Сүхбаатар аймгийн малчин Б.Мөнхцэцэг: Таван азарга адуу, 50-аад үхэр сураггүй болж, 200 гаруй ишигнээс нэг нь ч үлдсэнгүй
-НАЙМАН ТУГАЛТАЙ ҮНЭЭ, ХОЁР ЧӨДРИЙН МОРЬТОЙ ҮЛДЛЭЭ-
Өнгөрсөн долоо хоногт баруун, болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, малчдад их хэмжээний хохирол учирсан. Тухайлбал, Хэнтий, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймгийн малчдын бог мал цасанд дарагдаж үрэгдсэн бол бод мал нь уруудаж, сураггүй болсон. Малчид өнөөдрийг хүртэл уруудсан малаа бүрэн олоогүй байгаа юм. Мөн цасан шуурганаар малдаа яваад сураггүй болсон иргэдийг Онцгой байдлын газрынхан эрэн хайх, аврах багийнхан эрлийн ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа. Бид цасан шуурганаар их хэмжээний хохирол амссан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын наймдугаар багийн малчин Б.Мөнхцэцэгтэй холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
-Урт хугацааны цасан шуурганы улмаас танай сумынханд их хэмжээний хохирол учирчээ. Танай нутагт хэдий хугацаанд цасаар шуурсан юм бэ?
-Бид ганцхан шөнийн дотор бүх насаараа хичээж, хөдөлмөрлөж, зүтгэж байж өсгөсөн малаа алдаж, хотоо харлуулчихаад сууж байна. Тохитой сууж ч чадахгүй хэцүү байна. Энэ сарын 19-ны 12:00 цагаас 20-ны 11:00 цаг хүртэл их хэмжээний цас орж, хүчтэй шуурсан. Цасан шуурганы дараа 30 минут орчим хүйтэн бороо орсон. Харин одоо /өчигдөр/ хүйтэн салхитай, хааяа тэрлэгний бороо шивэрсэн байдалтай байна.
-Саяны цасан шуурганаар танайх хэчнээн малаа алдсан бэ?
-Манайх энэ жилийн төлтэйгөө нийлээд 1500 орчим бог малтай байсан. Энэ жил 200 гаруй ямаа ишиглэсэн боловч нэг ч ишиг үлдсэнгүй. 200 хонь хурагласанаас 100 хүрэхгүй хургатай үлдсэн. Хурга, ишигтэйгээ нийлээд 300-400 мал цасанд дарагдсан байна.
-Үлдсэн хэд нь тэнхээ муутай байгаа байх даа. Зарим айл малдаа “Талын хар” хэмээх архи өгч байна лээ. Танайх ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид архи, хар цай өгөхөөс гадна гэрийн туурга, тэрлэг, гадуур хувцас гээд байгаа бүхнээрээ хэдэн малаа хучиж байна. Ихэнх нь бээрээд сэхэхгүй шинжтэй. Өнөөдөр хүүхдүүд сумаас ирж /өчигдөр/ үлдсэн хэдийгээ туугаад ойрхон бэлчээрт гаргасан. Өвгөн минь бод малынхаа сургийг гаргахаар хүүтэй хамт явсан. Сумаас хүүхдүүд ирсэн боловч маргааш хичээлтэй учир оройдоо буцна. Хаврын шалгалт эхэлж байгаа болохоор чөлөө авч болохгүй юм байна.
-Ойролцоогоор хэчнээн метр цас орсон болоод мал олноороо дарагдсан юм бэ?
-Бараг хоёр метр цас орсон байх. Жижиг машины цонх тэр чигтээ далд орсон байсан. Хүчтэй салхинд жижиг гэрээ даруулсаар байгаад авч үлдсэн. Энэ хаврын салхинаас ч хүчтэй байлаа. Бид цасан шуурга намдах шинжгүй болохоор нь 18:00 цагаас хойш шөнөжин хотондоо цасаар хэрэм барьсан. Гэвч мал нөмөр газар руу дайрсаар байгаад дарагдаж үхдэг юм байна. Хамаг хувцас нороод сүүлдээ хувцсаа ч даахаа больсон. Отроор явсан болохоор цув ч байсангүй. Том хүү өчигдөр эрэлд явсан гар утас нь холбогдохгүй байна.
-Шуурганд уруудсан малынх нь сураг гарсан уу?
-Таван азарга адуу, морьд, 50-аад үхэр сураггүй байна. Гаднаа найман тугалтай үнээ, хоёр чөдрийн морьтой үлдсэн. Хэзээ сураг нь гарах юм мэдэхгүй.
-Та хэдэн жил мал маллаж байна вэ?
-Манай өвгөн 70 хүрч байна. Би 60 нэлээд гарсан. Бид ухаан орсон цагаасаа аав, ээжийгээ дагаж мал малласан. Гэр бүл болоод 40 жил хамтдаа мал малласан байна. Бүх насны минь хөдөлмөр ганцхан шөнийн дотор үгүй болсонд байж суух газар олдохгүй юм. Манайх зургаан хүүхэдтэй. Хүүхдүүдээ хоолтой нь залгуулах гэтэл бүр хоолгүй болгож байгаа бололтой.
-Та хоёрыг 40-өөд жил мал маллаж байхдаа ийм хэмжээний хохирол амсаж байв уу?
-2008 оны зуднаар хоёр, гурван гуталтай үнээ, хэдхэн хоньтой үлдэж байсан. Хэчнээн азарга адуугаа тэр жилийн зуднаар алдаж байлаа. Тэр жил өвгөн өвчтэй байсан учир малаа айлд тавьсан байсан юм. Жилийн дараа бид малаа өөрсдөө өсгөөд овоо болж байтал дахиад байгалийн гамшиг нүүрлэж байгаа нь энэ.
-Танайх хэдэн онд сайн малчин болсон бэ. Морь уядаг уу?
-Манайх 2019 онд аймгийн сайн малчин болсон. Өвгөн минь жил бүр морь уядаг юм. Уясан морьд нь дандаа айрагддаг байсан. Сүүлийн жилүүдэд байтай л ирдэг болж дээ, насных юм байлгүй дээ.
-Танайх энэ жил отор хийсэн үү?
-Манай нутгаар ган ихтэй байсан учир чадлынхаа хэрээр оторлосон. Манайх аймгийн төвөөс хойш 80-90 километрт Баян-Өлзий гэх газар буусан. Гэтэл цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс болж малаа ихээр алдлаа. Өмнө нэг өдөр ийм олноор алдаж үзээгүй. Банзан хашаатай, нүүдлийн пүнзтэй байсан ч болсонгүй дээ.
-Сумаас нь хүмүүс ирсэн үү?
-Манайх хотныхоо цасыг бүрэн арилгаж амжаагүй байна. Хүүхдүүд энэ тэндээс нь ухсан байна лээ. Цасан доор хамаг мал дараатай хэвтээ. Зовлог нь хоноггүй өмхийрөх учир аймгийн хогийн цэг дээр бөөнөөр нь хаях гэж байгаа. Багийнхаа даргатай холбогдож чадаагүй байна. Энэ хаврын хоёр шуурганд нэлээд мал үхсэн. Түүнийгээ багийн даргадаа хэлээгүй.
https://ergelt.mn/news/21/single/33304