М.Идэрбат: Бичигт боомтыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарна
Сүхбаатар аймаг хилийн боомттой ч түүний үр ашгийг хангалттай хүртдэггүй. Энэ нь олон хүчин зүйлээс хамаардаг ч нэн тэргүүнд боомтын хөгжлийн асуудал хөндөгддөг. Боомтын нөхцөл байдал, үйл ажиллагаа нь бусад хилийн боомтуудаас хоцрогдсон. Тиймээс энэ жилээс боомтын хөгжилд анхаарч, үүгээр дамжуулж эдийн засгаа тэлэх ажил үйлчилгээг явуулж эхэлнэ гэдгээ аймгийн Засаг дарга М.Идэрбат хэллээ.
Мөн тэрээр, Бичигт боомтыг хөгжүүлэх талаар бид олон жил ярьсан. Гэвч ажил хэрэг болсон нь ховор. Тиймээс энэ жил үүн дээр онгцойлон анхаарч ажиллана. Аймаг, орон нутгийнхаа эдийн засгийг тэлэхэд анхаарч, энэ чиглэлээр хэрэгжүүлэх нэн шаардлагатай төсөл хөтөлбөрөө Засгийн газарт оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарт чиглэл болгосон. Энэ хүрээнд Эдийн засаг хөгжлийн яам, Хилийн цэргийн Ерөнхий газар, Сүхбаатар аймаг гэсэн гурван талаас хамтарсан ажлын баг Бичигт боомтод ажиллана. Эндээс боомтын хөгжлийг хурдасгах талаар олон санал санаачилга гарна гэж найдаж байгаа. Нэн тэргүүнд бид боомтоор чингэлэгт тээвэр хийдэг болох зорилтыг тавих болно. Үүний тулд хөрөнгө оруулалт татах шаардлагатай учир судалгаа, олон талын уулзалтуудыг хийгээд эхэлсэн гэв.