Хил дээр бүтээсэн "ГАЗРЫН ЗУРАГ"

581

Алтай таван богдын салбар уулс, түүний ай сав нутагт уулын түргэн гол, хадан хясаа, өвс мод гээд жигүүртний мөр ч үл үзэгдэм дагшин газарт гагцхүү хилчид л мөрөө үлдээдэг гэлтэй. Жинхэнэ эрийн шандас шалгахаас гадна эх орончдын сэтгэл зүтгэлийн нэгээхэн агшны дүр зургийг гагцхүү энд л буулган авч болдог байх гэж бодогдмоор. Энэ л онгон дагшин нутаг, зөвхөн хилийн зурваст амьдралынхаа 30 жилийг өнгөрөөнө гэдэг тэр бүрий хүнд тохиох тавилан биш.
Тэгвэл “Цэргийн хүн цагаан зээр хоёр нутаггүй” гэдэг үгийг ажил үйлсээрээ няцааж амьдарсан хүн бол Хайдавын Түвшинсайхан хурандаа. Ямартаа л хамт ажиллагсад, хилчид нь түүнийг “Газрын зураг” хэмээн нэрлэж байхав дээ. Энэ л газар нутагт 30 жил ажиллаж, ширхэг чулууг нь хүртэл таних болсон хурандаатай ярилцаж суухад эх орон, үндэсний аюулгүй байдал гэх сэтгэлийн зовнил юу юунаас илүүтэй мэдрэгдэж, бидний эх оронч сэтгэлгээ даяаршлын шуурганд аажим аажмаар алдагдаж байгааг ч сэтгэл зовнингуй өгүүлнэ лээ. Чингэхдээ “Үндэсний аюулгүй байдал хүнд байдалд орлоо, төрийн нууц хадгалах гэдэг зүйл байхгүй болж, төрийн залгамж чанар алдагджээ” хэмээсэн.
Цэргийн хүн нэг газраа 30 бүү хэл гурваас илүү жил ажилласан нь ховор учраас энэ тухай асуухад “Ажиллаж байхад өөр анги нэгтгэлд тушаал дэвшин ажиллах, гадаад дотоодын сургуульд явах санал ирж байсан. Би залуучуудаа дэмжээд явуулах санал хэлдэг байлаа” хэмээн өгүүлнэ. Яагаад гэхээр “Хэдэн хүүхдийнхээ ирээдүйг л бодсон. Олон газар дамжин явахаар хүүхдийн сурлага, төлөвшилд нөлөөлдөг учраас татгалзаж байсан. Тэгээд ч би хилээ хамгаалах гэж сургуульд нь сурч, тангараг өргөсөн хилчин шүү дээ” гэнэ. Энэ тухай насаараа Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт ажилласан А.Гонгор хэлэхдээ “Түвшээгийн хүүхдүүд бүгдээрээ манай сургуулиар дамжсан, сурлага хүмүүжил сайтай, спортод авьяастай хүүхдүүд дээ. Энэ бол аавынх нь нөлөө юм. Газар газар дамжсан офицерын хүүхдүүдийн сурлага төлөвшил бас ч сайнгүй байдгийг нуугаад яахав. Харин Түвшээ бол хүүхдүүдийнхээ ирээдүй, боловсролд анхаарч нэг насаараа л Баян-Өлгийд ажиллаж, амьдарсан хүн. Түүнээс түүн шиг шударга, ажил мэргэжилдээ үнэлэгдсэн хүн хаашаа ч дэвшээд ажиллаж болно” хэмээснээс харвал тэр яах аргагүй сайн аав, өрхийн сайн тэргүүн. Ингэж л үрсийнхээ ирээдүйн төлөө ажиллаж амьдарсан хурандаатай хөөрөлдөн суухад юу эсийг бодох сон билээ.
Ургийн хэлхээ, аавын захиас
Тэрээр өдгөөгөөс нэгэн жарны өмнө Алтайн салбар уулсын сүр бараа, тунгалаг Буянтын хөвөөнд эхээс төржээ. Орчлонд есөн хүүхэд төрүүлж өсгөсөн түүний эцэг Хайдав өөрөө 1939, 1945 оны дайнд оролцож, хил тогтоогоогүй үед хилийн асуудлаар баруун хязгаарт томилогдон ажиллаж, хятадуудтай уулзаж явсан гэдэг. Дайны дараа эцэг Хайдав Хужирбулан, Улаанхуаранд цэргийн алба хааж байгаад Баян-Өлгийн Цагаан нуурт албаа үргэлжлүүлэн хааж, тэндээсээ халагдан ирж байсан гэхээр нэгийг бодогдуулна. Харин Х.Түвшинсайхан 1978 онд аравдугаар анги төгссөн хүү аав ээжийнхээ хайр энэрлийн тэврээс Хилийн цэргийн командын ангид сурахаар аяны дөрөө авч байв. Ийм л ачлалын элгэн дээрээс анх удаа алс явж байгаа аравдугаар ангийн хүүд Хилийн цэргийн сургууль ёстой л цоо шинэ ертөнц байсан нь ойлгомжтой.
Сургуулийн босгоор давсан хормоос эхлээд бос суу, зэрэгц команд дор, карантинд 45 хонож, суралцах хугацаандаа хугацаат цэргийн алба хаагч шиг казармд өнгөрөөсөн гэдэг. Тэр хэдийгээр хайр халамжаас эр цэргийн хатуу чанга дэглэм дор ирсэн ч эрх танхи, ажил мэддэггүй нэгэн байгаагүй. Аав нь Ховд аймгийн Ойн ангид ажиллаж, Х.Түвшинсайхан тавдугаар ангиасаа ой мод үржүүлгийн газарт өөрөө мөчир суулгацаа бэлдэн суулгах зэргээр ажиллаж хөдөлмөрийн амт, хөлсний үнэ цэнийг ойлгожээ. Дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн олон аавын хүүтэй нэгэн команд дор хоёргүй сэтгэлээр нөхөрлөж, 1981 онд дэслэгчийн мөрдөс гялалзуулсан цэл залуухан боловсон хүчин хилийн зүг хүлгийн жолоо залсан.
Аав нь түүнд “Чи тангараг өргөсөн төрийн хүн, төрдөө шударга ажиллаарай” гэдэг үгийг захидаг аж. Өдгөө тэр ч үр хүүхдүүдээ аавынхаа энэ л захиасыг уламжлан захиж ирсэн. Түүний том хүү Т.Баярхүү АТГ-т хариуцлагатай алба хашиж байгаа бол мөн нэг хүү нь удам залгаж, Хилийн цэрэгт ажиллаж байгаа гээд тангараг өргөсөн хоёр ч хүү бий.
Том хүү Т.Баярхүү “Аав маань шударга хүн, өөрийнхөө карьерыг орхиж, насаараа зах хязгаарт ажиллаж амьдарсан. Үүний хүчинд л бид дөрөв өдий зэргийн эрдэм боловсрол эзэмшин, ажиллаж амьдарч байна” хэмээн ааваараа бахархангуй өгүүлнэ лээ. Түүний насны хань, дөрвөн сайхан үрийн эх Х.Оюунбилэг нэг ангид сурч байсан Ховд нутгийн унаган хүүхэд, Украйнд Хими, механикийн сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Хүнсний комбанитад лаборант, инженерээр ажиллаж байсан намтартай. Гагцхүү хувь заяаны эрхээр 1985 онд Х.Түвшинсайхантай гэрлэж, хилчин болжээ.
Хилийн чанад үнэ цэнтэй мэргэжил эзэмшсэн ч ийнхүү нэгэн насаараа хилчний ар гэр, сайн ээжийн үүрэг гүйцэтгэхдээ хүнсний нярав, залгагч, оёдолчин, ариун цэврийн зааварлагч, тогооч гээд хийгээгүй ажил түүнд байхгүй.
Х.Түвшинсайхан зургаан эрэгтэй, гурван эмэгтэй есөн хүүхдийн дунд нь онож төрсөн хүү. Зургаан эрэгтэй бүгдээрээ эр цэргийн алба хааж, тангараг өргөсөн бол өөртэй нь нийлээд гурван офицер бий. Түүний нэг дүү нь Хилийн цэргийн сургууль төгсөж, сүүлд Ерөнхий сайд асан П.Жасрайн бие хамгаалагчаар ажиллаж байгаад Тагнуулын газраас чөлөөнд гарчээ. Мөн хамгийн бага дүү нь Хилийн цэргийн тагнуулд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байна. Түүний нэг ах нь насаараа сурган хүмүүжүүлэх үйлсэд зүтгэсэн багш бол нөгөө нэг ах нь нэгэн насыг алтан шар замд өнгөрүүлсэн тээврийн жолооч. Мөн нэг эрэгтэй дүү нь жолооч гэхээр эдний удамд хоёр алтан шар замын эзэн байна. Тэгвэл том эгч нь эмч, дараагийн эгч нь барилгын салбарт ажиллаж, АИХ-ын депатутаар сонгогдож явжээ. Харин аливаа удамд аль нэгэн хүүхэд нь өндөр дээдсийнхээ голомтыг сахиж үлддэг жамтай учраас хамгийн бага эмэгтэй дүү нь өндөр дээдсийнхээ голомтыг бадраан Ховддоо аж төрж байна. Ийнхүү тэдний удам судрыг цухасхан дурдахад Хайдав хэмээх эцэг үр хүүхдүүдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлсний нэгээхэн жишээ харагдана.
Боломжоос зугтсан бодгаль
Зах зээлийн нийгэмд шилжиж, “Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” байв. Ийм л торгон цаг үед тэрээр отярдын төвд Хилийн албаны даргаар ажиллаж байв. Тухайн цагийн хамгийн үнэ цэнтэй алба бол энэ. Ангийн захирагчаас эхлээд аймгийн дарга, эвэртэн туурайтан бүгд түүнээс шалган нэвтрэх бичиг авахаас эхлээд бүхий л зөвшөөрөл мэдэлд нь байсан хэрэг.
Алмата руу нисэх буудлын боомт, Орос руу Цагаан нуурын боомт, Хятад руу Даянгийн боомт гээд гурван боомт Х.Түвшинсайханы мэдэлд байжээ. Казакстаны нүүдэл ч ид хөвөрч байсан үе юм. Өнөөх л ноолуур, спирт, ан амьтны гаралтай бүтээгдэхүүн гээд хилээр хориотой бараа гаргах гэсэн наймаачдын урт дараалалтай цаг.
Эд хөрөнгө, мөнгө төгрөг гээд түүнд амлаагүй зүйл байгаагүй ч тэр “Би хилээ юугаар ч худалдахгүй” гээд өнөөх л төрөлх араншин, аавынхаа захиасын дагуу ажиллаж ирсэн гэдгийг алба хаагчид нь дурсдаг. Хаалттай нийгмээс чөлөөт нийгэмд хөл тавьсан энэ үед хилийн байдал ч амаргүй байв. Тувагаас малын хулгайчид, олз хайсан хятадууд, монголчуудын хууль бус наймаа гээд амаргүй үед Хилийн алба, шалган нэвтрүүлэхийн дарга гэх албыг нэр төртэй хашсан.
Гурван боомт мэдэлдээ байлгаж байгаа хүн учраас хүмүүс “Түвшинсайхан бол нууц ноёнтон, хөрөнгө, мөнгөө цааш нь нуудаг” хэмээн хардана. Гэтэл өнөөх “Нууц ноёнтон” маань цалингийн зээл авч хүүхдүүдээ сургана. Ингэхдээ “Та нарт оюуны хөрөнгө оруулалт л хийнэ. Эд хөрөнгө өвлүүлж чадахгүй” хэмээн захиж сургаж ирсэн хүн. Энэ тухай ярихдаа “Би машин авч унаад яах юм, албаны машин байна, бүх зүйл албан хүрээнд өрнөж завгүй байхад надад өөр юу хэрэгтэй юм. Социализмын үеэс л баяжих боломж байсан ч бидэнд тийм бодлын нэгээхэн ч сүүдэр байсангүй” хэмээнэ. Би гэж ярих гавьяа дүүрэн энэ эрхэм ерөөсөө “би” гэж ярихгүй, дандаа л “бид”, “манай хилчид”, “манай ангийнхан”, “манай заставынхан” хэмээх нь түүний даруу занг илтгэнэ.
Заставын дарга
Анир буйдхан хилийн застав Монгол Улсын тусгаар тогтнолын нэгэн том баталгаа болон эгэлхэн оршино. Х.Түвшинсайхан ийм л нэгэн үнэ цэнтэй орчин, Дэлүүний заставт орлогчоор 21-хэн настай томилогдон очсон түүхтэй. Тухайн үед гурван жилийн цэргийн албанд гадаад дотоодод их дээд сургууль, техник мэргэжлийн сургууль төгссөн номтой бол номтой, бяртай бол бяртай залуус угтан авчээ. Арга ч үгүй, 21-хэн настай залуу дэслэгчид 20 насны босго аль эрт давж ажил, амьдрал үзсэн хал цэргүүд бол нэг талын нөмөр нөөлөг. Хамгийн наад зах нь хал цэргүүд газар нутгаа сайн мэднэ, байгалийнхаа араншин, унаж буй мориныхоо зан гээд тэдэнд мэдэхгүй зүйл үгүй. Энэ үед хэдийгээр “Номыг нь үзэж, нормыг нь биелүүлсэн” ч гэлээ Заставын орлогчид тэс өөр ертөнц байсан байх. Ийнхүү эгэл боргилын туйл харагдах хэдий ч эх орны сүр хүч, эгэл ардын хувь заяаг даатган орших заставын амьдралд юу юугүй л дасаж таарна. Х.Түвшинсайхан эндээс Даянгийн заставт ажиллахаар очиход аль эрт хал үзэж, халуун чулуу долоосон туршлага бүхий офицер болчихсон байв.
Заставын даргын морь, эдлэл хэрэглэл гээд бүхий л зүйлийг цэргийн гараар бий болгоно. Цэргүүдэд чадахгүй зүйл гэж үгүй. Тэд бүхнийг өөрийн гараар, хийнэ, хийж чадахгүй, мэдэхгүй зүйл гэж тэдэнд үгүй. Мал сүргээ адуулна, онгорхой цоорхойгоо нөхнө, хилээ манана, сааль сүүгээ боловсруулна гээд юу эс мундах билээ. Гагцхүү энэ бүхнийг Заставын дарга удирдан зохицуулна. Ойр дотны нөхдийнх нь ярьж байгаагаас анзаарахад Х.Түвшинсайхан хурандаа цэргүүддээ нөмөр нөөлөг нь, хилийн ажиллагааг сайтар зохион байгуулдаг шилдэг офицер байсан гэдэг. Үүнийг гэрчлэх ганцхан жишээ дурдъя. .
Наяад оны сүүлээр НАХЯ-ны орлогч сайд Ш.Арвай генерал бүх отрядуудаар гэнэтийн шалгалт хийсэн гэдэг. Энэ үед Х.Түвшинсайхан Их Жаргалантын заставт даргаар дэвшин ажиллаж байв. Гэтэл Ховдын отрядыг шалгаж байсан генерал Их Жаргалантын заставыг шалгахаар ёстой л гэнэт буучихаж. Харин Х.Түвшинсайхан даргатай Их Жаргалантын застав улсын хэмжээнд нэгдүгээр байранд орж, заставын 10 хүнийг Унгарт аялуулж, хаалттай нийгмээс чөлөөт нийгэмд хөл тавьж байсан тухай сайхан дурсамжийг тэр өөрөө ярьсан.
Тэрээр хэдийгээр төвд төрж өссөн ч моринд эрэмгий байсан нь яах аргагүй хилчний онцлог. Тэгэхдээ “Хилийн цэргийн буянд морины сайныг эдэлсэн. Хилийн цэрэгт байхдаа одоогийн баячууд шиг явдаг байлаа” хэмээн инээмсэглэж суусан. Учир нь Заставын дарга сумын наадамд УАЗ-469 машинаа хөлөглөж, араасаа ГАЗ-66 машин дээр зочид төлөөлөгчдөө суулган дагуул нэхүүлтэй наадмын талбай дээр ирэхэд даргын морийг дэлийг нь засаад хөнгөрүүлчихсэн хөтлөөд тосож байдаг байж. Эмээлийн ганзага, гөлөм энэ тэр бол гарын уртай цэргүүдийн бүтээл учраас бусдаас ялгарна.
Олон аавын хүүхдүүд дунд морь уяаны эрдэм өвлөн авсан цэрэг ч байх, аймаг сумын цолтой хүчтэнгүүд ч байдаг учраас заставын нэрийг сумын наадамд дуудан цоллуулж явсан өдөр цөөнгүй байсан гэдэг. Тэр ийм л дарга, ийм л хилчин явсан.
Хилийн албаны дарга
Хилийн гурван застав дамжиж ажилласан ид туршлага бүхий ахмад цолтой залууг Их Жаргалантын заставын даргаар ажиллаж байхад отрядын төв татлаа. Энэ бол нийгэм шилжиж ахуй цаг, 1991 он. Ангийн захирагч, хурандаа С.Самдандовж тушаал гаргаж, өдгөөгийн генерал, тухайн үеийн хошууч, Хилийн албаны дарга М.Заяабаатарын удирдлага дор Сургалтын офицерын алба хаших тушаал авчээ. Ийнхүү тун удалгүй туршлага бүхий офицероо хамгийн чухал алба болох Хилийн албаны даргаар томилсон байдаг. Зах зээл эхэлсэн цагаас хойш бүх боомтууд ажиллаж, энэ хэрээр эмх замбараагүй байдал үүсэж байсан цагт тушаал авч байсан хүн. Тиймээс хилийн зурвас уулын салхинд хэдэн хоног, сараар явж хил зөрчигч, хууль бус зүйлтэй тэмцдэг байсан гэдэг. Машинтай гарсан хилчид машин явах аргагүй хад асга, өндөр уулын бартаанд тулахаар машинаа орхиод мориор явна. Уулын цас нуранги, гуу жалга гээд морь явах аргагүй болохоор морио орхиод уулын цанаар явна. Ингэж л хилээ хамгаалж байв. Тэдний багт дэлхийн дээвэр Эверэстэд анх авирсан Уулын спортын мастер Н.Жуков байжээ. Хил зөрчигч барьж байцаахад Х.Түвшинсайхан орчуулна. Хилийн цэргийн командад гурван жил хятад хэл заалгасны идийг энэ үед л гаргана. Уул гэснээс Х.Түвшинсайхан хурандаа Уулын спортын зэрэгтэй аж. Зэрэг дэв байхаас ч өөр аргагүй, тэдний ажил бол байнга л 3000 метрээс өндөрт хэдэн өдөр, сараар өрнөнө.
Шилжилтийн үед цагийн байдал ороо бусгаа, хангалт тааруу байж, майхан платкаар хилийн дайралтын хувцас хийж өмсдөг байсан тухай зүдүүхэн дурсамж ч хилчдийн амьдралд бий. Энэ тухай тэрээр “Ууланд чоно яаж амьдарна, тийм л амьдарна. Сар гаруй ууланд явна. Гэрээ мартсан гэсэр шиг явдаг байлаа. Бүсэлхийнээс доош нойтон, хаа нэг оймс, жийргээ гаргаж мушгиад явна” хэмээн идэрхэн залуугийн гал дүрэлзсэн явдлаа дурссан юм.
Гишгээд эргээд харахад мөр нь арилах их цасан шуурга, үргэлжилсэн их бороо гээд цагийн ямар ч хатууд уул хадаар гэр хийн, хилээ манаж явсан өдрүүдийн жаргал зовлонг ярьж суугаа буурал хурандаагийн харцнаас идэрхэн насных нь цог заль бадран байгааг төвөггүй харж болно. Ийнхүү аймгийн төвд штабын даргын орлогч, хилийн албаны даргын албыг 12 жил нэр төртэй хашсан хүн. Энэ хугацаанд хүүхдүүд ч Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд авч. Түүний тухай Хилийн нэгдүгээр отярдын штабын дарга асан А.Хавдсалем “Би Түвшинсайхантай 1996-2003 онд хамт ажиллаж байлаа. Тэр нэг ангид 30 жил ажилласан өвөрмөц онцлогтой офицер. Газар нутгийнхаа онцлогийг мэднэ, ямар ч ажлыг нэг эхлүүлсэн бол дуусгаж байж санаагаа амраадаг. Тэр тусмаа боомтууд нээгдсэн хилийн нэлээд амаргүй үед шалган нэвтрүүлэх албыг тэргүүлж, тэр их ачаалалтай үед зөв зохион байгуулж ажилласан. Өөрөө их шударга хүн болохоор ажил нь ч саадгүй явдаг байсан байх. Яах аргагүй манай шилдэг офицер, хилчдийн нэг байгаа юм” хэмээн мөр зэрэгцэн ажиллаж явсан нөхрөө бахдангуй дурссан. Хилийн албаны дарга заставаар байнга явна. Тэнд ажил өрнөж, амьдрал буцалж байгаа учраас алдаа оноо гарна. Х.Түвшинсайхан Заставын дарга болон бусад алба хаагчдынхаа цалинтай нь ярьдаггүй, ухуулан учирлах замаар гэр бүлтэй нь дуудаж авчраад хувийн арга хэмжээ авдаг байсан гэдэг. Ингэхдээ “Отрядын даргад чиний энэ байдлыг илтгэхээр цалинг чинь 20 хувь хасна, чиний хүүхдүүдийн талх хасагдана” гэх зэргээр учирлан ухааруулж суудаг тухай удирдлага дор нь ажиллаж байсан офицер, алба хаагчид ярьж байсан.
Эзэн Чингисийн гэрэгэ хүртсэн хилчин
Нар хур тэгширсэн дэлгэр цагт Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярыг орон даяар өргөн дэлгэр тэмдэглэв. Монгол төрийн тулгын чулууг тулсан энэ түүхэн жил Х.Түвшинсайханы амьдралд нэгэн том дурсамж бахархлыг бий болгосон байдаг. Тодотговол, эзэн Чингисийн өлгий нутгаас болон Монгол Улсын дөрвөн цэгээс хөрс шорооны дээж залсан үйл явдал болов. Баруун цэг, Монгол Алтайн нурууны Тахилт уулнаас, хойд цэг, Монгол шарын даваанаас, зүүн цэг, Соёлз уулнаас, өмнө цэг, Орвог гашууны бор толгойгоос гээд дөрвөн цэгээс хөрс шорооны дээж залахад баруун цэг, Алтай нурууны Тахилт уулнаас дээж залж ирсэн хүн нь Х.Түвшинсайхан.
Тиймээс түүнд Чингисийн алтан гэрэгэ хүртээж байжээ. Арав гаруй жилийн цаана үлдсэн энэ дурсамжийг нэхэн санавал дөрвөн хонгор морь унасан дөрвөн хилчин Сүх жанжны талбай дээр дүрэмт хувцастай их л сүрлэг орж ирж байсан нь нүднээ харагдана.
“Ах нь уулын өндөр, усны цэнгэг, цэцгэн дунд алба хаалаа”
Олон ястны өлгий нутгаас амьдралын замаа сунгасан арван хэдтэй хүү эрдмийн аянаас 21 настайдаа жолоо сунган үндэсний цөөнх, казак түмний дунд амьдралынхаа 30 жилийг өнгөрүүлсэн. Тэрээр “Хил манаж байгаа хүн ард түмэн, орон нутгийн удирдлагуудтай ойлголцож ажиллах нь юу юунаас чухал. Гэхдээ хил орчмын айл, ард түмэн цаанаа нэг өөр, зочломтгой, эх оронч байдаг” гэж байсан. Учир иймээс Х.Түвшинсайхан нутгийн иргэдтэй яс үндэс үл харгалзан ойлголцож, сайн нөхөр нь, ах, дүү нь болж ирсэн гэдэг.
Тийм дээ ч Штабын дарга асан А.Хавдсалем “Манай Түвшээ ангидаа төдийгүй ард түмний дунд ч ихээхэн нэр хүндтэй хүн” хэмээсэн буй заа. Тэрээр “Заставаас заставын дунд холбоо барих боломжгүй, зам гэж байхгүй, зун өвс, өвөл цас харагдана, газар сайн мэдэхгүй хүн бол явалтгүй. Тийм л цаг агаар, байгалийн хатуу араншин дунд хилээр явна” гэж цээж дүүрэн өгүүлнэ лээ. Тухайн цагт ажиллаж байсан офицер, жолооч нар Х.Түвшинсайхан даргатай явах ихэд дуртай байж. Учир нь тэрээр газраа сайн мэддэг учраас цагийн ямар ч үед эрсдэлгүй туулах газраа туулдаг байсан гэдэг. Газар нутгийн онцлог, уул усны учрыг сайн мэддэг учраас нөхөд нь, алба хаагчид нь түүнийг “Газрын зураг” хэмээн нэрлэнэ. Өдгөө ч тэр ажил амьдралынхаа оргил цаг үеийг өнгөрөөсөн нутагтаа зун болгон очдог аж. Зун болохоор төрж өссөн нутаг Ховдоор дамжаад Баян-Өлгий явдаг байна. Энэ тухайгаа тэр “Хүний амьдралын 30 жил гэдэг урт хугацаа, тиймээс Баян-Өлгий бол нутгаас илүү санагдана. Зүүдэлсэн ч хилээ л зүүдлэнэ. Хэдэн тарваганы дош нь хүртэл танил. Монгол Алтайн нуруу, Хотон нуур, Хорго нуур гээд мундаг нуурууд бий. Байгалын сайхан, уулын өндөр, усны цэнгэг, цэцгэн дунд л алба хаалаа, ах нь” хэмээн бахархангуй өгүүлж сууна лээ. Ийм л нэг бэлтгэл хурандаа бие сэтгэл тэнүүхэн ч эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдалд сэтгэл чилээн сууна.
С.Ууганбаяр
Өглөөний сонин 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn