Сүхбаатар аймаг: Долоон настай хүүхэд мориноос унаж хүнд гэмтжээ

236
Сүхбаатар суманд болсон хурдан морины сунгааны үеэр долоон настай хүүхэд мориноос унаж хүнд гэмтжээ. Хүүгийн хэд хэдэн хавирга хугарсан бөгөөд одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар хүүхэд хамгаалах хувцасгүй байсан байх магадлалтай байна. Мөн ердөө 20 гаруй морь давхихад 10 гаруй автомашин дагасан гэх мэдээллийг сунгаанд оролцогч уяачид хэлж байна.
Үндэсний их баяр наадам, Алтан овооны их тахилга гээд наадмууд ар араасаа үргэлжилнэ. Уяачид ч хэдийнэ морины уяагаа тааруулж, давхил сунгаанаа хийгээд эхэлжээ. Гэхдээ наадмын өмнөх жижиг давхил сунгааныг жинхэнэ уралдаан биш гээд хайнга үйлдэл гаргадаг, хэнэггүй байдал нь ийнхүү хүүхдүүдийн аюулгүй байдалд заналхийлсээр байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт 13 сумын уяачдын төлөөлөл, Цагдаагийн газар, ГБХЗХГ-ын удирдлагуудтай зөвлөлдөн хурдан морины уралдааныг олон тооны машин дагуулахгүй байх, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж иж бүрэн хамгаалах хувцсыг нь өмсүүлж хэвших уриалгыг гаргасан. Эдгээр санал, уриалгыг аймгийн удирдлагуудад танилцуулаад байгаа бөгөөд одоогоор ямар нэг шийдвэр албан ёсоор гараагүй байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.2-т хурдан морины уралдаанд уралдах морийг найм ба түүнээс дээш насны хүүхэд унах ба уралдаанч хүүхэд нь уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үед хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан эсэх болон стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэглэл хэрэглэж байгаа эсэхэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина гэж заажээ.
МОНЦАМЭ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn