Сүхбаатар аймгийнхан өдөрт нэг тонн сүү боловсруулах үйлдвэртэй боллоо

Өдөрт нэг тонн сүү боловсруулж, жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай сүүний үйлдвэрийг Сүхбаатар аймагт ашиглалтад орууллаа. Ингэснээр орон нутгийн иргэдийг эрүүл, стандартын шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах, малчдыг дэмжих, ерөнхий боловсролын сургуулиудад “Сүү” хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байна. Одоогоор цэвэршүүлсэн сүү, өрөм, элгэн тараг, зөөхий зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд цаашид нэр, төрлийг нь нэмэгдүүлэх аж.
Орон нутгийн есөн фермер нэгдэн, дундын хоршоо байгуулж, сүүгээ дээрх “Нутгийн сүү” үйлдвэрт нийлүүлж эхэлсэн гэнэ. Аймгийн ЗДТГ-ынхан үйлдвэрийг зэргэлдээх сум, орон нутгийнханд хүрч үйлчилдэг болгохын тулд урт хугацааны тогтвортой бодлого, хөрөнгө оруулалт шаардлагатайг дурдаад түүхий эдийн байнгын нөөц бүрдүүлэхэд малчид, фермер, дундын хоршоодын үйл ажиллагааг дэмжих нь чухал гэдгийг онцолсон юм.
Сүүний үйлдвэрийг “Сүхбаатар хөгжил” үйлдвэрлэл, технологийн харьяанд ажиллуулна гэдгийг тус паркийн гүйцэтгэх захирал Т.Ихбаяр хэлсэн. Тэрбээр “Сүүний үйлдвэрийг ашиглалтад оруулснаар өрх, сурагчид өглөө бүр шинэ сүү хэрэглэдэг боллоо. Аймаг 2025 оны хөгжлийн төлөвлөгөөндөө “Хүүхэд бүрд сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан” гэв.
Үйлдвэрийн барилгыг улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Орон нутгаас 160 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлсэн гэнэ. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас 200 сая төгрөгийн хөрөнгө оруулсан байна.
