Шадар сайд С.Амарсайхан “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн зөвлөх компанийн удирдлагуудтай уулзав

466

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх мөн оролцлоо.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бараа материал, тээврийн үнэ нэмэгдэж дараа, дараагийн шатны ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажилд багагүй саад гараад буйг уулзалтын үеэр талууд онцолсон. Элчин сайд М.П.Сингх  Монгол  болон БНЭУ-ын харилцааны гол бэлгэ тэмдэг болсон эл төслийн ажил цар тахлын хүнд үед ч урагшилсаар байсан гэдгийг дурдлаа. Мөн БНЭУ-ын Засгийн газраас томилогдсон хүмүүс тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц олохоор уулзаж байна гэлээ. 

Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Манай хоёр улсын хэрэгжүүлж буй түүхэн төслийн ажил товлосон хугацаанд дуусна гэдэгт итгэлтэй байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний явж байгаа. Иймд  дараагийн шатны ажлын тендер сонгон шалгаруулах ажлыг яаралтай шийдвэрлэж, төслийг  хугацаа алдалгүй үргэлжлүүлэх саналтай байна" хэмээв.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн зөвлөх “Engineers India Limited” компанийн гүйцэтгэх захирал Вартика Шукла “Сүүлийн саруудад хоёр улсын Засгийн газраас шалтгаалахгүй асуудал үүссэнийг ойлгож байна. Иймд нэн тэргүүнд тендерийн сонгон шалгаруулалтад оролцож компаниудын үнийн дүнг бууруулах болон бусад гарц шийдлийг олох нь чухал" гэсэн юм. 

Шадар сайд С.Амарсайхан “Манай хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй уг төсөлд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулж байгаа. Тиймээс тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Үүнд болзошгүй эрсдэл, зардлын тооцоог нарийн гаргаж, Монгол Улсад байгаа хүн хүч, бараа материалыг аль болох түлхүү ашиглах тал дээр анхаарах нь зүйтэй" хэмээгээд дахин уулзаж, асуудлыг хэлэлцэхээр тогтлоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn