“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, эрэгт байрлуулжээ

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 33 жилийн дараа татан гаргаж, эрэгт байрлууллаа.
Энэхүү ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэй оролцсон юм.
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан аргачлал, технологийн дагуу усны гүнд анх удаа зохион байгууллаа.
“Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцны урт нь 43.3 м, өргөн нь 8.4 м, өндөр нь 5.7 м, жин нь 309 тонн юм. Нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байсныг нуурын гүнд, мандалд, эрэгт алба хаагчид татан гаргаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



