“Цагаан залаат” уурхайн гүйцэтгэх захирал н.Адьяатогтох: 600 гаруй адуу манай уурхайн нүхэнд унаж үхсэн нь үнэн. Малчдын хохирлыг хэрхэн барагдуулахаа даргатайгаа ярилцаж амжаагүй байна

344


ЦАСАН ШУУРГАНЫ УЛМААС СҮХБААТАР АЙМГИЙН АСГАТ СУМЫН 36 МЯНГАН МАЛ ХОРОГДЖЭЭ 

       Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар сумын зааг буюу Асгат сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулдаг “Дорнын чулуулаг” ХХК-ийн Цагаан залаат нүүрсний уурхайн нүхэн адуу олноороо унаж, үхжээ. Тус уурхайн нүхэнд 20 гаруй айлын 600 гаруй адуу унаж, үхсэн гэх урьчилсан дүгнэлт гарсан байна. Ингэснээр ойролцоогоор өрх бүрээс 1-3 азарга адуу буюу нэг айл 20-60 орчим адуугаа алдсан байгаа юм. Тус сумаас ажлын хэсэг гарч, нөхцөл байдалтай танилцаж, уурхай дээр ажиллаж байгаа  аж. Ингэснээр уурхайн нүхэнд унаж үхсэн адууг гаргалцаж, малчдад им, тамгаар нь таниулж байгаа гэх. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас урьдчилсан байдлаар хэдий хэмжээний хохирол учирсан талаар Асгат сумын Засаг дарга Ц.Гансүхээс тодруулсан юм.

АСГАТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Ц.ГАНСҮХ: “ЦАГААН ЗАЛААТ” НҮҮРСНИЙ УУРХАЙ НЬ ЗАРИМ МАЛЧНЫ ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖААТАЙ 2-5 КИЛОМЕТРИЙН ЗАЙТАЙ

    Тэрбээр “Манай суманд хоёр өдөр хүчтэй цасан шуурга шуурсан. Шуурганы улмаас урьдчилсан байдлаар 36 мянган мал хорогдсон тоон мэдээлэл гарсан байна. Мөн шуурганаар уруудсан малчдын адуу манай сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дорнын чулуулаг” ХХК-ийн Цагаан залаат нүүрсний уурхайн нүхэнд унаж, үхсэн нь харамсалтай хэрэг болсон. Одоогоор малчид, уурхайн ажилчид 640 гаруй адуу гаргаж, малчдад таниулж байгаа. Мөн үнэлгээний байгууллага ажиллаж байгаа учир малчид хэдий хэмжээний хохирол учирсан болохыг малынхаа тоогоор гаргах үнэлэх боломжтой. Тус компани нь Ухсан нүхэндээ угаах үйлдвэр барихаар төлөвлөж байсан гэх. Гэхдээ одоогоор ямар ч үйл ажиллагаа явуулж, түүхий эдээ гаргаагүй байгаа. Манай суманд УИХ-ын хоёр гишүүн, аймгийн Засаг дарга ирж, нөхцөл байдалтай танилцсан” гэсэн юм. Харин малчдын хохирлыг “Дорнын чулуулаг” ХХК-ийнхан хэрхэн барагдуулах талаар тус компанийн Гүйцэтгэх захирал н.Адьяатогтохоос тодруулсан аж.
“ЦАГААН ЗАЛААТ” УУРХАЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ н.АДЬЯАТОГТОХ: ЗАХИРАЛ ГАДААДААС ИРЭЭГҮЙ БАЙГАА УЧИР МАЛЧДЫН ХОХИРЛЫГ ХЭРХЭН БАРАГДУУЛАХЫГ МЭДЭХГҮЙ БАЙНА
      Тэрбээр “Бид удахгүй Асгат сумын удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдалтай танилцана. Одоогоор уурхайд манай ажлын хэсэг гарч, малчдад тусалж байгаа. Одоогоор 600 гаруй адуу татаж гаргасан гэсэн. Тэдний хохирлыг хэрхэн барагдуулахыг мэдэхгүй байна. Ерөнхий захирал гадаадад байгаа учир ярилцаж амжаагүй гэсэн үг. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн утсаа салгасан юм.

АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЭНХМАНДАХ: ХАРИУЦЛАГАГҮЙ УУЛ УУРХАЙГААС БОЛЖ ХУРДАН УДМЫН ГУРВАН АЗАРГА АДУУГАА АЛДЛАА

     Асгат сумын нэгдүгээр багийн малчид уурхайн нүхнээс үхсэн адуугаар гаргаж байх үедээ олон нийтийн сүлжээнд нөхцөл байдлын талаар болон хариуцлагагүй уурхайн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгсөн байдаг. Тухайлбал, нэгдүгээр багийн аймгийн алдарт уяач Энхмандах “Хариуцлагагүй уул уурхайн ухсан нүхнээс болж гурван азарга адуугаа алдлаа. 70 гаруй адуугаа нэг өдрийн дотор алдсандаа харамсаж байна. “Цагаан залаат” нүүрсний уурхайн 4-5 метр огцом ухчихсан байна. Ухсан нүхээ тойруулаад тор, хашаа татах ёстой биз дээ. Манай багийнхны адуу тэр чигтээ уурхайн нүхэнд унаж, үхсэн байна. Дандаа бүдүүн гүүнүүд унаж, үхсэн байна. Их гомдолтой байна. Уйлаад ч явалтай биш. Инээгээд ч яах билээ. Амьдрахад хэцүү цаг болжээ” хэмээн гомдлоо илэрхийлсэн юм. Мөн аймгийн сайн малчин Жавхаа "Уурхайн нүхэнд хэчнээн адуу унаж, үхсэнийг мэдэж байгаад үлдснийхээ эрэлд явна. Уурхайн эзэд хариуцлагаа хүлээх эсэхийг мэдэхгүй байна. Малчдыг ингэж хохироож болохгүй. Өчигдөр нүхнээс амьд үхрүүдийг татаж гаргасан. Хоёр, гурван өдөр үхсэн малаа татаж, гаргалаа. Нэгдүгээр багийн малчдын бод мал тэр чигээрээ нүхэнд унаж, үхсэн байна" гэв.

“ДОРНЫН ЧУЛУУЛАГ” ХХК-ИЙН ЦАГААН ЗАЛААТ НҮҮРСНИЙ УУРХАЙ ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ

        Тус нүүрсний компани нь Асгат суманд хайгуулын лизенцтэй үйл ажиллагаа явуулж байгаад 2018 онд ашиглалтын лизенцтэй болж, таван километр урт, 4-5 метр гүнзгий нүх ухсан байна. Учир нь тус компани дотроо угаах үйлдвэр барихаар төлөвлөж байсан гэх. Тус уурхайгаас есөн сая тонн нүүрс олборлож, 10 жил ашиглахаар төлөвлөсөн байна. Гэвч тус компани нь хариуцлагагүй байсны улмаас ухсан нүхэндээ тор, хашаа татаагүй улмаас малчид ихээр хохирч, харамсаж байгаа юм. Малчид үнэлгээний компаниар малаа үнэлүүлж, хохирлоо барагдуулах ёстой ч компани ямар хариуцлага хүлээж, малчдын хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байгаа юм. Мөн уурхайн нүхэнд унаж үсэн адууны дэл, сүүлийг эзний зөвшөөрөлгүй явуулын хүмүүс хулгайлсан гэх зураг, бичлэг олон нийтийн сүлжээгээр гарч байв.

https://ergelt.mn/news/21/single/33385


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn