Цус ойртолт монголчуудыг мөхөлд хүргэх нь, Ерөнхийлөгч өө-II

417

Өгүүлэх энэ түүх 1960-аад оны үед болсон гэдэг. Тав дахь үеийн хамаатнууд хоорондоо гэр бүл болжээ. Тэр үед одоогийнхыг бодвол хүмүүс ураг төрлөө мэддэг байсан цаг. Гэхдээ амраг хос бие биедээ хайртай, “Хэрэв биднийг салгавал хамтдаа зугтана, амиа хорлосон ч яадаг юм” гэж сүрдүүлсэн тул хоёр талын аав, ээж нь “Дөрвөн үе өнгөрчихсөн юм чинь гайгүй байлгүй” гээд төдий л эсэргүүцэлгүй гэр орон бэлдэж, тусад нь гаргажээ. Тэд таван сайхан хүүхэдтэй болж, хүүхдүүд нь сэргэлэн, цовоо, цолгиун байгааг хүн бүхэн гайхан, ам уралдана.
Учир мэдэх хамаатан садан нь “Цусан төрлийн хүмүүс хоорондоо гэр бүл болбол тэнэг, өвчтэй, өрөөл татанхай хүүхэд төрдөг гэдэг худлаа бололтой. Эдний хүүхдүүд шиг сэргэлэн хүүхэд алга” гэх болжээ. Хосууд ч мөн тэгж боддог байж. Гэвч хүүхдүүд нь сургууль, соёлтой болж, амьдрал ахуйтайгаа золгосон ч нас ахихын хэрээр янз бүрийн өвчин илэрч, зарим нь хүүхэд төрүүлж чадахгүй, заримынх нь хүүхэд солир, оюуны хомсдолтой гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй төрөх болжээ. Өдгөө 80 насны босгыг алхаж буй Цэрэн (Нэрийг нь өөрчлөв) “Тэр үед бид ийм зүйл болно чинээ санаагүй. Хайртай, дуртайдаа, бас дөрвөн үе өнгөрчихсөн учраас гайгүй байх гэж найдаж гэр бүл болсон. Цаг хугацааг ухрааж болдогсон бол тэр үед хийсэн бүхнээ буцаахсан.
Охин маань “Ээж ээ, би та хоёроос болоод хүүхэдтэй болж чадахгүй байна” гээд уйлахыг сонсох хамгийн хэцүү байлаа. Ач, зээ нараас маань эрүүл саруул хүүхэд цөөхөн байна. Үйлийн үр хурааж байгаагаа тэгэхэд мэдээгүй юм” хэмээн ярьсан. Энэ бол цус ойртолтын хор хөнөөлийг амсаж буй нэгэн гэр бүлийн түүх. Энэ мэт цус ойртолтоос болж гэр бүл нь сүйрсэн, эсвэл амьдын тамд унасан олон жишээ дурдаж болно. Өөр нэгэн түүх өгүүлье. 
Хүн бүрийн анхаарлыг өнгө зүс, нэг нэгэндээ үзүүлэх хайр халамжаараа татдаг, аргаүй сайхан хос байжээ. “Үхэл л биднийг салгана” гэж нэг нэгэндээ төдийгүй үеийнхэндээ ам гарна. Харамсалтай нь тэднийг үхэл биш, “Хамаатан” гэх хувь заяа нь салгажээ. Эрэгтэй нь болох Н “Бид хамаатан гэдгээ мэдэлгүй бараг жил гаруй үерхсэн. Түүнийг надаас өөр аймагт төрж, өссөн болохоор хамаатан, садан гэх бодол ч төрөөгүй. Өвөө, эмээгийнх нь талаар бүр асуугаа ч үгүй. Тэгээд ч одоо цагт тийм зүйлс асуух хэтэрхий бүдүүлэг, бас хэн хэнийхээ амьдралд хошуу дүрж, удам судрыг нь мэдэх гээд байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс л асуугаагүй байх. Гэтэл хайртай бүсгүй маань элэнц өвөөгийн маань өргүүлсэн дүүгийн үр хүүхэд болж таарсан.
Үүнийг сүй хадаг тавих дээрээ тулсан, бүр бэр гуйхаар бэлтгэж байх үедээ мэдсэн. Үнэхээр амар байгаагүй. Зөрөөд, гөжүүдлээд, эсвэл хаа нэгтээ зугтаад бид амьдарч болох л байсан. Гэхдээ бид ирээдүйд төрөх үр хүүхдээ бодсон. Хэдэн өдөр уйлж, дуулж ярилцаад, хоёр тийшээ болсон. Хамаатнууд маань ч энэ явдлаас хойш ургийн баяр хийх болсон. Гэхдээ бид очдоггүй, аль болох бие биенээ харахгүй байхыг хичээдэг. Одоо тус тусдаа гэр бүлтэй болсон. Энэ явдалд бид хэнийгээ ч буруутгах билээ” хэмээсэн юм. Тэд ирээдүйгээ бодож, гэр бүл болохоос зайлсхийж чадсан бол Монголд өнөөдөр амин хувиа хичээж, бие биедээ хайртай гэх үгээр ирээдүй хойч үеэ үл тоон, өнөөдөр би л жаргалтай байхад бусад нь хамаагүй гэж ах, дүү, үеэл, хамаатан садан хүмүүс гэр бүл болох тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. Тэд гэр бүл нь эсэргүүцвэл өөр газар амьдраад, аав, ээж, ах, дүүгээсээ холбоогоо тасалчихдаг.
Бүр хамаатан гэдгээ мэдэхийг ч хүсдэггүй, мэдсэн ч тоодоггүй гэр бүлүүд олон байгааг эрдэмтэд хэлж байна. Гэвч манайд үүнд хяналт тавьдаг байгууллага, бүртгэлжүүлдэг газар байхгүй учраас ах, эгч дүүс, үеэлүүд, хамаатан хүмүүс хоорондоо гэр бүл болсон талаарх ямар ч мэдээлэл байхгүй. Харин цус ойртолт аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрч, энэ чиглэлд анхаарал хандуулах болсныг сануулсан эрдэмтдийн судалгаа бий. Урьд нь Монголын хүн амд цус ойртолт ямар хэмжээнд хүрснийг тооцоолж байгаагүй, тооцоолох боломж ч бүрдээгүй байж. Харин хүн судлаач эрдэмтдийн 30 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнгээр монголчуудын дундах цус ойртолт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг тогтоож, аймаг бүрт цус ойртолт их, бага хэмжээгээр оршиж байгааг төр, засаг болоод хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлдэг ч хоосон агуйд хашгирч байгаатай адил тоодоггүй, энэ чиглэлд бодлого төлөвлөлгүй өнөөг хүрчээ. 
Хүн амын дотор цус ойртолт байгаа эсэхийг тогтоодог хамгийн энгийн арга бол уг нь угийн бичиг. Гэтэл угийн бичгийн аргаар цус ойртолт байгааг тогтоох боломжгүй болжээ. Учир нь, манайхан өвөө, эмээгээс дээшээ мэдээлэлгүй, угийн бичиг хөтөлдөг айлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсноос биш, өмнө нь бол өдрийн од шиг ховор байж. Ийм нөхцөлд угийн бичгийн аргаар цус ойртолтыг тогтоох боломжгүй. Иймээс эрдэмтэн Ж.Батсуурь, Э.Энхмаа нар хүн амын генетикийн тооцооллын аргаар Монголын хүн ам дахь цус ойртолтыг судалсан байдаг. Ингэхэд хүн амын дотор нийт цус ойртолтын коэффицент 0.0223-0.1105-ын хооронд хэлбэлзэж, дундаж нь 0.0651 байжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь нэг баг, сум, аймгийн хүмүүс хоорондоо генийн (удмын) сангийнхаа 2.23-11.05 хувь, дунджаар 6.51 хувиар цусан төрлийн холбоотой болсныг гэрчилж буй хэрэг гэнэ.  Мөн нийт цус ойртолтыг 100 хувь гэж үзэхэд шууд цус ойртолтын хэлбэр (ах, эгч, дүү, үеэр цусан төрлийн хүмүүс гэр бүл болсон) 97.24 хувийг, алсуур цус ойртолтын хэлбэр (нэг баг, сум, аймгийн хүмүүс хоорондоо суусан) 2.76 хувийг эзэлж байжээ. 
Хүн бүрийн генийн санд нөхцөл нь бүрдвэл өвчин болоход бэлэн муу шинжийн генүүд далд хэлбэрээр оршиж байдаг аж. Тухайн хүн хамаатан, садантайгаа гэрлэхгүй буюу цус ойртоогүй тохиолдолд энэ генүүд далд хэлбэрээр байсаар, насан туршдаа эрүүл мэт байна. Харин цус ойртвол муу шинжийн генүүд үр хүүхдэд нь ижилсэж, өвчин болж илэрнэ. Харахад цовоо, сэргэлэн юм шиг боловч нарийн мэргэжлийн хүний нүдээр харахад ялгаатай. Сэтгэн бодох чадавх, оюуны чадавх шаардлагад хүрдэггүй, амьдралаа авч явж байгаа байдал, хувийн зохион байгуулалт, алс ирээдүйгээ төлөвлөж байгаа байдал зэрэг олон зүйл дээр энэ дутуу гаж байдал нь илэрдэг байна. 
Түүнчлэн төрөлхийн согог, гажигтай хүүхэд олон төрж байгаа нь цус ойртолтоос шалтгаалж байгаа гэдгийг судлаачид онцолдог. Мэдээж төрөлхийн гажигтай төрөхөд архи, тамхины хэрэглээ, химийн бодис, хоол хүнс гээд олон шалтгаан, нөхцөл нөлөөлж болно. Гэхдээ 21 аймаг, нийслэл гээд Монгол орны өнцөг, булан бүрт ийм хүүхэд төрж байгаа нь үүнийг цус ойртолттой холбохоос өөр аргагүй гэдгийг эрдэмтэд онцолж байлаа. Тухайлбал, 2005 онд зүрх нь цоорхой, уруул нь сэтэрхий, тагнай цоорхой гэх мэт 10 төрлийн гажиг бүртгэгдэж байжээ. Харин сүүлийн жилүүдэд энэ тоо нэмэгдэж, мэс заслаар ч засах боломжгүй гажигтай хүүхэд төрөх болсон байна. Өөрөөр хэлбэл, илэрч байгаа хэлбэр нь хүнд болж байна гэсэн үг.
2005-2009 оны хооронд 4.5 жилийн бүрэн бус мэдээллээр улсын хэмжээнд 689 гажиг төрөлт бүртгэгдсэн байдаг. Үүнийг эрдэмтэд цус ойртолттой холбон судлахад Монгол орны уртраг, өргөрөгийн дагуу цус ойртолтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр төрөлхийн гажиг, согогтой төрөх хүүхдийн тоо өссөн хамаарал ажиглагджээ. Түүнчлэн энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж байгааг ЭХЭМҮТ-ийн мэдээллээс харж болно. 2015-2016 оны хооронд Монгол Улсад  төрөлхийн согог, гажигтай 1280 хүүхэд төрж, энэ нь шинээр төрж байгаа хүүхдийн 0.8 хувийг эзэлж байв. Үүнээс харахад, өмнө нь дөрвөн жилийн хугацаанд төрөлхийн гажигтай 689 хүүхэд төрж байсан бол  энэ тоо нэг жилийн дотор хоёр дахин өссөн үзүүлэлт ажиглагдаж байна.
Мөн оюуны хомсдлын түвшин нэмэгдэж, монгол хүн өвчлөмтгий болж, цаг бусаар эндэж байгаа нь ч цус ойртолтын үр нөлөө гэнэ. Энэ бүхэн монголчуудын дунд цус ойртолт ямар хэмжээнд хүрснийг хэлжбайна. Энэ чиглэлд төр засгаас онцгойлон анхаарал хандуулж, бодлого төлөвлөж, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхгүй бол болохгүй нь, Ерөнхийлөгч өө. Эрдэмтэд судлаад гаргаад ирчихсэн тоо баримт байтал хэдий бол нүд нь балай, чих нь дүлий явах вэ. 
Хүн амд тохиолддог бүх өвчнийг өвчний олон улсын X ангиллаар 19 том бүлэгт хувааж авч үздэг. Монголын хүн ам дээрх 19 бүлэг өвчин болон 32 төрлийн хорт хавдраар  өвдөхөд хүн амын доторх цус ойртолт хэрхэн нөлөөлж буйг бид газар зүйн уртраг, өргөргийн зурвас бүрээр тооцоолон гаргасан. 10 жилийн өвчлөл, нас баралтын мэдээллийг авч, цус ойртолттой холбоотой байна уу гэж судалж үзэхэд, цус ойртолт нөлөөлөхгүй байгаа өвчний бүлэг гэж алга. Хүн амын өвчлөл, эндэгдэлд нөлөөлж байгаа гадаад дотоод олон хүчин зүйл бий. Гэтэл үүний зэрэгцээ байх ёсгүй цус ойртолтын үзэгдэл бий болж, хэрээс хэтэрсэн түвшинд хүрсэн нь хүн амын өвчлөл, эндэгдэлд нэмэлт дарамт, ачаалал үүсгэж байна. Хүн амыг цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээг үндсээр нь авч  хэрэгжүүлэхгүй бол элдэв өвчлөл, эндэгдэл ч Монголоос салахгүй нь.
Үргэлжлэл бий...
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn