“Монгол ноолуур–2026” дуудлага худалдаа Баруун-Урт суманд боллоо

ХХААХҮЯ, ХАА-н бирж, Монголын ноос ноолуурын холбоо хамтран зохион байгуулсан “Монгол ноолуур–2026” дуудлага худалдаа энэ сарын 29-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд амжилттай зохион байгуулжээ. Дуудлага худалдаанд Зүүн бүсийн гурван аймгийн малчид, хоршоодын бэлтгэсэн нийт 14 тонн ноолуур оролцож, үндэсний үйлдвэрлэгч компаниуд үнэ хаялцан худалдан авсан юм. Энэ үеэр ноолуурын хамгийн дээд үнэ 198 мянган төгрөгт хүрч тогтлоо.
Худалдан авагч талууд ноолуурыг урьдчилан ангилан ялгаж, чанарыг шалгасны үндсэн дээр сум, сумаар нь тусад нь дуудлагаар худалдаалсан байна. Тухайлбал, Сүхбаатар сумын малчдаас ирүүлсэн 1.2 тонн ноолуурыг “Гоёл кашмер” компани хамгийн өндөр үнээр худалдан авчээ. Бусад сумдын ноолуурын үнэ 193–195 мянган төгрөгийн хооронд хэлбэлзсэн байна.
Дуудлага худалдааны дараа малчид, хоршоод ХАА-н бирж болон тухайн худалдан авагч компанитай гэрээ байгуулж, ноолуурын мөнгийг дансаар шилжүүлэх нөхцөлтэйгөөр арилжаа амжилттай өндөрлөсөн юм.
Мөн арга хэмжээний үеэр үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнийхээ үзэсгэлэнг дэлгэн танилцуулж, хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, зөөврийн сууц, малын тэжээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан нь оролцогчид, иргэдийн сонирхлыг ихээхэн татлаа.