Life @ХААН Банк: Сэтгэл, оюуныг тэлэх орон зай

0

Хүрээлэн буй орчин бидний оюун санаа, сэтгэл, биеийн эрүүл мэндэд, эрч хүч, ажлын бүтээмжид шууд нөлөөлж байдаг. Хүн 
20 наснаасаа эхлэн долоо хоногт 40 цагаар 65 нас хүртэл ажилласан гэвэл амьдралынхаа 10.3 жилийг ажил дээрээ өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл энэ хугацаанд тав тухтай ажиллах, урам зориг, сэдэл авах, амсхийх, оюунаа цэнэглэх гээд үр бүтээлтэй ажиллах боломжоор ажилтнуудаа хангах нь орчин цагийн ажил олгогчдын хувьд нэн чухал болж байна.Энэ удаад бид ажилтнуудынхаа бие, сэтгэлийн эрүүл мэндэд анхаарч, орчин нөхцөлийг нь тав тухтай байлгахад онцгой анхаардаг ХААН Банкны ажлын орчны талаар танилцуулж байна.
Ухаалаг, ногоон барилга
Аливаа компани, байгууллага ажлын орчноо тав тухтай, ажилтнуудынхаа хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн байлгахыг эрмэлздэг. Үүний зэрэгцээ хүрээлэн буй орчин, байгаль дэлхийдээ ээлтэй байх шаардлага хүний амьдралын бүхий л талбарт, тэр дундаа ажиллах орчинд ч түрэн орж ирлээ. Эрчим хүч хэмнэдэг, агаар, ус, хөрсний бохирдлоос сэргийлдэг ногоон, байгальд ээлтэй ажлын орчныг цогцлооход уран барилгын дэвшилтэт шийдлүүд, шинэ технологийг ашиглах хандлага ч түлхүү ажиглагдана.
ХААН Банкны төв оффис буюу ХААН Банк цамхаг ч энэ чиг хандлагаас үл хоцорно.
Цамхгийн ландшафтын хувьд уламжлалт загварыг эвдсэн, өвөрмөц шинэлэг өнгө төрхийг бий болгосноос гадна 28 төрлөөр "бүжиглэдэг” усан оргилуур, жижиг сакура төгөл зэргээр нийт 7000 орчим ам.метр талбайг тохижуулсан юм. Барилгын хувьд төлөвлөлтийн оновчтой шийдэл, архитектур, дизайн, экстерьер, интерьер болон зураг төслийн инженерийн тооцоолол, шилдэг шийдлүүд, тэргүүний технологи нөү-хауг нутагшуулснаараа онцлог.
Интерьерийн шийдэл, гаднах тохижилтоос эхлээд нэг ажилтанд оногдох талбай, ажиллахад таатай эрүүл орчин, автомашины зогсоолын хүрэлцээ, дэд бүтцийн системүүдийн шийдэл, ашиглалтын үеийн менежмент гэх мэт олон шалгуурт үндэслэж олон улсын барилгын стандартын "А” зэрэглэлийг хангасан Монголын анхны барилга болсон билээ.
Мөн барилгын менежментийн систем /Building Management System/-ийг Монголд бүрэн нэвтрүүлсэн анхны барилга гэдгээрээ ялгардаг. Энэхүү систем нь барилгын халаалт, хөргөлт, агаар сэлгэлт, цахилгаан, гэрэлтүүлэг, мэдрэгчүүд гээд бүхий л дэд бүтцийг бүрэн хянаж удирддаг нэгдсэн хяналт удирдлагын систем бөгөөд эрчим хүч, үргүй зардлыг хэмнэхийн зэрэгцээ аюулгүй, тухтай орчныг бүрдүүлж буй ухаалаг шийдэл юм.
Бүтээхүйн орон зай
Ажлын байр бол бидний хоёр дахь "гэр”. Үр бүтээлтэй ажиллах, амсхийх, эрүүл хооллох, төвлөрөх орон зай байх ёстой нь гарцаагүй. ХААН Банк цамхагт энэ бүгд бий.
Оффист төвлөрдөг 1200 гаруй ажилтан бүгд цэлгэр, нээлттэй орчинд суудаг. Цэлгэр орчин бүтээмж нэмж, хамтын ажиллагааг урамшуулах ажилтнууд хоорондоо мэдээлэл солилцох, шууд харилцахад дөхөм. Мөн урин цагт салхилах, хооллох, кофе уух боломжтой террас бүхий цайны газраас гадна давхар болгондоо цайлах өрөөг шийдэж өгсөн байдаг.
Оффисын 24-р давхарт "Khan Bank book lounge” буюу номын сан бий. Тэнд бэстселлер, хувь хүний хөгжил, гадаад хэл дээрх, уран зохиол, мэргэжлийн зэрэг төрөл бүрийн 500 гаруй номноос сонгон унших, мөн гэрээр авч явах боломжтой бөгөөд стресс тайлах арт эмчилгээний хэрэгслүүд, бясалгах орон зайг ч багтаасан нь төвлөрөх, амсхийх, тухлах боломжийг олгоно.
 
Оффис-галерей
Цамхгийн хана, уулзалтын танхимуудад Монголын орчин цагийн уран зураг, урлагийн 400 гаруй шилдэг бүтээл өлгөөтэй буй. Цамхгийн үүдээр ормогц нүдэнд тусах гайхалтай бүтээлүүдээс эхлээд давхар бүрийн интерьерийг өвөрмөц, урлаглаг, дулаан болгох бүтээлүүдийг хаана, хэрхэн байршуулсан нь тохиолдол бус. Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХААН Банк нь Монголын соёл урлагийг дэмжих ажлын хүрээнд 2002 оноос эхлэн дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн үзэсгэлэнг үнэ төлбөргүй дэглэж, хамтран ажиллаж ирсэн бөгөөд ХААН галерейн сан хөмрөг өдгөө арвижсаар байна. Ажлын байраа орчин үеийн, шинэлэг уур амьсгалтай болгох, ажилтнуудад урам зориг, тэмүүлэл өгөх зорилгоор 2005 онд урлаг судлаач Ц.Уранчимэгийн дэглэснээр оффистоо галерейн сан хөмрөгийн бүтээлүүдийг дэлгэснээс энэ бүхэн улбаатай ажээ.
Оффис-галерейд бас сар бүр шинэ үзэсгэлэнгээр олны мэлмийг баясгах "жинхэнэ” галерей ч бий. 2008 онд байгуулагдсан ХААН галерей нь өдгөө ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрладаг бөгөөд олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулж, сар бүр шинэ үзэсгэлэнг үзэгч олонд хүргэдэг.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn