Сар хүрэхгүй хугацаанд УИХ хөрөнгө оруулагчдыг үргээх хоёр хууль батлав

104

Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад гуравхан сарын хугацаа үлджээ. Үнэндээ чуулган 7 хоногийн пүрэв, баасан гаригт арай гэж ирцэндээ хүрч хуралдаж байна. Байнгын хороо, чуулганы ирц хууль батлах хэмжээнд хүрэхгүй УИХ-ын дарга нэлээд ууртай яваа сурагтай.
Сонгууль дөхөж, гишүүд тойрог руугаа гүйдэлтэй болоод удаж буй. Ажлаа тайлагнах нэрээр дахин сонгогдох сурталчилгаагаа хийж яваа нь ойлгомжтой. Чуулган хуралдаж байгаа нэртэй ч зарим гол хуулиудын ач холбогдол, цаашдын нөлөөг үл харгалзан шууруулан баталж байна. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гэх мэт. Баталсан зарим хууль нь сонгууль угтаж ард түмэнд таалагдах ч алсдаа улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж ч мэднэ. Тухайлбал, дөрөвдүгээр сард баталсан хоёр хууль хөрөнгө оруулагчдыг дахин хүлээлт, эргэлзээнд оруулж орхив.
Хөрөнгө оруулалтын хууль дагасан попрол
Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганаар нэг өдрийн дотор Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд баталсан. Эл өөрчлөлтөөр гадаадын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулахтай холбоотой заалтыг хассан. Нийгэмд гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын газрыг 100 жилээр ашиглуулах гэж байна гэсэн мэдээлэл хүчтэй тарж, УИХ-д гадаадын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулахыг хориглох 100 мянган хүний дэмжсэн өргөдлийг өгсөн. Энэ хүрээнд хуулиас газар эзэмшүүлж, ашиглуулахтай холбоотой заалтыг бүрмөсөн хассан байдаг.
Гэтэл бодит байдал дээр хөрөнгө оруулагчид газрын асуудал биш, татварын маргаан, хөрөнгө оруулалтын орчин, хуулиудаа уялдуулах, давхар утгагүй байх зэрэг олон асуудлыг сайжруулах хүлээлттэй байгаагаа илэрхийлж байсан. Хөрөнгө оруулалтын шинэ хуулийн төсөлд багагүй хүлээлт үүсгэж байсан ч энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд батлагдаж чадахаасаа өнгөрлөө. Хөрөнгө оруулагчид Монголын хууль, хууль тогтоогчдод дахин итгэл алдарч, хүлээлтэд буй.
Баялгийн сан нэрээр төр дээрэм хийх үү
УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Сонгуулиас өмнө эрх баригч нам ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэв. Уул уурхайн баялгийг зөв зохистой ашиглаж, түүнээс олсон орлогынхоо тодорхой хувийг тусгай сангуудад хуримтлуулж, иргэд олон нийтэд тэгш хүртээх боломжийг бүрдүүлсэн нь сайн хэрэг.
Гэхдээ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдуулан өөрчлөлт оруулсан хуулиуд хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж эхлэв. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд сратегийн ордын 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшиж болох бүхий заалт орсон. Өмнө нь, төр хувийн хэвшил, гадаад хөрөнгө оруулалтаар хайгуул судалгааг нь хийсэн стратегийн ордын 34 хүртэлх хувийг эзэмших заалттай байсан. Харин төрийн мөнгөөр хайгуул хийсэн бол төр 51-ээс дээш хувь, цаашлаад 100 хувь эзэмшдэг байв. Тэгвэл төр заавал хөрөнгө гаргахгүйгээр стратегийн ордын 50 хүртэлх хувийг эзэмших заалттай болж байгаа нь хувийн аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулагчдад дарамт, том эргэлзээ болж магад. Мөн олон улсад ч ийм туршлага байхгүй учраас зарим хөрөнгө оруулагч хуулийн өөрчлөлтийг ойлгохгүй байх тал ч бий аж.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд “Аливаа этгээд дангаар болон болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамт эзэмших стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 20-оос дээш хувь эзэмшихийг хориглоно” гэж заажээ.
Уул уурхайн салбар банк биш байтал Банкны тухай хуульд оруулсантай яг ижил заалтыг Ашигт малтмалын тухай хуульд оруулж орхив. Салбарынхнаас, хөрөнгө оруулагчдаас санал авахгүйгээр ингээд шийдчихсэн нь дахиад хөрөнгө оруулагчдаа үргээх эрсдэл болов. Эхнээсээ олон хувьцаа эзэмшигчтэй байх нь стратегийн орд газруудын хэрэгжилт удааширч, төсөл гацах нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлтэй гэсэн тайлбар, шүүмжийг хэлж байх жишээтэй.
Монгол Улсын нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувийг гадаадын хөрөнгө оруулалт эзэлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтын 70-80 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт хийгддэг. Сүүлийн жилүүдэд хайгуулын салбар зогсонги, хөрөнгө оруулалтын орчин тодорхой биш байгаагаас гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан. Тухайлбал, 2023 онд гурван тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэний 80 орчим хувь Оюу толгой бүтээн байгуулалтыг дагасан хөрөнгө оруулалт байжээ. Шинэ хөрөнгө оруулалтжил ирэх тусам багассан байна. Нүүрс, зэсийн үнэ байнга өсөлттэй байхгүй нь мэдээж. Иймд Монгол Улс шинэ төслүүдийн хайгуул судалгааны ажлаа идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт татах нь нэн чухал баймаар. Гэтэл хууль тогтоогчид нь ойлгомжгүй, хоёрдмол утгатай хууль батлаад байвал Монголд үлдэх ч хөрөнгө оруулагч олдохгүй л болов уу. Эрх баригчдад сонгууль дуусна, амьдрал үргэлжилнэ гэдгийг сануулчихъя!

https://itoim.mn/a/2024/05/01/parliament/gcoскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn