СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМАНД ДӨРВӨН ХҮН АВТОМАШИНДАА УГААРТАЖ НАС БАРСАН ОСЛЫН МӨРӨӨР...

196

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд дөрвөн хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гараад байна. Тодруулбал,  Дарьганга сумын төвөөс хөдөө гэр рүүгээ явахаар замд гарсан таван зорчигчтой автомашин цасанд суусны улмаас дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн нь ухаангүй эмнэлэгт хүргэгджээ. Уг харамсалтай хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа юм. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. Иймд нэн шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй, бага насны хүүхдийг замд авч явахгүй байх,  УЦУОШТ, ОБГ, Цагдаагийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын өгч буй мэдээ мэдээллийг сайтар хүлээн авч, дагаж мөрдөхийг онцгойлон анхааруулж байна.

С.БАТХҮҮ: АВТОМАШИН НЬ ЦАСАНД СУУСНЫ УЛМААС АМИА АЛДСАН ДӨРВӨН ИРГЭНИЙ ХОЁР НЬ ХҮҮХЭД БАЙСАН

Уг харамсалтай ослын талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад С.Батхүү мэдээлэл өглөө.
        Тэрбээр "Энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 15:45 цагийн орчимд Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын утсанд тухайн аймгийн Дарьганга сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт таван иргэн автомашинд осгосон байдалтай, дөрвөн иргэн ухаангүй, нэг иргэн ухаантай байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тухайн автомашинд явсан нэг иргэнийг ойролцоох малын эрэлд явсан иргэн олж, айлд хүргэж түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Нас барсан дөрвөн иргэний хоёр нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэсэн юм.

НАС БАРСАН ДӨРВӨН ХҮНИЙ ГУРАВ НЬ ЭЭЖ, ОХИН, ХҮҮ ГУРАВ БАЙЖЭЭ

Дарьганга сумын таван иргэн 20 гаруй километрийн зайтай байрлах хөдөө гэр рүүгээ харихаар сумын төвөөс нэгдүгээр сарын 10-ний 23:00 цагийн үед гарчээ. Тэр өдөр цас их хэмжээгээр орж, шуурч байсан гэнэ.
             Орон нутгийн эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Тэр өдөр цасан шуурга болж, онцгой байдал зарлахаар хэмжээнд очсон байсан. Гэвч сумын Онцгой комиссоос ямар ч арга хэмжээ аваагүй. Сумын онцгой комисстой холбогдох утас гэж ямар дугаар байдаг нь ч тодорхойгүй. Сумын төвөөс гарлаа л бол утасны сүлжээ барихгүй. Аялал жуулчлалын томоохон бүс буюу Алтан-Овооны зүгт ч сүлжээ байхгүй. Харамсалтайгаар амиа алдсан хүмүүс Алтан-Овоотой ойрхон амьдардаг. Хэрэв утасны сүлжээ барьдаг байсан бол тэд сумын төв рүү хэл дуулгаад амьд гарах боломж байсан. Даанч тэд тэр их цасан дундуур явган хаашаа ч явж чадаагүй. Гэхдээ утасны сүлжээ барьсан ч сумын Онцгой комиссын утас олдохгүй, жижүүр нь жижүүрийн байрандаа байхгүй байсан байх. Хөдөөнөөс сумын Онцгой комисстой холбогдох тохиолдол өдрийн од шиг байдаг. Заавал ч үгүй сумын төвд байгаа ах, дүүгээрээ дамжуулж, гэр оронд нь очиж байж дуудлага өгнө. Иймэрхүү л нөхцөл байдалтай байдаг хүмүүс шүү дээ. Дөрвөн хүний амь эрсэдчихээд, сумаараа гашуудаж байхад ч нөхцөл байдал сайжраагүй, Онцгой комиссынх нь дугаарыг хэн ч мэдэхгүй хэвээрээ байна. Сум орон нутаг толгойлж байгаа хүмүүст хамгийн чухал зүйл нь иргэн нь байх ёстой. Дөрвөн иргэн нь амиа алдчихаад байхад юу бодож байгааг мэдэх юм алга.  Иргэдийн хамгийн их зорчдог газарт хээрийн штаб байгуулчихад л эрсдлийг бууруулна шүү дээ. Энэ саналыг сумын удирдлагуудад олон удаа хэлсэн. Хэн нь ч авч хэлэлцэхгүй байна. Ядаж сумын Онцгой комисс нь цас, зудтай үеэр сумын төвөөс гарч байгаа автомашинаа бүртгээд, гэр орон руу нь харьсан эсэхийг лавлаж байсан бол бид дөрвөн хүнээ алдахгүй байсан” хэмээн бухимдаж байлаа.
Мөн тэрбээр “Сумын төв рүү түлш, хүнсээ бэлтгэхээр хэдэн малаа хашаад ирсэн малчид гэр рүүгээ яарах нь тодорхой биз дээ. Тэнгэр онгойх сиймхийгээр нь гэр рүүгээ гараад явчихсан юм билээ. Талийгаач нарын өвөлжөө сумын төвөөс 20 гаруй километрийн зайтай байрладаг. Цасан шуурганы улмаас зам битүүрч, явах аргагүй болоод зогссон юм шиг байна лээ. Тэгээд машинаа асаалттай унтаад, угаартчихсан гэсэн. Албаныхан урьдчилсан байдлаар угаартаж нас барсан гэдгийг нь тогтоосон байна лээ” гэв.

МАЛЫН ЭРЭЛД ЯВЖ БАЙСАН МАЛЧИН УГААРТСАН ИРГЭДИЙГ ОЛОХОД ЖОЛООЧ НЬ АМЬД, БУСАД НЬ АМЬСГАЛ ХУРААСАН БАЙЖЭЭ

              Талийгаачдын сууж явсан автомашиныг малын эрэлд явж байсан Дарьганга сумын малчин олж, дуудлага өгчээ.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Малын эрэлд явсан малчин автомашин хараад давхиад очсон юм билээ. Цасанд суусан учраас тусламж үзүүлэх санаатай очтол жолооч нь дөнгөж амьсгаатай, зорчигчид нь ухаангүй байсан гэсэн. Автомашин дотор Дарьганга сумын малчин А болон арваннэгдүгээр ангийн охин, дөрвөн настай хүү, нөхөр нь, мөн хажуу айлын малчин эрэгтэй С зорчиж явсан юм билээ. Харамсалтай нь, А хоёр хүүхэдтэйгээ, хажуу айлын малчин С нар нь амьсгал хураасан байсан гэсэн. А-ийн нөхөрт анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэгт хүргэсэн иргэний биеийн байдал сайжирч, ухаан ороод байгаа. Азаар амьд үлдсэн ч эхнэр, хоёр хүүхдээ алдсан учраас маш хүнд нөхцөлд байгаа гэсэн. Төвийн эмнэлэг рүү аваад явсан сураг байна лээ. Тэднийг олсон малчин иргэн амьд үлдсэн ганц хүнийг нь айлын бараа харуулсан юм билээ. Тэгээд сумын төв рүү хэл дуулгаж, албаныхан очсон гэсэн. Тэднийг очиход дөрвөн хүн нь нас барчихсан, бие нь хөрсөн байсан гэсэн. Тэд гэртээ тун дөхсөн бөгөөд 3-4 километрийн л зайтай цасанд суучихсан байсан гэсэн” гэв.

ДАРЬГАНГА СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.ЗОЛБААТАР: ТАЛИЙГААЧ НАР УГААРТАЖ НАС БАРСАН 

         Бид уг харамсалтай осол болон нөхцөл байдлын талаар Дарьганга сумын Засаг дарга н.Золбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгмөөргүй байна. Нас барсан иргэдийн мэдээллийг өгөхийг ар гэрийнхэн нь зөвшөөрөхгүй. Тэд уг мэдээллийг гаргахыг хүсэхгүй байгаа. Малын эрэлд явж байсан малчин 15:00 цагийн үед “Дөрвөн хүн нас барж, нэг хүн ухаантай байна” гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу очиход хэдийнэ амьсгал хураачихсан байсан. Сумын Онцгой комисст өдөр бүр эргүүлийн жижүүр ажиллаж байгаа. Тухайн өдөр гарч байгаа жижүүрт ямар нэгэн дуудлага ирээгүй юм байна лээ. Хэрэв дуудлага ирсэн бол бид шуурхай ажиллаж, ослын газарт түргэн шуурхай очих боломжтой байсан” гэсэн юм.
Иймд иргэд та бүхнийг байгалийн онц аюултай үед холын замд гарахгүй байх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсөд, нутгийн зон олонд гүн эмгэнэл илэрхийлж байна. 

https://ergelt.mn/news/59/single/40913
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn