СҮХБААТАР: Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

288

Сүхбаатар аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг өчигдөр /2022.09.05/ зохион байгуулав. Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй ажлын талаар Онцгой байдлын газар, Боловсролын газар, "Дөрвөлж" ОНӨААТҮГ, ДБЭХС ТӨК-ийн Сүхбаатар салбар, ХААГ, БТСГ, Баруун-Урт сумын ЗДТГ, УЦУОШТ, Үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.
Тодруулбал, ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР: Өнгөрөгч долоо хоногийн гамшиг осол, аюулт үзэгдлийн мэдээгээр хээрийн түймрийн дуудлага 3, ослын дуудлага 1 иржээ. Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт гарсан түймрийг тус суман дахь Гал түймэр унтраах 47-р ангийн бие бүрэлдэхүүн болон сумын ЗДТГ-ын албан хаагчид ажиллаж унтраасан байна.
Боловсрол, шинжлэх ухааны газар: Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж хэвийн эхэлсэн талаар мэдээлэл хийв. Хичээл эхлэхийн өмнө Баруун- Урт сумын онцгой анхаарал хандуулах зарим нэгэн байгууллагуудад аймаг, сумын удирдлагууд ажиллаж, газар дээр нь зарим зохицуулалтыг хийсэн. Сүхбаатар аймгийн хэмжээнд 16 сургууль, 24 цэцэрлэг, Насан туршийн боловсрол, МСҮТ зэрэг байгууллагууд үйл ажиллагаа хэвийн эхлэв. Энэ сарын 2-ны байдлаар ЕБС-ийн сурагчдын ирц 96 хувьтай, СӨБ-ын танхимын ирц 84,6 хувьтай байна. Энэ жил нэгдүгээр ангид 1460 орчим хүүхэд орох төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 1450 хүүхэд бүртгүүлжээ.
"Дөрвөлж" ОНӨААТҮГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв. 2022-2023 оны бэлтгэл ажлын хүрээнд 85 ажил төлөвлөж, өчигдрийн байдлаар 62 ажил нь хийгдэж, төлөвлөгөөний биелэлт 73 хувьтай байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар Ундны усны цэвэршүүлэхийн төхөөрөмж нийлүүлэх ажил хийгдэж байна. Энэ сарын дунд гэхэд тоног төхөөрөмж нийлүүлэгдэж угсралтын ажил үргэлжилж явагдана. Энэ онд багтаж ундны усны цэвэршүүлэх төхөөрөмж ашиглалтад орох урьдчилсан төлөвлөгөөтэй байна.
ДБЭХС ТӨК СҮХБААТАР САЛБАР: 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хүрээнд 10 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөж 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Өндөрхаан Баруун-Уртын 110 квт засварын ажлыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд өглөөний 06:00-20:00 цагийн хооронд хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Биеийн тамир спортын газар: Бүх ард түмний спартикиад спортын төрлүүдээр явагдана. Үүнд Сүхбаатар аймгийн 196 тамирчин, 18 дасгалжуулагч, нийт 220 хүн 20 төрөлд оролцохоор бэлтгэл хангаж байна.
Хөдөө аж ахуйн газар: 2022-2023 өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв. Энэ жил аймгийн хэмжээнд 4,4 сая мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарчээ. Хадлан бэлтгэлийн тухайд нийт сумын нутагт 57 хэсэг салаад гарч 26.1 мянган га талбайд хадлан хадаж байна. МУЗГ-ын тогтоолын дагуу аймгийн аюулгүй нөөцөд 150 тн өвс 60 тн тэжээл бэлтгэнэ. Сумдын аюулгүй нөөцөд 80 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэнэ.
Дээрх тайлангуудын дараа аймгийн Засаг дарга М.Идэрбат дараах үүргийг өгсөн юм. Тэрбээр "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлийн зарим байгуулагуудад өгсөн байгаа. Бүх байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, үлдэж байгаа хоёр сарыг бүтээлчээр ашиглах шаардлагатай. "Дөрвөлж" компани халаалт дулааны өр авлагатай аж ахуй нэгжүүдээ ойрын хугацаанд бүрэн барагдуул. Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах үүрэг чиглэл өгсөн. Гэрээ хэлэлцээр хийгдэж ажил эрчимжиж эхэлж байна. Өвс бэлтгэх, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдсэн. Аравдугаар сард "Тэрбум мод" үндэсний арга хэмжээний хүрээнд мод тарих ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл хангахыг БОАЖГ-т анхааруулъя" хэмээн чиглэл өгөв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn