Сийлбэрч ,уран дархан Хасын Монхооройн бүтээлээс

531


Сэцэн хан аймгийн Эрх гүн, Хардал жанжин бэйсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум нь уран дархчууд, сийлбэрч, ерөөлч магтаалч олонтой нутаг юм. Тэдний нэг уран сийлбэрч Хасын Монхоорой нэг ч хадаас ашиглалгүй модоор бүтээл туурвидаг байснаараа онцлог. Тэрээр 1933 онд Түвшинширээ сумын Баруун Зээрд гэдэг газарт төрж, малчин, мужаан, сийлбэрчин, худгийн моторчин, тоо бүртгэгч зэрэг олон ажлыг хийж явжээ.
Хасын Монхоорой нь нүүдэлчин Монголын соёлын их өв уламжлалыг өөрийн сийлбэр бүтээлээрээ монголдоо төдийгүй гадаад оронд сурталчлан таниулж, музейн сан хөмрөгийг баяжуулсан дахин давтагдашгүй авьяас бүхий алдартай сийлбэрч хүн байсан байна. 1963 онд нэг ч төмөр оруулалгүйгээр эд ангийг нь ердийн модоор зорж хийсэн модон оёдлын машиныг урласан. Энэхүү оёдлын машин нь Орос оёдлын машинтай харьцуулахад арай алхам холтой оёдог. Уг модон машин одоо аймгийн Угсаатны зүйн музейн голлох үзмэрийн нэг болж олны хараа сонирхлыг татсаар байгаа юм. “Модоор машин хийж болох үгүйг л үзэх гэсэн юм” гэж тэрбээр олонд хуучилдаг байжээ.
Аймгийн соёл урлагийн арав хоногийн бэлтгэл ажил ид өрнөсөн 1965 оны хоёрдугаар сард Х.Монхоорой гуайг сумаас нь дуудан аймгийн төвд ирүүлж түмний нүд хужирлах бүтээл, хүний гар дээр тавих бэлэг сэлтээс аваад олон зүйлийг хийлгэсэн байна. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдан олны хүртээл болж байгаа “Чоно авлагч”, “Адуучин”, “Чоно хөөж буй буур”,”Худаг гаргагч”, “Азарганы ноцолдоон” ,"Зээрийн сүрэг", "Буга согоо" зэрэг хөдөөгийн аж амьдралыг илтгэн харуулсан модон сийлбэрүүдээ тэр үед л бүтээсэн гэдэг.
Х.Монхоорой гуайн уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, аймгийн хүндэт дэвтэрт нэрийг нь бичсэн байна. Тэрбээр 2008 онд өөд болжээ. 




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn