Б.Баттуяа: Боломжтой бүх хувилбараар хүүхдүүдээ хөгжүүлэхийг зорин ажилладаг

392

Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн хөгжмийн багш Б.Баттуяатай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд залуу багш хэдий ч мэргэжлээрээ ажиллах хугацаандаа олон амжилтуудыг гаргасан, хамт олон, сурагчид, эцэг эхчүүдийнхээ хүндэтгэлийг хүлээсэн Сүхбаатар аймгийн чадварлаг хөгжмийн багш нарын нэг юм.
-Юуны өмнө ярилцах боломж олгосонд талархал илэрхийлье. Дуу хөгжмийн багшаар хэд дэх жилдээ хичээллэж байна. Таны мэргэжлийн сайхан нь юу юм бэ гэдэг асуултаар яриагаа эхэлье?
-Намайг гээд зорин ирсэн та бүхэнд мөн маш их баярлалаа.Багш хүн гэдэг хүнээр хүн хийж байгаа, хүнийг урлаж байгаа дархан хүмүүсгэж би боддог. Би 2002 онд Соёлын дээд сургуулийг “Дуу хөгжмийн багш” мэргэжлээр төгсөөд 14 дэх жилдээ ажиллаж байна. Одоо бол “хөгжмийн багш” “хөгжмийн хичээл” гэж нэрлэдэг болсон. Өмнөх нэршлээр олон жил явж байгаа ч анхнаасаа дуу гэх тодотгол нь байгаад удсан учраас бусад мэргэжлийн багш нар болон хүүхдүүд маань одоо ч заримдаа дуу хөгжмийн багш гэж дуудсаар л байдаг. Анх энэ мэргэжлээ сонгохдоо маш их хүсэл тэмүүлэлтэйгээр сонгож байлаа. Өдөр бүр хаа ч  таарсан  “Сайн байна уу дуу хөгжмийн багшаа” гэж чин сэтгэлээсээ мэндэлдэг хүүхдүүдийнхээ тэр харц, дуу хоолойн өнгө “Өнөөдрийн хичээлээр дуулах уу, хөгжимдөх үү, бүжиглэх үү” гэх зэргээр асууж шалгаан сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаа сурагчдаа хараад би эрч хүчээр дүүрэн байдаг. Хүүхдүүд чинь хөөрхөн шүү дээ. Хаана ч хамаагүй гудамжинд явж байсан ч дуу хөгжмийн багшаа гээд л хаа холоос дуудна шүү дээ. Тэгэхээр багш мэргэжил бол үнэхээр сайхан мэргэжил учраас би мэргэжилдээ дуртай,  мэргэжилдээ хандах хандлага маань өөрчлөгддөггүй.
-Хөгжмийн хичээлийн бусад хичээлээс ялгарах онцлог юу байдаг юм бэ?
-Манай хичээлийн онцлог чинь 1-9 дүгээр анги хүртэл анги болгондоо заавал судлах агуулгыг системтэйгээр эзэмшүүлдэг. Жишээ нь 1-р ангид байгалийн дуу чимээ шуугианыг сонсож ялгаж танин мэдэх бол 9-р ангид орчин үеийн хөгжмийн урсгал тэдгээрт хамаарах урлагийн төрлүүдийн талаар ойлголттой болох жишээний. Үүний зэрэгцээ дуулах, хөгжимдөх, бүжиглэх сонсох зэрэг үйлүүдээр дамжуулан тэдний чадварыг хөгжүүлж, авьяасыг нээн илрүүлэх, танин мэдэж байдаг хичээл учраас учраас үүгээрээ бусад судлагдахууны хичээлүүдээс ялгардаг онцлогтой.
-Та өмнө нь мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байсан шүү дээ. урлагийн салбараас боловсролын салбарт шилжихэд ямар ямар өөрчлөлт ажиглагдаж байна?
-Мэргэжлийн урлагийн байгууллагаас боловсролын салбар луу шилжихэд маш их ялгаатай. Мэргэжлийн урлагийн байгууллагад мэргэжлийн болон мэргэшсэн уран бүтээлчид байдаг. Би “Жаахан шарга” ХЖТ-т 6 жил гаруй хугацаанд  ажиллахдаа театрынхаа уран бүтээлчидтэй олон уран бүтээл дээр хамтран ажилласан байдаг: Энэ хэрээрээ өөртөө чамгүй туршлага хуримтлуулж, үүнийгээ одоо ч дугуйлан секц хичээллүүлэхдээ ашиглаж байдаг.
Боловсролын салбарт шилжин ажиллахад, сургуулийн үүдээр алхан ороход мэдрэгдэх мэдрэмжээсэхлээд, өдөржин хүүхдүүдийн чимээ шуугиан бужигнаан дунд уусаж, ажил амьдралынхаа нэгээхэн хэсгийг сурах, сургах их үйлсэд зориулж байгаа болохоор хоорондоо маш ялгаатай. Театрт ажиллаж байхдаа урын сан бүрдүүлэх, нот бичлэг, партитуртай ажиллах зэргээр уран бүтээлч байдлаар ажилдаг бол багш болсноор ээлжит хичээлийг зохион байгуулах, түүнд ашиглах хэрэглэгдэхүүн болон урын сан гэх зэргийг эрэл хайгуул хийж илүү шинжлэн судалж, хүүхдүүдээ сургахын хажуугаар насан туршдаа өөрийгөө  бас хөгжүүлж  байдаг гэх юмуу даа.Бусадмэргэжлийнхүмүүсажлынцагдуусаадгэртээхарьжамардагболбагшийнажилгэртээчүргэлжилж байдаг.
-Таны хувьд өнгөрсөн онд аймгийн шилдэг баш нарын нэгээр шалгарсан. Дуу хөгжмийн ганцхан багш байсан санагдаж байна?
-Тийм ээ. "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-аас зарласан уралдаанд оролцож, шилдэг 26 багшийн нэгээр шалгарсан. Хөгжмийн хичээлийг чухалчилж, ач холбогдол өгч, хөгжмийн багш нарын ур чадвар, хичээл зүтгэлийг үнэлсэнд маш их баяртай байгаа. Энэ бол үнэхээр ганцхан Сүхбаатар аймаг төдийгүй улсын хэмжээнд, манай салбарын хэмжээнд онцлохуйц маш том ажил байсан.
-ЕБС-ийн хэддүгээр ангиас эхлэн дуу хөгжмийн хичээлийг мэргэжлийн багш орж байна. Ер нь хичээлийн цагийн хүрэлцээ хэр байдаг вэ?
-ЕБС-ийн 1-9 дүгээр анги хүртэл хөгжмийн хичээл ордог.  1-4 дүгээр анги хүртэл 7 хоногт хоёр удаа, 5-9 дүгээр ангид долоо хоногт 1 удаа ордог. Жилээс жилд хүүхдийн тоо ихэсч, бүлэг нэмэгдэж байгаатай уялдаад хөгжмийн хичээлийн цаг ч нэмэгдэж байгаа.
-Тэгвэл та долоо хоногт хэдэн цагийн хичээл зааж байна?
-Миний хувьд 7 хоногт 27 цагийн хичээлтэй. Үүнийхээ хажуугаар лхагва, бямба гарагт дугуйлангаа хичээллүүлдэг.
-Хичээлээс гадуур ямар ямар дугуйлан хичээллүүлж байна. Хүүхдүүдийн идэвх оролцоо ямар байх уу?
-Ардын хөгжмийн дугуйланг хичээллүүлдэг. Өнгөрсөн жилээс хүүхэд багачуудын сонирхлыг татаж байгаа үкүлэлэ хөгжмийн дугуйланг хичээллэж эхэлсэн. Эцэг эхчүүдчхүүхдийнхээхөгжмийнболовсролд харьцангуй анхаардаг болж. Хүүх­дийнхээ юу сонирхож, хаашаа тэмүүлж байгааг нь анхааралтай сонсдог болсон үе.Тийм болохоор хүүхдийнхээ сонирхлыг нь хөгжүүлээд энэ чиглэлээр дугуйлан секцэд явуулчихмаар байна багшаа хаана ямар сургалт дугуйлан боломж юу байна гэж их асуудаг болсон.
Сургууль маань үндэсний хөгжмийн зэмсгийн хувьд хангалттай байдаг учраас сонирхлын дагуу дугуйлан хичээллэх боломжтой, харин үкүлэлэ хөгжмийн зэмсгийг эцэг эхчүүд маань өөрсдөө бэлтгээд хүүхдэдээ заалгах бүрэн боломжтой. Үүнээс гадна манай сургуульд гитарын дугуйлан мөн хичээллэж байгаа. Ер нь бид боломжтой бүх хувилбараар хүүхдүүдээ хөгжүүлж, дугуйланг хичээллэхийг хичээдэг.

-Хүүхдүүд ялангуяа бага ангийнхан дуу хөгжмийн хичээлд их дуртай байдаг. Яг энэ дур сонирхолд нь тулгуурлан мэдлэгээ олгох нь багш хүний чадвар бас мэдрэмж байх?
-Бага анги гэлтгүй дунд ангийн сурагчид маань хүртэл хөгжмийн хичээлд маш дуртай сонирхолтой оролцдог. Яагаад гэвэл дуу хөгжим бол тэдний сонирхлын нэгээхэн хэсэг учраас. Хэдийгээр анги болгоны заавал судлах тогтсон агуулга гэж байгаа ч ялангуяа дунд ангийн сурагчдынхаа хүсэл сонирхол хэрэгцээ хандлагыг бас орхигдуулалгүй тэдний сонсож байгаа дуу хөгжим, сонирхож  байгаа төрлүүдийг хүртэл сонирхох хэрэгцээ шаардлага  бидэнд үүсдэг. Үүнийг ээлжит хичээлтэйгээ холбож явуулдаг. Бага ангийн сурагчид илүүтэйгээр хичээлийн эхэнд заавал дуулах, бүжиглэх зэрэг үйлийг хийсний дараагаар шинэ хичээлд ордог. Энэ нь тэдний хичээд оролцох оролцоо идэвхийг өдөөж өгдөг юм л даа. Ер нь л манай хөгжмийн хичээл маш их  өрнөл дунд болж өнгөрдөг шүү.
-Танай сургуулийн хувьд дуу хөгжмийн хичээл явуулах орчин нөхцөл хэр бүрдсэн бэ, хөгжмийн болоод бусад тоног төхөөрөмжийн хангалтын тухайд?
-Манай сургуулийн хувьд 2013 онд байгуулагдсан  ес дэх хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа сургууль боловч хөгжмийн хичээл зохион байгуулах орчин болоод  хичээлийн бусад хэрэглэгдэхүүн техник тоног төхөөрөмжөөр хангалттай сайн хангагдсан. Сургуулийн маань урлагийн заалны хувьд энэ хичээлийн жилдээ багтаад дотоод тохижилтыг удахгүй хийхээр болж, хөрөнгө санхүү шийдэгдсэн байгаа. Удахгүй энэ заал маань сайхан тохижоод ирэхээр хүүхэд хөгжүүлэх ажлууд явагдана. Ер нь манай сургуулийн захиргаа энэ тал дээр маш их анхаарч, дэмжиж ажилладаг.
-Зарим эцэг эхчүүдийн хувьд дуу хөгжим, биеийн тамир, эрүүл мэнд гэх мэт хичээлүүдийг туслах хичээл гэж үзээд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа юм шиг санагддаг. Ийм хандлагыг та мэдэрч байсан уу, эсвэл одоо тэр ойлголт өөр болсон уу?
-Хэдхэн жилийн өмнө иймэрхүү хандлага ажиглагддаг байсан ч одоо бас өөр болсон. Нөгөө талаар сүүлийн жилүүдэд ковидоос шалтгаалаад хүүхдүүд гэртээ удаан хугацаанд байснаас гадна зайнаас хичээллээд тодорхой хэмжээгээр дэлгэцнээс хамааралтай болчихсон байгаа. Энэ ч утгаараа танхимаар хичээллэж эхэлсэн энэ үед хөгжим, биеийн тамирын хичээлийн үүрэг хариуцлага ихээр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл эдгээр хичээлүүдээр дамжуулж сурагчдын хоорондын харилцаа хандлага, багаар ажиллах чадвар идэвхийг сэргээж өгөх үүрэгтэй. Бид танхимын хичээлээ орохдоо ч энэ талаар анхаарч, ээлжит хичээлээ хүүхэд хөгжсөн чадваржсан хичээл болгохоор онцгой анхаарч хичээлээ орж байгаа.
-Сүхбаатар аймагт дуу хөгжмийн багш маш их эрэлттэй байдаг. Мэргэжлийн дуу хөгжмийн багш бэлтгэгдэхгүй байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна?
-Манай аймаг гэлтгүй улсын хэмжээнд хөгжмийн багшийн эрэлт хэрэгцээ маш их байдаг. Янз бүрийн шалтгаан нөхцөл байдалтай холбоотой байх. Манай аймгийн хувьд ЕБ-ыг төгсөж байгаа хүүхдүүд маань жил бүр ур чадвар өгөөд “хөгжмийн багш” бэлтгэдэг их, дээд сургуульд явдаг. Бусад сургуулийн хөгжмийн багш нар ч бүгд жил бүр ур чадвар өгч хөгжмийн багшаар сурах сонирхолтой хүүхдүүдийг бэлтгэдэг. Харин  тэдгээр хүүхдүүд маань төгсөөд орон нутагтаа ирж ажиллах тал дээр дутмаг байгаа харагддаг. Жишээ нь, манай сургуулиас өнгөрсөн жилүүдэд долоон  сурагч хөгжмийн багш мэргэжлээр суралцахаар сонголт хийгээд түрүүч нь энэ мэргэжлээрээ төгсөөд лаборатори нэгдүгээр сургууль болон Эрдэнэцагааны ЕБС-д хөгжмийн багшаар ажиллаж байна. Одоо дөрвөн хүүхэд энэ мэргэжлээр суралцаж байгаа. Эдгээр хүүхдүүд маань төгсөөд орон нутагтаа ирж ажиллах байх гэсэн багшийн хүлээлт байгаа.
-Тэгвэл ярилцлагын төгсгөлд мэргэжлээ сонгохоор төлөвлөж буй сурагчдад хандаж та нэг сайхан уриалга хэлээч?
-Мэргэжлээ сонгоход зайлшгүй харгалзан үзэх ёстойхэд хэдэнзүйл байдагюм шиг санагддаг. Хамгийн эхэнд өөрийн сонирхол маш чухал.Учир нь хүн дуртай зүйлдээ цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулахад бэлэн байдаг.Дараагийнх ньминий өөрийнавьяас болон бие махбодь, физиологийн онцлог шинж. Жишээ нь,багш хүн удирдан чиглүүлэх манлайлах чадвартай, маркетингийн менежер хүн нээлттэй, хөдөлгөөнтэй, сэргэлэн байх ёстой, нягтланбодогчхүн анхаарлын төвлөрөлт сайн гэхмэтчилэн ч юмуу.Хамгийн сүүлд нь тухайн мэргэжлээр төгсөөд ажиллах зах зээлийн эрэлт хэрэгцээ чухал юмуу даа. Эдгээрийг бодож, тунгаах нь чухал.Эцэст нь яг одоо мэргэжлээ сонгох маш чухал алхмыг хийж байгаа хүүхдүүдэдээ хандаж хэлэхэд, хүн ямар ч мэргэжил эзэмшихээр сонголт хийсэн бай тухайн мэргэжлийнхээ эзэн нь болохын төлөө хичээн суралцаарай гэж хэлэх байна. Би өөрөө ч энэ зарчмыг ч баримталж ажилладаг.
-Ярилцлсанд баярлалаа.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn