Малчдад Хөдөлмөрийн тухай хуулийг таниулан сурталчлах ажлыг эхлүүлжээ

Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хамтран хэрэгжүүлж байгаа "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхижуулах нь" төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад малчдад зориулсан сургалтыг зохион байгуулсан. Энэхүү төслийг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо санаачлан 2019 онд эхлүүлсэн бөгөөд өдгөө Сүхбаатар, Хэнтий, Архангай, Өвөрхангай аймгийн мянгат малчин ихтэй нийт 12 суманд хэрэгжиж байгаа юм байна. Төслийн хэрэгжилтийн талаар Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Хүний эрхийн идэвхтэн Ш.Ариунаа энэ талаар ярихдаа, "Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийг чадавхижуулах сургалт явуулж, 113 хүнийг хамрууллаа. Туслах малчдын хүний эрх, нийгэм эдийн засгийн асуудлаар судалгаа хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад мөн тодорхой санал өглөө. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төслийн ажил хэсэг завсарласан ч туслах малчдад хүний эрхийн сургалт явуулах, эзэн малчдад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудын таниулан сурталчлах ажил эхэллээ. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.


