Т.Пүрэвхатан: Малчдын сэтгэл санаа маш хүнд байна

61

Энэ сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 4.7 сая мал хорогдоод байна. Үүнээс Сүхбаатар аймагт хамгийн их буюу 1.3 сая мал хорогджээ. Энэ талаар АН-ын дэд дарга, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Т.Пүрэвхатантай ярилцлаа.
-Зудтай хүндхэн өвөл тохиолоо. Таны хувьд хүнд хэцүү цаг үед зүүн аймгийн малчид, иргэдтэйгээ уулзаж, малчдадаа анхаарлаа хандуулахыг хүсэж, төр засаг, олон нийтэд үгээ хэлж байсан шүү дээ?
-Энэ жилийн зуд байгалийн гамшиг болчихлоо. 20 аймгийн 200 гаруй сумдад зуд боллоо гэх статистик гарсан байна. Тэдгээрийн дунд зүүн аймгууд илүү хохирол амссан. Би Хэнтий, Сүхбаатар аймгийн сумдад ажиллаж, малчидтай уулзаад ирсэн. 
-Малчдын нөхцөл байдал ямар байна? 
-Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Эрдэнэцагаан суманд хүнд нөхцөлд байсан. Баяндэлгэр сум улсын хэмжээнд малын тоогоороо дээгүүр ордог. Өнгөрсөн жил 460 гаруй мянган тоо толгой мал тоолуулсан. Тэдгээрийн 60 орчим хувь нь хорогдсон байсан. Айлуудын хот харласан байдалтай. Зам харгуй хэчнээн гаргасан ч бид 40 км зам 10 цаг яваад, 240 литр түлш зарцуулж байж очсон. 
-Зуд, байгалийн гамшгаас хамгаалах хэрхэн урьдчилан сэргийлэх нь зөвхөн малчдын үүрэг мэт ярьж, бичиж байна. Гэтэл аймаг, сумд цаашлаад яамд ер нь хэрхэн бэлтгэлтэй байсан юм бол? 
-Би хөдөө өссөн. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг малчдын зохицуулж чадах хэмжээнээс давсан байна. Малчид хэдий хувийнхаа малыг маллаж байгаа ч тусгаар тогтнол, үндэсний өв соёлоо хамгаалж байгаа гэж хардаг. Тиймээс малчид руу чиглэсэн дорвитой бодлогыг гаргах хэрэгтэй. 
-Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймагт ажилласан гэж сонссон. Зүүн гурван аймгийн хувьд малын хорогдол ихтэй, малчдын зээлийг тэглэх асуудал олон нийтийн дунд талцал хуваагдал бий болгож байна. Таны хувьд малчидтай уулзаад ирлээ шүү дээ. Зээлийн асуудалд хэрхэн хандаж байна вэ? 
-Хот нь харлачихсан малчдын сэтгэл санаа маш хүнд байна. Мөн бүх малчин зээлийн асуудал ярьж байна. Учир нь бүгд малаа барьцаалаад зээл авчихсан байна. Гэтэл мал нь байхгүй болчихоор цаашаа хэрхэн амьдарч, банкны зээлээ хэрхэн төлөх вэ гэдэг асуудал тулгарсан байна. Нийт малчдын зээл 1.3 их наяд төгрөг юм байна. Өнөөдөр АН-ын бүлгээс эхний ээлжид малчдын зээлийн хүүг хойшлуулж, царцаах цаашлаад тэглэх ямар гарц, гаргалгаа байгааг судлаад, хуулийн төсөл санаачилж байгаа. Малчдын зээлийн жилийн хүү 18 хувь байдаг. Зээлээ урт хугацаагаар авдаг. Ийн ашиг олж байгаа учир банкууд эрсдэлийн сангаасаа нэг удаа малчдын зээлийг тэглэх боломжтой. Мөн малын индексжүүлсэн даатгалын компаниуд арга хэмжээ авч, нөхөн төлбөр өгөх нь зүй. Засгийн газар ч хариуцлага хүлээх хэрэгтэй. 
-Малчдад туслах олон аян зарлаж, тоглолт хүртэл хийлээ. Улсын төсвөөс ч олон тэрбум төгрөг зарцуулж байна.  Тэдгээр хандив, тусламж малчдадаа хүрч чадаж байна уу?
-Бүгд эрвийх дэрвийхээрээ дэмжиж байна. Гадаад, дотоодоос ч зээл тусламж их ирж байна. Гэхдээ яг газар дээрээ хүрсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Малчид нэг, хоёр шуудай хивэг ирсэн л гэж ярьж байна. УОК-ын хандив, зарцуулалт ил тод байх ёстой. Үүнийг ил, тод зарлах хэрэгтэй. 
-Зуд, байгалийн гамшгаас хамгаалах хэрхэн урьдчилан сэргийлэх нь зөвхөн малчдын үүрэг мэт ярьж, бичиж байна. Гэтэл аймаг, сумд цаашлаад яамд ер нь хэрхэн бэлтгэлтэй байсан юм бол? 
-Аймаг орон нутгийнхан, төрийн байгууллагууд нойр хоолгүй, чадах хэрээрээ ажиллаж байна. УОК-оос очсон өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгож байсан. Манай бүлгийн зүгээс Засгийн газрыг оройтож хөдөлсөн гэж харж байгаа. 11 дүгээр сард түлш, шатахуун тасалдсан. Тиймээс ямар ч арга хэмжээ авч чадахгүй байж байгаад малаа алдсан тохиолдол их байна. 
-Нэг сум, багт ямар хэмжээний тусламж хүрч байна. Тусламж байгаа онож байна уу?
-Эндээс ачихаар олон тонн ачаа хуваарилагдаад явж байна. Түүнийгээ аймаг, сум, өрх рүүгээ хуваахаар нэг өрхөд нэг боодол өвч, хоёр боодол хивэг очиж байна. Энэ нь шийдэл болохгүй байна. Малчдын дунд тулгамдаж байгаа хамгийн чухал хэрэгцээ нь зээлийн тэглэлт. Хоёрдугаарт, малжуулах хөтөлбөр. Хот нь харлачихсан малчдад малжуулах хөтөлбөр нэн тулгамдаж байна. Мөн түүхий эдийг боловсруулах үйлдвэр хэрэгтэй. Малаас гадна, малчдын эрүүл мэнд ч чухал. Хэнтий аймагт гэхэд өнөө, маргаашгүй төрөх гэж байгаа 68 ээж, байнгын эмнэлгийн хяналтад байдаг 200 гаруй ахмад настан байсан. Тэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байна. 
-Олон малчин өрх айлаар орж малчидтай нүүр тулан уулзсан хүний хувьд малчдын санал хүсэлтийг уламжлахгүй юу?
-2009 онд баруун аймгуудад зуд болсон. Тухайн үед бүгд хот руу орж ирсэн. Харин одоо малчид төрөөс малжуулах хөтөлбөр явуулбал малаа маллах хүсэлтэй байсан. Үнэхээр тийм арга хэмжээ авахгүй бол хот хүрээ бараадаад, зээлээд Prius аваад, таксинд явна гэсэн л юм ярьж байна. Тэгэхээр нөхцөл байдал хүндрэхээр л харагдаж байна. 

https://eagle.mn/r/124753
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn