Цагдаагийн газарт 43 гомдол мэдээлэл иржээ
Сар шинийн баяр амралтын өдрүүдэд Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй 14, зөрчлийн шинжтэй 29 нийт 43 гомдол мэдээлэл иржээ. Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хамгийн олон буюу 13 бүртгэгдсэн бол таван иргэн эрүүлжүүлэгдсэн байна.
Мөн хулгайлах, залилах, хүний биед халдсан, эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, гэр бүлийн хүчирхийлэл, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн зэрэг гомдол мэдээллүүд ирснээс зохих хэсгийг нь шийдвэрлэжээ.
Дээрх өдрүүдэд Цагдаагийн газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эргүүл хяналтыг эрчимжүүлэн, авто зам дагуу хяналт тавьж, Шилийн богд хэсэгчилсэн арга хэмжээг авч ажиллажээ.