Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчид Зотол хан уулаа "Мон-Ураниум Ресурс” ХХК-д худалдсан гэв үү

382


-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын 19 төлөөлөгч 5-10 сая төгрөгөөр нутагаа худалдсан гэв үү-


           Эргэлт.мн мэдээллийн сайт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд хүн, малынхаа ундаа болсон таван голоо уул уурхайн компанид булуулж, ундны усгүй болсон талаар өмнө нь мэдээлсэн. Мөн Монголын хуулийн дээр "суусан" “Монгол Ураниум Ресурс”ХХК-ны хууль бус үйл ажиллагааны талаар таван цуврал сурвалжилга, нийтлэл бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Зотол хан уулын бэл хэсгийг худалдсан гэх тус сумын ИТХ-ын төлөөлөгчдийг онцолж байна.

ИРГЭД НЬ УНДНЫ УС ГУЙЖ, ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НЬ НУТГАА ЗАРЖ БАЙГАА ЮУ

            Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг MV-021459 зөвшөөрлийн бичигтэй “Монгол Ураниум Ресурс” ХХК зам тавих нэрийдлээр тус сумын газар нутагт дэвсгэрээс газар авчээ. Угтаа бол тухайн хэсэг газар зам тавих төслийг хэдий нь Төхөмийн уурхай санаачлан, батлуулаад байсан аж. Гэтэл өчигдөр буюу наймдугаар сарын 11-ний 10:00 цагийн үед “Монгол Ураниум Ресурс” ХХК-нд газар олгох эсэх тухай Эрдэнэцагаан сумын ИТХ хуралджээ. Хуралд оролцох ёстой  27 төлөөлөгчөөс 21 нь оролцсон байна. Тэдний найм нь цахимаар бусад нь өөрийн биеэр хуралд оролцжээ. Хурал ширүүхэн болж, “худалдагдсан” төлөөлөгч нар үг хэл, үзэл санаа хоршиж, газар нутгаа гэж дугарсан нэгнийхээ амыг тагласаар 10:00-18:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Энэ үеэр сумын тусгай хамгаалалттай байсан Бунхан тал орчмын тусгай зөвшөөрлийг цуцалж, тус компанид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байна. Өөрөөр  хэлбэл, хуралд оролцсон 21 төлөөлөгчийн хоёр нь газар нутгаа худалдахыг эсэргүүцсэн бол үлдсэн 19 төлөөлөгч нь зөвшөөрсөн байна. Тус бүс нутагт 110 километр автозам байгуулна хэмээсэн ч уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байгаа хэмээн нутгийн иргэд эрс эсэргүүцсэн байна. Түүх домгийн өлгий болсон Таван булшны хөндий, шүтлэг тайлгын сүмбэр Зотол хан уулын бэл зэрэг олон газрыг хамарсан учир "Өв соёл, түүх дурсгалыг минь авраач" хэмээн нутгийн иргэд уриалга гарган, жагссан ч үр дүнд хүрээгүй аж. “Монгол Ураниум Ресурс” ХХК-ны үйл ажиллагаа анхнаасаа хууль бусаар эхэлсэн гэдэг. Тодруулбал, Байгаль орчны улсын байцаагч М.Амарсүрэн орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлт хийж, сумын Засаг дарга асан Ө.Батсайхан АМГТГ-т хууль бус тодорхойлолт хийж өгснөөр тус компанийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Уншигч та санаж буй бол бид энэ тухай өмнө нь баримттайгаар нийтэлсэн билээ. Ард түмэн нь эсэргүүцээд байхад, үйл ажиллагаа явуулах эсэх нь шүүх, прокурорын байгууллагад шалгагдаж байгаа компанид газар олгосон ИТХ-ын төлөөлөгч болон нутгийн иргэдийн хооронд томоохон маргаан үүсээд байгаа аж.
Өөрөөр  хэлбэл, хуралд оролцсон 21 төлөөлөгчийн хоёр нь газар нутгаа худалдахыг эсэргүүцсэн бол үлдсэн 19 төлөөлөгч нь зөвшөөрсөн байна.

 

“УУРХАЙН ХҮСЭЛТИЙГ БАТЛАХАД ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙДАГ” ГЭНЭ ЛЭЭ

            Өчигдөр болж өнгөрсөн хурал, хурлын шийдвэрийн талаар нутгийн иргэн “Сумын засаг дарга Г.Эрдэнэчулуун морины хөшөөн дээр очиж уурхайн хүмүүстэй замын асуудлаар уулзалт хийсэн байдаг. Гэтэл Усны тухай хуулийн 13.1.3-т заасан үндэслэлээр “Монгол Ураниум Ресурс” ХХК –ийн үйл ажиллагаа хаагдах ёстой байгаа. Мэргэжлийн хяналт, Прокурорын байгууллагыг хяналт шалгалт хийхээр ирэхэд Эрдэнэцагааны малчид элс, шавар малтаж, малын хөлийн орсон шавартай ус хүнсэндээ хэрэглэж байсан. Нэг малчин өрхийн худаг ширгэж 20 орчим километрийн зайнаас ус зөөж байгааг тэд нүдээрээ харсан. Гэвч хууль хяналтын байгууллагынхан ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Тэдний цаана ард иргэд л хохирч байгаа. Манай сумын ИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх нь мөнгөний өмнө бөхөлзсөн. Тэдэнд газар нутгаа аварч хайрла, авч үлд гэж мянга хэлээд нэмэргүй. Уул, уурхайн компаниас хүссэн газраа батлуулахын тулд 5-10 сая төгрөгөөр ИТХ-ын төлөөлөгчдийг худалдаж авдаг тухай сонсож байсан. Ийм ханш тогтсон гэдгийг манай нутгийнхан цөм мэднэ. Үнэхээр яах аа мэдэхгүй, хэнд хандах аа ойлгохгүй хэцүү байна. Төр засаг анхаарахгүй, төрийн байгууллагууд нь тоохгүй байна” гэв.
 Манай сумын ИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх нь мөнгөний өмнө бөхөлзсөн.

СУМЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРАА ЦУЦАЛЖ УУЛ УУРХАЙН КОМПАНИД ШИЛЖҮҮЛСЭН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАР ХЭН БАЙВ

   Эрдэнэцагаан сумын ИТХ нь зургаан байнгын хороотой аж. Гэвч Хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны дарга, ИТХ-ын тэргүүлэгч гишүүн Ч.Адъяасүрэнгийн эсэргүүцлийг үл тоон тус шийдвэрийг гаргасан аж. Тэрбээр энэ талаар "Юун тулд энэ суманд зургаан байнгын хороо тогтмол үйл ажиллагаа явуулдаг юм гэдгийг ИТХ нь өөрөө ойлгохоо больчихсон байна. Хөдөө аж ахуй, байгаль орчин хариуцсан байнгын хороогоо сонсохгүй бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж байгаад яадаг юм. бүгдээрээ мөнгөнөөс болж нутгаа худалдсан" гэв. Сумын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтаас нь гаргаж уул уурхайн компанид олгоход ИТХ-ын 19 төлөөлөгч дуу нэгтэй дэмжиж, хоёрхон төлөөлөгч уг хүсэлтийг түдгэлзүүлсэн байна.
             ЗӨВШӨӨРСӨН                                                ТҮДГЭЛЗҮҮЛСЭН
  1. Г.Эрдэнэчулуун “сумын Засаг Дарга”               1. Ч.Адъяасүрэн
  2. Б.Энхтуул            “сумын ИТХ-ын дарга”          2. С.Буянаасүрэн
  3. Т.Болортуяа
  4. Р.Саранцэцэг
  5. Л.Владимор
  6. н.Янжмаа
  7. Ш.Банзрагч
  8. Ж..Болдсүрэн
  9. М.Наранцогт
  10. С.Ариунаа
  11. Б.Амарбаясгалан “сумын ЗД-ын орлогч”
  12. Г.Эрдэнэчимэг
  13. Д.Энхжаргал
  14. О.Энхтуяа
  15. Ц.Сүхбат
  16. Г.Гантулга
  17. М.Амарсайхан
  18. н.Жаргалбаяр
  19. Д.Эрдэнэтуяа
 
 
https://ergelt.mn/news/59/single/12859
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn