Х.Наранцэцэг: Хүний эрхийг хангаж, хамгаалахад хамтын ажиллагаа маш чухал
Хүний эрхийг хангуулах чиглэлээр орон нутаг тус бүрт ХЭҮК-ын нэг референт ажилладаг. Харин тухайн ажилтан яг ямар ямар чиглэлийн ажил, үйлчилгээг үзүүлдэг талаар иргэд төдийлөн мэддэггүй. Тиймээс ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтны ажил болоод төр, ТББ-уудын хүний эрхтэй холбоотой үйл ажиллаганы талаар ХЭҮК-ын Сүхбаатар аймаг дахь референт Х.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтанд ирэх өргөдөл гомдлыг төрлөөр авч үзвэл ихэвчлэн ямар ямар гомдлууд ирдэг вэ?
-2021 онд Хүний эрхийн Үндэсний комиссын Сүхбаатар аймаг дахь ажилтанд хандсан иргэдийн гомдлыг эрхийн төрлөөр нь авч үзвэл хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, нийгмийн халамж хүртэх эрх, төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх, хөдөлмөрийн аятай, таатай нөхцөлөөр хангуулах, гэр бүлийн хүчирхийлэл, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт буюу ажлын байрны дарамтад өртсөн гэх гомдол мөн эрх нь хязгаарлагдсан хүмүүсээс Комиссын ажилтантай биечлэн уулзаж зөвлөгөө авах хүсэлтүүд өргөдөл гомдлын дийлэнх хувийг эзэлж байна.
-Ирж буй өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг юм бэ?
-Комисст ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон комиссын гишүүний бүрэн эрхийг хуульчилсан байдаг.Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, зөрчих нөхцөл бүрдүүлсэн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд шаардлага, зөвлөмж хүргүүлэхээр, Иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулах, Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 26.1.2-т заасан этгээдэд холбогдох хариуцлага оногдуулах тухай саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавихаар мөн талуудыг эвлэрүүлэн зуучлах, гомдол, мэдээлэл нь эрүү, зөрчлийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлдэг. Зөрчлийг арилгах үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд зөрчил арилгуулахаар гомдол, мэдээллийг шилжүүлэх, биелэлтийг шаардах, эрүү шүүлт явуулсан байж болзошгүй албан хаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт уламжлахаар хуульчилсан.
-Орон нутгийн онцлог байх л даа, иргэд өөрт тулгарсан асуудлаа бусдад хэлэх нь ховор, хаалттай байдаг гэж би хардаг. Энэ тал дээр таны бодол?
-Зарим хүний эрхийн зөрчлийн хувьд тийм зүйл ажиглагддаг. Жишээ нь гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогчийн хувьд бусдаас нуух, өргөдөл гомдол гаргаж, зөвлөгөө авахаас санаа зовох, татгалзаж өөртөө хаалт үүсэгдэг. Энэ төрлийн хүний эрхийн зөрчил бусад төрлийн хүний эрхийн зөрчлөөс ялгаатай нь далд үйлдэгддэг, давтагдаж, даамжирч байдаг. Хохирогч өрөө холбогдох байгууллагад хандахаас илүүтэйгээр хохирогчийн эргэн тойрны, анзаарч мэдсэн хүн бүр мэдээлэлдэг хүний эрхийн соёл тогтсон байх нь эргээд хохирогчийг эрсдэлд оруулахаас сэргийлдэг. Үүнээс харахад хүний эрхийг хамгаалахад хүн нэг бүрийн оролцоо чухал бөгөөд энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагад ажилласнаараа хүний эрхийг хамгаалдаг гэж явцуу ойлгож болохгүй. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд"хүний эрх хамгаалагч" гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хэлнэ” гэж хуульчилсныг санах хэрэгтэй. Иймд хүн бүр хүний эрхийн хамгаалагч байх боломжтой.
-Сүхбаатар аймагт хүний эрхийн ноцтой зөрчил хэр бүртгэгддэг вэ?
-Комисст хандсан иргэн бүрийн эрхийн зөрчил ноцтой бөгөөд онцгой анхаарал хандуулж, эрхийг нь хамгаалах нь бидний нэн тэргүүний ажил байдаг. Хүний эрхийг хязгаарласан, эрхээ эдлэх боломжгүй нөхцөл бүрдүүлсэн санаатай болон санаандгүй үйлдэл, эс үйлдэхүй бүр хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд амьд явах эрх нь эсвэл эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдсөн буюу таны чухал гэж үзсэн тэр эрхийн зөрчлийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэхгүй. Учир нь Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан бүхий л эрх ижил үнэ цэнтэй бөгөөд зөрчигдсөн тохиолдол бүр хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогддог.
-Орон нутгийн төрийн байгууллагын ажил, үйл ажиллагаа нь хүний эрхийн мэдрэмжтэй байж чаддаг уу. Үүн дээр хэн хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Төрийн үндсэн үүрэг бол хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах байдаг. Төр гэдэг өргөн хүрээний ойлголт мэт болов ч үүний ард төрийн чиг үүргийг хэрэгжүүлж, бодлого, шийдвэр гаргаж байгаа буюу хууль тогтоомж батлахаас эхлээд хэрэгжилтийг нь хангах хүртэлх бүхий л шатанд оролцож байгаа төрийн албан хаагчид, хүний эрхийн мэдлэг, мэдрэмжтэйгээр төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байна уу гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай болдог. Орон нутагт төрийн захиргааны байгууллагууд маань өөрийн чиглэлийн ажлаа нам гүмхэн хийж хүний эрхийн асуудалд хамааралгүй мэт хандлага гаргадаг нь ажиглагддаг. Үнэн хэрэгтээ хийж, хэрэгжүүлж байгаа тухайн байгууллагын үйл ажиллагаа нь хүний эрхийг хамгаалахад чиглэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг гэхэд хүний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар Хүний нийгмийн хангамж эдлэх эрхийг, Байгаль орчин аялал жуулчлалын газар гэхэд хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хүртээмжтэй, чанартай, нийцтэй, бодитой хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг байх жишээний.
-ТББ, ИНБ-ууд энэ тал дээр харьцангуй гайгүй байдаг байх тийм үү?
-Тэгэлгүй яахав. Хүний эрхийн хамгаалагчийн хувьд хүний эрхийн боловсролд суурилсан, асуудалд шуурхай, мэдрэмжтэй байж хүний эрхийг хамгаалах боломжтой. Тийм ч учраас өөрийн гишүүд болон нийгмийн гишүүдийн ашиг сонирхлыг хамгаалж төрийн бодлогод нөлөөлж, шахалт үзүүлэх чиг үүргийг ТББ, ИНБ-ууд маань үр дүнтэй хэрэгжүүлдэг гэж хардаг. Цаашид ч үйл ажиллагаа нь улам төгөлдөржинө гэдэгт итгэлтэй байгаа.
-Хүний эрхийг хангах чиглэлээр орон нутагт үгүйлэгдэж буй бодлого шийдвэр юу байна. Үүнийг хэрэгжүүлэх боломжтой юу?
-Дээр хэлсэнчлэн хүний эрхийг хангаж, хамгаалахад хамтын ажиллагаа маш чухал байдаг. Иймд төрийн байгууллагууд хүний эрхийн мэргэшсэн байгууллагын санал, зөвлөмжийг авч хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой. Комисс төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллахад хэзээд бэлэн байдаг.
-Тэгвэл тулгамдаж буй асуудал нь юу байна?
-Хүний эрхийн тулгамдсан, анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай асуудлаар Комисс хүний эрхийн Үндэсний байгууллагын хувьд зөвлөх эмч нь байдаг. Өөрөөр хэлбэл жил бүр үндэсний хэмжээнд хүний эрхийн оношилгоо хийж яаралтай эмчлэхгүй бол хугацаа алдах, анхаарал хандуулахгүй бол болохгүй хүний эрхийн асуудлыг тогтоож УИХ-д оношийг, эмчилгээтэй нь хүргүүлдэг гэж ойлгож болно. Үүнийг “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл” гэх бөгөөд жил бүрийн эхний улиралд багтаан хүний эрхийн асуудлаарх санал зөвлөмжийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлдэг. Ингэж хүний эрхийн тулгамдсан асуудлыг хөндөхдөө Комиссын стратеги төлөвлөгөө, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хийсэн хяналт шалгалт, судалгаа, иргэдээс Комисст гаргасан өргөдөл гомдол, Комиссын гишүүний шаардлага зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгмийн болон бусад байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, дүн шинжилгээ, Засгийн газар яам агентлаг болон бусад байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн боловсруулж хүргүүлдэг байгаа.
-Сургалт сурталчилгаа, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс бол Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага. Хүний эрхийг хөхиүлэн дэмжих чиг үүргийн хүрээнд сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тасралтгүй зохион байгуулдаг. Комисс 2021 онд 306 удаагийн сургалтаар 17954 хүнд 514 цагийн сургалтыг зохион байгуулсан байна.
-Ярилцлагын төгсгөлд танай байгууллагаас орон нутагт хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл өгнө үү?
-Яг одоогоор гэвэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Европын холбооны санхүүжилтээр"Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Архангай аймгуудад хэрэгжүүлж байна.Туслах малчдын хөдөлмөр буюу үндсэн болон туслах малчны хооронд хөдөлмөрийн харилцаа нэгэнт бий болсон ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин төдийлөн сайн хөгжөөгүй байна. Тухайлбал, үндсэн болон туслах малчны хооронд гэрээнд суурилсан албан харилцаанаас илүүтэй аман тохиролцоонд үндэслэсэн харилцаа давамгайлж үүнээс үүдэлтэйгээр туслах малчдын хувьд эрх, эрх чөлөө нь зөрчигдөх, хуульд заасны дагуу зохих эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа. Иймд тэдний нийгэм, эдийн засгийн асуудлыг тусгайлан судлах, улмаар хөдөлмөрийн гэрээ, урамшуулал, гэр бүлийн гишүүд, хүүхдийн нийгмийн хамгаалал, халамж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, оролцоог хангах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг эрхийг хангах талаар бодлогын зохих арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай болсон.
-Баярлалаа.