Х.Болорчулуун: Хууль чангарснаар малын хулгайчид хумигдана

499

ИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас цаг үеийн холбогдолтой зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Гэхдээ манай улс гаднаас орж ирэх вирусийн тархалтаас сэргийлж, дотооддоо дэгдээлгүй барьж чадаж байгаа нөхцөлд сонгууль хойшлуулах ямар ч шаардлагагүй гэж үзэж байна. 
-Коронавирусийн тархалттай холбоотойгоор УИХ-ын хаврын чуулган цахимаар хуралдах гэж байна. Төрийн ордны танхимуудад гишүүдэд хуваагдаж суугаад онлайнаар хуралдаж хууль хэлэлцэн, батлана гэдэг мэдээлэл өгсөн. 4-5 танхимд хуваагдаж хуралдахад гишүүдийн идэвх, оролцоо хэр байх бол?
-Энэ өвчин дэлхий нийтэд маш хурдацтай тархаж байна. Тиймээс Засгийн Газар зайлшгүй авах ёстой арга хэмжээнүүдээ л авч хэрэгжүүлж байгаа. 
Онцгой нөхцөл байдлын үед парламентаас нэн даруй батлан гаргах ёстой хууль, тогтоомжууд олноор хүлээгдэж байна. Гишүүд танхимуудад хуваагдана, хоорондоо 1.5 метр зайтайсууна гэдэг нэг талдаа хэлбэр төдий харагдаж байгаа ч гишүүдийг бөөгнөрөл үүсгэлгүй тараан байрлуулж, халдвар тарах эрсдлийг бууруулж байгаа хэрэг юм уу даа.
Гэхдээ цахимаар хуралдах нь чуулганы танхимд суугаад асуудлыг хэлэлцэхээс өөр болов уу. Тус тусдаа танхимд, технологийн хараат байдлаар хуралдах нь. Ер нь би хувьдаа хуучин дэгээрээ, маскаа сайтар зүүгээд хуралдахад болохгүй зүйлгүй гэж бодож байгаа. 
-Өнгөрсөн намрын чуулганаар та нэр бүхий гишүүдийн хамт малын хулгайтай тэмцэх хуулийн төслийг боловсруулан, батлуулсан. Энэ хууль хэзээнээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн бэ? 
-Эрүүгийн хуульд малын хулгайн асуудлаар хуулийн цоорхой үүссэн байсан. Бид Үндсэн хуульдаа мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж тунхагласан ч малын хулгайч нарын толгойг илсэн хууль хэрэглэж байлаа шүү дээ. 
Миний бие орон нутгаас сонгогдсон гишүүдийнхээ хамтаар хуулийн энэ цоорхойг бөглөх төсөл санаачлан өргөн барьж, энэ оны нэгдүгээр сард батлуулсан. Хууль хоёрдугаар сарын 14-нд Төрийн мэдээлэл эмхтгэлд нийтлэгдсэн. Ингээд хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна.
-Малын хулгайн шийтгэлийг хэрхэн чангаруулсан бэ?
-Аливаа хулгайн гэмт хэргийн улмаас 300 мянга буюу түүнээс дээш төгрөгийн хохирол учирвал эрүү үүсгэдэг. Гэтэл малын хулгайд эсрэгээрээ. Хулгайлсан малын тоо найман бод, 24 бог хүрээгүй л бол “цөөн тооны мал хулгайллаа” гэж үзээд 10-30 хоног нийтэд тустай ажил хийлгэх зэрэг Зөрчлийн хууль мэт шийтгэх зүйл заалтуудтай байлаа. Шүүхийн практикаас харахад, ихэнх тохиолдолд нийтийн ажил хийлгэх ял оногдуулдаг, малын хулгайч нар хэд хоног цас цэвэрлэж, газар шорооны ажил хийсэн болоод л ялаас мултарчих нь түгээмэл байсан юм.
Иймээс юуны өмнө малын хулгайн зүйл ангиас “нийтэд тустай ажил хийлгэх” ялын сонголтыг авч хаялаа. Одоо ганц толгой мал хулгайлсан ч эрүү үүсгэж, зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай болсон.
Олон тооны малын шалгуур хэмжээг ч 3-4 дахин бууруулсан. Хоёр бод, найман бог буюу түүнээс дээш мал хулгайлвал олон тооны мал гэж үзнэ. 
Хуучин хуулиар зөвхөн "олон тооны мал”-ыг хүндрүүлэх нөхцөлд тооцдог байсан бол нэмэлт өөрчлөлтөөр бүлэглэж хэрэг үйлдсэн, хулгай хийхдээ машин механизм ашигласан, хулгайлсан малаа хил давуулсан, үүлдэр омог нь баталгаажсан гойд ашиг шимт мал хулгайлсан бол хүндрүүлэн үзэж, 2-8 жил хорих ял оноохоор болсон.
Түүнчлэн малын хулгайчдаас мах худалдан авч, борлуулсан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцдог болсон. Хулгайн малын мах борлуулсан иргэн, хуулийн этгээдийн 150-1,500 нэгж буюу 150 мянгаас 1.5 сая төгрөгөөр торгох заалт тусгагдсан. 
-Энэхүү өөрчлөлт хэрэгжсэнээр бодит үр дүн гарч эхэлж байгаа болов уу?
-Малын хулгайн гаралт эрс буурч байгаа гэсэн мэдээлэл байна. Хууль чангарсан, дээр нь коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор хөл хорио тогтоосон нь малын хулгайн гаралт буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг хууль сахиулагчид хэлж байгаа. Хууль чангарснаар малын хулгайчид хумигдана.
Орон нутгаар явж байхад, малчид хуулийн нэмэлт өөрчлөлтийг талархан хүлээж авч байна. Харин малын хулгайчид дагжин чичирч байгаа.
Хүний мал хулгайлсан этгээд хууль чангарсныг мэдээд буцааж өгсөн тохиолдол нэг биш удаа гарсан байна билээ. Энэ бол малын хулгайн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан нь байндаа туссаны илрэл юм. 
А.НЯМ-ӨЛЗИЙ, IKON.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn