Роналду түүхэнд үзэгдээгүй том гэрээ байгуулжээ

12

ЭР-РИЯД, 2025 оны зургаадугаар сарын 27 /championat.com/.
 “Алтан шаахай” шагналыг таван удаа хүртсэн 40 настай Португалын довтлогч Криштиану Роналду Саудын Арабын “Аль-Наср” багтай спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүн бүхий гэрээг байгууллаа. Энэ тухай The Sun сонинд бичсэн байна.
Шинээр байгуулсан хоёр жилийн хугацаатай гэрээнд зааснаар, тэрбээр 492 сая фунт стерлингийн /575,6 сая евро/ орлого олно. Жилийн 178 сая фунт стерлингийн цалингаас гадна Роналду 24,5 сая фунт стерлингийн урамшуулал авах бөгөөд хэрвээ тус клубт хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн тоглохоор шийдсэн тохиолдолд уг бонус £38 сая болж нэмэгдэх ажээ.



Түүнээс гадна тэрбээр £33 саяар үнэлэгдэх “Аль-Наср” клубын хувьцааны 15 хувийг эзэмшинэ. Мөн Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний “Алтан шаахай” шагналыг хүртсэн тохиолдолд 4 сая фунт стерлинг, баг нь түрүүлсэн тохиолдолд 8 сая фунт стерлингийн шагнал авах ажээ.



Түүнчлэн Роналду Саудын Арабын компаниудтай сурталчилгааны гэрээ байгуулснаар £60 саяын нэмэлт орлого олох боломжтой. Түүнд 4 гэрийн үйлчлэгч, 3 жолооч, 2 тогооч, 3 цэцэрлэгч, 4 бие хамгаалагч үйлчлэх ажээ.   



Хөлбөмбөгчдийн дотроос Саудын Арабын “Аль-Иттихада” багт тоглож буй Францын довтлогч Карим Бензема, АНУ-ын “Интер Майами” багийн довтлогч Лионел Месси нар жилд 200 сая еврогийн цалин авдаг ажээ.
Роналду хөлбөмбөгчний замналдаа Аваргуудын лигт 5 удаа түрүүлж, Европын аваргаар шалгарч, Үндэстнүүдийн лигт хоёр удаа түрүүлж, Европын АШТ, Аваргуудын лиг, клубүүдийн ДАШТ-ий шилдэг довтлогчоор шалгарч байв. Тэрбээр албан ёсны тоглолтуудад нийтдээ 900-гаас дээш гоол хийсэн түүхэн дэх анхны хөлбөмбөгчин юм.  

Б.Адъяахүү
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn