Х.Нямбаатарын жагсаалт: Хөрөнгө оруулагчдын тонож дээрэмдсэн хүмүүс хэн бэ?

197

ХЗДХЯ-наас өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой, одоо мөрдөн шалгах ажиллагаанд буй хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хүрээнд өгнө, хэрэг хянан шийдвэрлэх явцыг олон нийтийн хяналтын дор түргэвчлүүлэх зорилготой гэв. "Сүүлийн 10 гаруй жилд гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх үйл явц хэрээс хэтэрсэн төдийгүй үүнд хуулийнхан, улстөрчид хамааралтай" хэмээн зарлаж, Х.Нямбаатар сайдын дэлгэсэн жагсаалт: 
ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГҮҮД
  • Монголын Улсын иргэн О.Болд нь Японы иргэн Takahama Kenichi-тэй Монголд банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллахаар тохиролцон, "Ориентал капитал" компани, "Ориентал инвест" компани зэрэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниудыг үүсгэн байгуулж зохиомол байдлыг бий болгон хуурамч дансны хуулга, санхүүгийн тайлан гаргаж, Японы иргэнээс 4.2 тэрбум төгрөг залилсан. Хэргийг 2018 онд нээж, О.Болдод зургаан жилийн хорих ял оноосон.
  • Т.Гочоосүрэн нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, 2012 оны хоёрдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Палас" зочид буудлын 609 тоот өрөөнд байрлаж байсан Японы иргэн "Суруга" корпорацийн гүйцэтгэх захирал Хара Цунэакегийн орны матрас доор мансууруулах бодисыг байрлуулж, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн.  Хэргийг 2012 онд нээж, холбогдогчоор Т.Гочоосүрэн, И.Тэргэл нарыг цагаатгаж шийдвэрлэсний дараа давж заалдах шатны шүүхээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Эдгээр иргэд хувиараа бизнес эрхэлдэг болсон байна. Тухайн Японы иргэн сүүлд нас барсан учраас үр хүүхдийг нь хохирогчоор татах гэж байгаа аж.
  • Хятад улсын иргэн Ли Шао Минг "Болд төмөр ерөө гол" компанийн 53 хувийн хувьцаа эзэмшдэг байсан. Тус компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-008888 дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 онд Хятадын Хөрөнгө оруулалтын санд барьцаалан их хэмжээний зээлийг гаргуулан авч, бусдыг залилсан. Ли Шао Минг нь 2019 оны арванхоёрдугаар сарын 17-нд Монголын хилээр гарсан. Мөн нярав Г.Оюунсүрэн нь Хятадын банкнаас 317 сая ам.долларын зээлийг авахад дэмжлэг үзүүлж, хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийг завшиж бусдад хохирол учруулсан. Хэргийг 2022 онд нээж, холбогдогчоор Ли Шао Минг, Г.Оюунсүрэнг татаж, анхан шатны шүүхээс Г.Оюунсүрэнг 40 сая төгрөгөөр торгож, долоон сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарласан.
  • Б.Баяраа, С.Дэлгэрдалай, Ц.Цэдэн нар нь "BB&Т" компаниас 22.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг авах утга бүхий АНУ-ын Элчин сайдын яамны эдийн засгийн санхүү хариуцсан дарга Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй гэрээг үзүүлэн 430 м.кв талбайтай оффисын зориулалттай 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй объектыг Б.Баяраагийн нэр дээр шилжүүлэн авч бусдад барьцаалан шилжүүлж, гадаадын иргэнд их хэмжээний хохирол учруулсан. Хэргийг 2015 онд нээж, холбогдогчоор Ц.Цэдэнг татан 2017 онд 13 жилийн хорих ялаар шийтгэсэн ч давж заалдах шатны шүүхээс есөн жил болгож, 2018 онд гэм буруугүйд тооцсон.
ШҮҮХИЙН ШАТАНД БАЙГАА ХЭРГҮҮД
  • Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны удирдах албан тушаалтнууд нь ….газрын даргаар ажиллаж байсан М-ийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож бусдад давуу тал бий болгосон. Иргэн М нь "С" компанийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Ливан улсын иргэн МИ-ийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас "С" компанид их хэмжээний хохирол учруулсан. Хэргийн холбогдогчоор Монголын иргэн М-ийг шалгаж байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан хэрэг. Ливан улсын иргэн мэдүүлгээ өгч, шүүхийн шатанд байна.
  • Монгол Улсын нэр бүхий Ц, К нэртэй хүмүүс Хятадын иргэн В-гээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах нэрээр 5.3 тэрбум төгрөг, Ц, К нар нь Өмнөговийн Ханбогд суманд байрлах Гашуунсухайт, Ганцмод боомтын хооронд газар доогуур нүүрс тээвэрлэж, битүү туузан дамжуургын ажилд хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт гэж 22 тэрбум төгрөг, нийт 27.3 тэрбум төгрөгийг залилсан. Холбогдогчоор Монголын Ц, К, Б нарыг татаж, хурал нь зургаан удаа хойшлогдож, анхан шатны шүүхэд хянагдаж байна.
  • Гадаадын хөрөнгө оруулалттай "Х" компанийн таван хувийн хувьцаа эзэмшигч С, мөн компанийн таван хувийн хувьцааг эзэмшигч Г нар нь бүлэглэн "Х" компанийн ерөнхий захирал Хятадын иргэн В-ээс баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг залилан авч дансны гүйлгээ хийх эрх нээлгэсэн. Улмаар компанийн данснаас 2015-2016 онд С нь 111.5 мянган ам.доллар 238.3 сая төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан, мөн 2017 онд 325 мянган ам.долларыг "Х" компаниас "ноогдол ашиг хуваарилав" гэсэн утгатайгаар нөхөр Г -ийн дансанд шилжүүлж мөнгө угаасан гэв. Холбогдогчоор Монголын иргэн С, Хятадын иргэн Г нарыг татаж, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дээр хянаж байна.
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН ХЭРГҮҮД
  • Хятадын иргэн ХГ захиралтай "Ж" компани нь 2008-2012 оны хооронд үйл ажиллагаа явуулж олсон орлогыг аж ахуйн нэгжийн орлогын татварын тайландаа тусгалгүй их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн. Мөн Хятадын иргэн ХГ-ийн үүсгэн байгуулсан "С" компанийн 75 хувийг "Т" компанийн нэр дээр шилжүүлэхдээ Монгол Улсын иргэн Я, Б нар нь ХГ-ийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Албан тушаалтан Д нь "Ж" компанийн их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт нөлөөлнө гэж амлан албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон. Холбогдогчоор Хятадын иргэн ХГ, ХШ болон Монголын иргэн Б, Я, Д нарыг татаж, "Ж" компанийн нягтлан бодогч ХШ -т их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлээр 2013 онд нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 56.1 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсэн. Бусад холбогдогч нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэнийг тогтоох боломжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан.
  • Монголын иргэн Г нь ОХУ-ын иргэн П-ээс "А" компанийг худалдан авах зорилгоор хэлцэл хийх үед албан тушаалтан байсан Д нь хувьдаа болон бусдад давуу байдал бий болгож, ашиг олох зорилгоор Г-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт нөлөөлж, иргэг Б-ээр дамжуулан Г-ээс хахууль шаардсан. Улмаар 2011 онд нийт гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын авлигыг өөрийн төрсөн дүү Б-ын эзэмшдэг компанийн дансаар авсан байна. Холбогдогчоор Монголын  иргэн Д, Б, Г нарыг татаж, мөрдөн шалгах ажиллагаагаар авлига авсан үйлдэл нь тогтоогдоогүй байна. Ерөнхий прокурор байсан хүний төрсөн дүүгийн дансаар ороод гарсан.
  • ОХУ-ын иргэн П нь "А" компанийн захирлаар ажиллаж байхдаа Монголд үндсэн хөрөнгө худалдан авч, уул уурхайн ашиглалт олборлолт явуулах нэрийдлээр 30 сая ам.долларын санхүүгийн баримт материалуудыг бүрдүүлж их хэмжээний мөнгийг угааж, хувьдаа завшсан. Холбогдогчоор ОХУ-ын иргэнг татаж, мөрдөн шалгах ажиллагааны үед дээрх асуудал нь ОХУ-ын Москва хотын олон улсын худалдааны Арбитрын шүүхийн 2012 онд шийдвэрлэгдэж дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн.
АЖИЛЛАГААНД БАЙГАА ХЭРГҮҮД
  • Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хясан боогдуулах замаар Японы хөрөнгө оруулалттай "С" компанийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт эзэмшиж байсан 83 га талбай бүхий газраас өөрсдийн хамаарал бүхий иргэдийн үүсгэн байгуулсан "Н" компани болон "М" компаниудын нэр дээр нийт 32 га талбай бүхий газрыг эзэмшүүлж хахуульд авсан байж болзошгүй. Иргэн Т.Гочоосүрэн, И.Тэргэл нарыг дараагаар А.Г гэдэг хүний хамааралтай компани руу шилжсэн. Орон сууцны барилга баригдсан. Японы нэр хүндтэй компани барилга барьж байтал Монгол Улсын иргэд булааж авсан. Бид ийм хууль шүүхийн байгууллагатай байхаар яаж шударга ёс тогтох вэ. Японы компани дампуурч, эзэн нь нас барсан байдаг.
Газар эзэмшигч нарын талаар 2014 оны аравдугаар сарын 16-нд "М" компанийн нэр дээр 8.1 га газар, 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд "З" компанид 2.8 га, "Э" компанид 3.3 га газар, 2017 оны аравдугаар сарын 16-нд "С" компанид хоёр га газар, "М" компанид 23 га газар, "К" компанид 0.2 га газар, "Н" компанид 10 га газар, "С" компанид хоёр га, "У" сургуульд хоёр га газар, 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд "С" компанид 2.4 га газар, "Т" компанид 2.9 га газрыг тус тус шилжүүлсэн. Эдгээр хүмүүс төлбөрөө шилжүүлж авсан учраас буруутгахгүй.
  • "З" компанийн захирал Б нь Дорнод аймгийг Дэлгэрэх сумын нутагт ашигт малтмалын МY-01…дугаарын зөвшөөрөлтэй талбайд үйлдвэр шинээр барих, зам тавих, тээвэр, холбоо харилцааг сайжруулах, ашиглалтын талбайгаа өргөжүүлэх зорилгоор Ирландын Вант улсын иргэн М-ийн Малайзад бүртгэлтэй "G-Limited" компанитай 2015 оны долдугаар сарын 23-ны өөр "Хувьцаагаар хөрвөх өрийн бичиг баримтжуулах гэрээ"-г байгуулан 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан боловч гэрээнд заасан үйл ажиллагаагаа явуулалгүй, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан. Холбогдогчоор Монголын иргэн Б, Ц, Э нарыг татаж, Б нь 2019 онд хилээр гарч, орго зайлсан бол компаний захирал Э, нягтлан бодогч Ц  нарын үйлдлийг тусгаарлан 2022 оны есдүгээр сарын 6-нд шүүхэд шилжүүлжээ. Хохирогч иргэн Ирландын Вант улсын иргэн М би Н.Буянтогтох гэж хүнд 19 сая ам.доллар бэлнээр өгсөн энэ мөнгө байхгүй болсон. Энэ хүний хилийн хоригийг тавиулж, АНУ-руу гараад явчихсан.
  • Б гэдэг аймгийн Засаг дарга М нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гадаадын хөрөнгө оруулалттай "Э" компанитай 2021 оны долдугаар сарын 20-нд …. дугаартай 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх "Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулан бусдад давуу байдал бий болгосон байна. Холбогдогчоор Монголын иргэн М-ийг татан гэрээний дагуу орон нутагт 2021 он 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг "Х" НҮТББ-аар дамжуулан хийсэн нөхцөл байдал тогтоогдсон хэргийг шалгаж байна. Тэр нутагт нь нэр дэвших гэж байгаа нэг улстөрч "Э" компанийн лиценцийг цуцлуулах гээд туслахаа явуулсан байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь эхлээгүй байхад үйл ажиллагааг нь зогсоож байна.
  • Монгол Улсын иргэн Өмнөговь аймагт нүүрсний уурхай чиглэлээр холбогдох зөвшөөрлийг авах явцдаа "А" компанийн гүйцэтгэх захирал Н-ээс 6.3 тэрбум төгрөгийг авч, үүнээс 4.1 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон.
  • Монголын иргэн А-д холбогдох хэрэгт шүүх шинжилгээний эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд зориуд хуурамч дүгнэлт гаргасны улмаас гадаадын хөрөнгө оруулалттай "Б" гэдэг компанид 8.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Энэ хэрэг бас шийдэгдэхгүй байгаа.
  • Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцаж байсан Хятадын Б иргэн тус компанид  итгэл эвдэж, хуурах замаар их хэмжээний хохирол учруулсан. "Ж" компанийн гүйцэтгэх захирал Хятадын иргэн В-тэй Монголд нүүрс экспортоор гаргахаар тохиролцож, 2021 оны есдүгээр сард "Ж" компаниас нүүрс борлуулсан төлбөр авч, залилсан болохыг тогтоосон.Мөрдөн шалгаж, шүүхэд шилжих гэж байна.
  • Хятадын иргэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 51 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэн авч залилсан. Хятадын иргэн У иргэн С-ээс Дашинчилэн-Орхоны гүүр чиглэл болон Өлзийт-Мөрөн-Тариалан сумыг холбосон төгсгөлийг хийхээр 120 км замын концессыг хийлгэхээр Хятадын Хөгжлийн банк шаардлага хангах үүднээс Монгол дахь "С" компанийн 51 хувийн хувьцааны эрхийг түр шилжүүлэн, нөхөн олговор авах боломжтой гэж зохиомол байдлыг үүсгэж, залилсан. Ингэхдээ хотын төвөөс машинд суулгаж, хотын зах руу гарч хоёр хятад иргэн монгол иргэдийг ашиглан зодож байгаад гарын үсэг зуруулсан байсан. Энэ хэрэг гараад нэг жил гаруй болж байна.
  • Монголд үйл ажиллагаа явуулж байгаа махны үйлдвэрийн менежер ажилтай Хятадын иргэн С нь Монголын иргэнээс мах худалдан авч хамтран ажиллахаар нийт найман удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө авч залилсан.
зураг
 
:ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дээрх жагсаалтаас зарим нэг хэргийг зориуд онцлов. Тухайлбал, "Сүрүга Монгол"-той холбоотой хэрэг шийдвэрлэгдээгүй байгааг албаны эх сурвалж хэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хамаарал бүхий компани руу энэ компанийн хувьцаа шилжсэн. Түүнээс хойш ч хэд хэдэн удаа шилжсэн байна.
Х.Нямбаатар:
-"Сүрүга Монгол"-ын гүйцэтгэх захирлыг гүтгэсэн үйлдлийн дараа Г гэдэг хүний хамааралтай компани руу шилжсэн. "Сүрүга" бол Япон улсдаа нэлээд нэр хүндтэй барилгын компани байсан, Монгол Улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Ирээд дөнгөж С-1, С-2, С-3 гээд блокоо барьж байтал манайхан булааж авсан".
Мөн Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны дүү Макс Жонсонтой холбоотой хэрэг одоо хэр нь шийдэгдээгүй байгаа. Макс Жонсон нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт байх орд дээр хамтарч ажиллахаар бэлнээр 19 сая ам.долларыг н.Буянтогтох гэж хүнд өгсөн. Хуулийн байгууллага хэргийг шалгаж байхад шүүх хилийн хоригийг нь цуцлаад н.Буянтогтох нь АНУ руу явчихжээ.
Х.Нямбаатар:
-"Монгол Улсын иргэн Буянтогтох Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоноос хамтарч уул уурхайн үйлдвэрлэл явуулна гэж мөнгө аваад залилсан. Макс Жонсон өчигдөр хүртэл надтай уулзсан. Дэлгэр сумын нутаг дахь орд дээр хамтарч ажиллахаар тохиролцож, Буянтогтоход 19 сая ам.доллар бэлнээр өгч залилуулсан. Гэтэл Буянтогтоход тавьсан хилийн хоригийг тавиад явуулсан. Буянтогтохыг хилийн хоригоос гаргасан шүүгч Х одоо ажлаа хийж байгаа. Үүнийг Макс Жонсон хараад толгой сэгсэрч байна. 

Буянтогтох нь хилийн хоригоос гарсны маргааш нь Солонгосоор дамжин АНУ руу яваад алга  болсон. Одоогоор асуудал шийдэгдээгүй. Тухайн компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Эрдэнэбатхаан, нягтлантай холбоотой хэрэг өнөөдөр шүүхэд шилжиж байна. Үүнээс гадна н.Буянтогтохтой холбоотой олон өр, авлагын асуудлууд яригддаг. Арилжааны банкууд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний охин хүртэл энэ хүнээс мөнгөний авлагатай. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд өөрсдөө гомдол гаргаж, хохирогчоор асуугдсан зүйлгүй, их сонирхолтой. Бид ийм асуудлуудаа шийдэхгүйгээр цаашаа явахгүй. Мөнгө угаах терроризмтай тэмцэх үндэсний зөвлөлийг би ахалдаг.

Бид гадны иргэдийг хохироосон асуудлыг шийдвэрлэнэ, манай улсыг саарал жагсаалтаас гаргаач гэж бараг бөхийж суугаад гуйсан. Гадны иргэдийн хохироосон болон мөнгө угаалттай холбоотой ийм хэргүүдийг цэгцлэхгүйгээр бид хөгжихгүй. Ийм хүмүүсээс болж цаашлаад улс орноороо хохирч байна. Ийм байхад Монгол Улсад итгэж хэн хөрөнгө оруулах юм бэ. Өндөр хөгжилтэй улс орнууд бүгд гаднын хөрөнгө оруулалтаар л хөгжсөн байдаг. Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана. 

Энэ асуудлыг хөндөж эхэлсэнтэй холбоотой дугаар нууцалсан заналхийлсэн зурвасууд ирж байна. Гадаадын иргэнийг хохироосон асуудлуудыг хэвлэлээр мэдээлж, давхар олон нийтийн хяналтад оруулах гэж энэ мэдэгдлийг хийж байна".
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn