Мэргэжлийн бус ч мэргэшиж яваа тайлбарлагч бүсгүй

419
Жил бүрийн 5 дугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог. Эл өдрийг тохиолдуулан аймгийн Угсаатны зүйн музейг зорилоо. Нэр, эрхэлдэг ажлаас нь илүүг мэдэхгүй Н.Одонцэцэг гэх бүсгүй бол миний зочин. Тэр музейд боловсролын ажилтан, тайлбарлагчаар ажилладаг. Тэр мэргэжлийн бус ч жинхэнэ мэргэшиж яваа тайлбарлагч бүсгүй.
Увс нутггийн уугуул, Дархан хотын суугуул иргэн Сүхбаатар аймагт бэр болон ирснээр огт төсөөлж ч байгаагүй ажилтайгаа холбогдсон гэдэг. Түүхийн багш, сэтгэл зүйч мэргэжилтэй ч энэ чиглэлээрээ ажиллаагүй. Ирээд удаагүй байхдаа жирэмсний амралттай хүний оронд түр хугацаагаар музейд ажиллах болж. Орных нь хүн ч ирлээ, Одноо ч ажлаа өгч. Гэвч түүнд яагаад ч юм эндээ л ажиллах юмсан гэсэн бодол үлдсэн гэнэ. Ингээд дахиад л ажилгүй болж, хүүхдээ харж гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэнэ.
Нэг өдөр Угсаатны зүйн музейн дарга Д.Ариундэлгэр залгаж түүнийг ажилдаа орохыг санал болгосон байна. Ингэхдээ бүр байнгын ажлын байрны санал тавьж. Баярласандаа гэрийнхээ гаднаас хар хурдаараа гүйн ирж байсан тухайгаа тэр дурсав.


Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей 10 танхим, 2500 гаруй үзмэртэй. Танхим тус бүрийн онцлог, үзмэр нэг бүрийн танилцуулгыг тогтоож, зорин ирсэн үзэгчдийн сэтгэлд нийцтэл ярина гэдэг амаргүй. Одноо ч энэ хэцүү замыг хоёр жил туулсан гэдэг. Сар хүрэхгүй хугацаанд тайлбарлагч, эрдэм шинжилгээний ажилтан О.Гандиймааг дагалдаж, цааш нь өөрөө бие даан суралцжээ. Ямар ч ховор нандин сайхан үзмэр байгаад түүнийг тайлбарлаж чадахгүй л бол тухайн үзэгчийн сэтгэлд нийцэхгүй. Үүнийг маш сайн мэдэж байсан болохоор тэр өдөр бүр хичээнгүйлэн суралцаж, үзмэр бүртэйгээ танилцаж, өдрийн хэд танхимуудаараа эргэлдэнэ. Хоёр жил ийм байдалтай байсны эцэст сая нэг үзэгчдийнхээ нүднээс чин сэтгэлээсээ баярлаж, талархсан, сэтгэл нь ханасан тийм харцыг олж харжээ.
“Эхний хэдэн сар орж ирсэн үзэгчийг гомдоох нь холгүй л гаргадаг байсан байх. Музейн тайлбарлагч бүх талын мэдлэгтэй байх ёстой юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Дээрээс нь үзэгчидтэй бас их холбоотой ч юм шиг. Зарим хүмүүс зүгээр л ярьж байгааг минь сонсож байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй, хальт хальт хараад л гараад явчихдаг. Харин зарим нь үзмэр бүрийн талаар дэлгэрэнгүй асууж, судалдаг. Тэр болгонд нь хариулна. Өдөр бүр ингэж мэдлэгийг минь тэлж, намайг хөгжүүлж байдаг болохоор би ажилдаа үнэхээр дуртай. Би мөнгөн урлалын танхимыг тайлбарлах үнэхээр дуртай. Яагаад ч юм энэ танхимд орж ирэхээр өөрийн эрхгүй огших сэтгэл төрдөг. Дэлхийн хаана ч байхгүй өв соёл, гайхамшиг энд л байдаг. Харамсалтай нь зарим хүүхэд төдийгүй томчууд үүнийг мэддэггүй юм билээ. Тэгээд би нэг л зүйлийг ойлгосон. Музейгээр ороод гарсан хүмүүст үүнийг л ойлгуулах ёстой юм байна гэж. Ялангуяа хүүхэд багачууд, бид чинь ийм мундаг өвөг дээдсийн үр сад шүү дээ гэдгээ мэдрээд, тэднээрээ бахархаад гараасай, цаашлаад энэ үйл хэргийг нь үргэлжлүүлэх юмсан, би ч гэсэн хийж чадна гэдэг итгэл найдвартай болоосой гэж боддог.
Музей хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх болсноор биднийг зорин ирэх хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Манайд өдөрт 200 орчим хүүхэд тогтмол ирдэг. Найз нөхөд, анги хамт олноороо ирнэ. Тэдний музейд хандах хандлага ч өөрчлөгдөж эхэлсэн нь ажиглагдаж байгаа. Ер нь бидний гаргасан судалгаагаар музейг жилд 2000 гаруй хүн тогтмол үздэг. Зорин ирэх гадны жуулчид ч байдаг. Гадныхны хувьд Дарьганга мөнгөн урлал болоод Сийлбэрийн танхимын модон оёдлын машин, эгшигт хайрцгуудыг шагшаад гардаг. Хүүхдүүдийн уулга алдаад, нүд нь сэргээд гарах, томчууд тэр тусмаа гадны жуулчид шагшин магтаад буцахыг харах л хамгийн их аз жаргал, кайф байдаг даа. Яг л ийм зүйлсээс эрч хүчээ авдаг.” гэж Н.Одонцэцэг ярьсан юм.

Музейн ажил хэцүү. Тэднийг хүнд нөхцөлд ажилладаг гэдэг.
“Манайх үндсэн орон тооноосоо цөөхүүлээ. Нэг хүн хоёр хүний ажил хийдэг тохиолдол ч бий. Ер нь л манайхан маш их ачаалалтай байдаг. Ялангуяа сан хөмрөгч нар маань байнга л үзмэртэй харьцаж байдаг болохоор тоос шорооноос эхлээд хүнд нөхцөлд ажилладаг. Тооллогын үеэр харшил нь хөдлөхгүй хүн гэж бараг л байхгүй. Нүүр гараар нь юм туурах ч тохиолдол бий. Хүмүүс музейн ажилчид зүгээр суугаад, хэдэн үзмэрээ хүнд танилцуулаад л сууж байдаг гэж ойлгодог. Тийм биш шүү дээ. Наад захын жишээ гэхэд үзмэр нэг бүрийн тодорхойлолтыг маш нарийн гаргах шаардлагатай байдаг. Нэг үзмэрийн тодорхойлолтыг хийхэд их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр 2500 гаруй үзмэрийнх ямар байх нь ойлгомжтой. Би ер нь ажлынхныгаа завтай байхыг нь харж байгаагүй. Бүгд л толгой өндийх завгүй байдаг. Харин миний хувьд ачаалал тэднээс арай бага. Сургалт сурталчилгааныхаа ажлыг гардан хариуцаад, давхар тайлбарлагчаа хийдэг. Мэдээж зав зайгаараа бусдадаа туслахыг, ажлаас нь хамжихыг хичээдэг. Хамт олон гэдэг нэг цул байх ёстой. Зөвхөн урдах урдах ажлаа хийчихээд амин хувиа хичээгээд байвал тэр байгууллагаас амжилт цухуйх ч үгүй шүү дээ. Үүнийг бүгд маш сайн мэддэг болохоор би хамт олноороо бахархдаг, бас тэднийгээ хайрладаг” гэдгээ ч тэр хэлсэн юм.
Н.Одонцэцэг 2015 оноос хойш музейд ажиллаж байгаа. Богино хугацаанд ажилласан болохоор ажлынхаа гоё сайхан, хүнд хэцүүг олон жил ажилласан бусдаасаа урьтаж ярих нь юу л бол гэж битүүхэн санаа алдаж байлаа.
Зүгээр дээ, яагаад дандаа олон жил ажилласан нь, дадлага туршлагатай нь, ахмад настай нь гээд залуус бид хойшоо суух ёстой гэж. Ажилласан цаг хугацаа чинь өөрөө түүх, туршлага. Залуучууд яаж ажиллаж байгааг харуулах ёстой шүү дээ. Чамаас үлгэр жишээ авах хүн бий, чиний яриагаар ажлын чинь талаар ойлголт нь өөрчлөгдөх нэгэн ч бий гэж би түүнийг зоригжуулна. Өмнө нь Д.Ариундэлгэр даргаас, манай Одноо ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, дайчин мундаг охин доо гэдэг үгийг хэд хэдэн удаа сонсож байсан юм. Өөрөө ч түүнийг тайлбар хийж байхыг нь хэд хэдэн удаа харж, дотроо битүүхэн хөөх гэж биширч билээ. Магадгүй энэ бүхэн түүнийг зорих шалтгаан болсон байх.
Музей бол бүх цаг үе, түүхийн гэрч. Музей бол насан туршдаа суралцах орон зай. Музей бол олон нийтийн судалгаа, боловсролын төв. Нээрээ л байнгын үзэгчийн хувиар ханддаг байсан би, дотор нь ажилладаг хүний хэдхэн цагийн яриаг сонсоод энэ бүх тодорхойлолтын зах зухаас сая нэг ойлгох шиг...
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn