Д.Нандинцэцэг: Сургуулийн шинэ барилга хүлээгдэж байгаагаас шалтгаалан дөрвөн ээлжээр хичээллэж байна

203

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй сургуулийн шинэ барилгын ажлын явцын талаар тус сургуулийн захирал Д.Нандинцэцэгээс тодрууллаа.

-Эрдэнэцагаан суманд барьж буй сургуулийн шинэ барилгын ажил яг одоо ямар шатанд байна вэ?
-Улаанбаатар хотын Б.Алтаншагай захиралтай "Дэвшилт пропертиц"  ХХК улсын төсвийн 4.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажлыг 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэж байсан. Ажил 2020 оны 4 дүгээр сард эхэлсэн. Дүүргэлт нь 55 хувьтай,дотор тасалгаа өрлөг дууссан. Яг одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэйгээр барилгын ажил зогссон байгаа. Гэрээгээр 2021 оны 9 дүгээр сарын 1-нд ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой байсан.
-Зогсонги байгаагийн шалтгааныг гүйцэтгэгч талаас хэрхэн тайлбарлаж байна?
-Бидмэдээж байнга шахаж, шаардаж байгаа. БШУЯ дээр компанийн гүйцэтгэлийн гэрээ сунгагдахгүй хүлээгдсэн учир түр зогссон гэсэн. Одоогоор санхүүжилт нь 2,5 тэрбум төгрөг дутуу байгаа юм билээ. Харин хэдхэн хоногийн өмнө 2021 оны төсөвт гүйцэтгэлийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө нь сууж, улмаар гэрээ сунгагдсан гэх таатай мэдээ байгаа. Тэгэхээр удахгүй барилга угсралт гадна пасадны ажлаар үргэлжилнэ гэж аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас бидэнд мэдэгдсэн. Үлдэгдэл төсөв нь  2022 онд тусгагдах учир тухайн онд л бүрэн дуусах байх.

-Энэ хичээлийн жилд танай сургуульд хэдэн бүлэгт хэчнээн сурагч суралцаж байна вэ?
-Манайх 12 жилийн сургалттай. Одоо44 бүлэгт 1422 сурагч суралцаж байна. БШУ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан түр журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж,хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар хэвийн зохион байгуулж байна.Мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн хүн хоорондын зайг  баримтлах зөвлөмжийн дагуу нэг анги  бүлэгт  хичээллэх  хүүхдийн тоо 20+ -5 байхаар бүлэг үүсгэн зохион байгуулж байна. Бага ангийн сурагчид өдөрт сургалтын дөрвөн цаг, ахлах ангийн сурагчид өдөрт сургалтын 5-6 цагаас илүүгүй хугацаанд хичээллэж байна.
-Цар тахлын байдал сургуулийн орчинд  ямар байна,урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн хийж байгаа вэ?
-Сургуулийн орчинд халдвараас сэргийлэх тандалт хийх хариу арга хэмжээ авах багийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, хичээлд ирэх, завсарлах, тарах үеийн хөдөлгөөн халдвар хамгааллын дэглэм сахиулах, мэдээлэл бүртгэх  зэргээр коронавируст халдвараас сэргийлэх хариу арга хэмжээ авах ажлыг хэрэгжүүлж байна. Мөн хичээлийн байранд багш, ажилтан, суралцагчийг амны хаалттай нэвтрүүлж орох, гарах үед халууныг тогтмол үзэж, тэмдэглэл хөтлөн  суралцагч багш ажилтны өдөр тутмын ирц, эмнэлзүйн шинж тэмдгийн тандалт хийн ажиллаж байна. Хичээлийн байрны нийтийн эзэмшлийн талбайд зай барих тэмдэг тэмдэглэгээ, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөгөө, зөвлөмжийг байршуулж, мөн сургуулийн гадаад, дотоод орчинд цэвэрлэгээ,  халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж  хэвшиж байна.
-Одоо хичээллэж байгаа байрны яг бодит нөхцөл байдал ямар байна?
-Анги дүүргэлтийн тоо маш их байна. 480 хүүхдийн хүчин чадалтай байранд 1422 сурагч хүлээн авч зөвхөн хичээл сургалтын үйл ажиллагааг дөрвөн ээлжээр 20+5зарчмаар хичээллэж байна.
-БШУЯ болоод аймгийн БСУГ-аас гүйцэтгэгч компанийг аль болох шахаж  ажиллаж байгаа гэдэг. Шинэ барилгыг даруй  ашиглалтад оруулах  гол  шалтгааныг анги дүүргэлттэй холбон ойлгож болох уу?
-Нэг талаар тийм. нөгөө талаар олон жил болсон барилга мэдээж ужирч муудсан. Жил  ирэх тусам элсэх сурагчдын  тоо эрс нэмэгдэж, анги танхимын хүрэлцээ дутмаг, бүх коридорыг анги болгож хичээллүүлж байгаа. Ангийн сандал, ширээ, тоног төхөөрөмжийн хүрэлцээ маш муу, гурван ээлжинд орох өндөр эрсдэлтэй байгаа учраас шинэ барилгыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна.
-Мэдээж шинэ  байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр  олон давуу талууд бий болох байх?
-Тэгэлгүй яахав. Шинэ барилга ашиглалтад орсноор маш олон давуу тал бий болно. Жишээ нь, стандартын шаардлага хангасан лабораторийн анги танхимууд бий болно, анги танхимын хүрэлцээ нэмэгдэнэ, багшид ноогдох хүүхдийн тоо багасч нэг ангид суралцах сурагчдын тоо үндсэн нормдоо очно. Мөн хичээл сургалтаас гадуурх хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм. Одоогийн нөхцөлд олон зүйлээс шалтгаалан хичээлээс гадуурх үйл ажиллагаа зогсонги байдалд байна. Харин багш, ажилчдын тухайд тэд ажлын байран дээр өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх орчин нөхцөл сайжрах юм.  Ер нь тэгээд шинэ тохилог сургуульдаа орсноор сурагчдын идэвх, хандлага дагаад сайжирч, багш нар маань ч урам зоригтой сайхан ажиллана шүү дээ.
-Таны зүгээс холбогдох газруудад уламжлах хүсэлт юу байна?
-Сургуулийн барилгын барих үйл явцыг эрчимжүүлж, яамны зүгээс тухай тухайн ондоо шаардлагатай төсвийг хугацаанд нь шийдвэрлээд яваасай гэж хүсч байна. Ингэвэл хаа хаанаа хүлээлт үүсэхгүй шүү дээ. Бид ч эндээ давхар хяналт, шаардлагаа тавьж ажиллах болно. Ингэвэл барилга хугацаандаа ашиглалтад орж чадна. Тэгэхээр энэ бол ганц миний биш манай багш ажилчид, сурагчдын маань хүсэлт юм. Бидний зүгээс шинэ сургуулийг 2022 оны 6 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулах хүсэлтэй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn