээ мэдэхгүй. Манай уяачдын л гаргаж ирсэн томьёо юм шиг байгаа. Монголд эрлийзгүй адуу гэж байдаггүй байгаа биз. Гэтэл манайхан сэрвээний өндөр хэмжинэ гэж нэг хачин юм бас зохиочихсон. Энэ дүрэм мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн адуунд үйлчилдэггүй. Хэмжээндээ багтахгүй байсан ч гэсэн уралддаг. Тэгэхээр нуруу сээр хэмжихээ болих хэрэгтэй. Зүгээр сайхан том биетэй эрлийз адуугаа насанд хүрсэн хүнээр унуулсан нь шулуухан. Дээр нь унаач хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигддөг гол харлам мэдээ өчнөөн дуулддаг. Хүүхдээр олон жил морь унуулахын тулд өсөлтийг нь зогсооход нөлөөлөгч тариа хийдэг л гэнэ. Хүүхдэд хоол өгөхгүй, өлсгөлөн байлгаж байгаад мордуулж байна ч гэх шиг. Энэ бүхнээс зайлсхийх шийдэл нь дээр хэлсэнчлэн 16-аас дээш насны хүнээр морь унуулж, морио чөлөөтэй уралдуулдаг болох. Яагаад гэвэл хөдөө нутагт залуучуудыг тогтоон барьж байгаа зүйл нь хурдан морь болчихсон нь худлаа биш. Тэд морио уяж, хурдлуулж баясч байна шүү дээ. Тэгвэл энэ хэдийгээ зугаатай байлгая л даа.
М.МӨНХЦЭЦЭГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn