Шилдэг 24 багшийг тус бүр гурван сая төгрөгөөр шагналаа

244

Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-аас Сүхбаатар аймгийн Шилдэг багшийг шалгаруулах уралдааныг зарласан. Багш болон сурагчдын сурлагын ахиц, үзүүлсэн амжилт, ЭЕШ-ын үзүүлэлт зэрэг нь уралдааны гол шалгуур. Тэгвэл энэхүү уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг хичээлийн шинэ жилийн эхний өдөр зохион байгуулж, шилдгээр шалгарсан 24 багшийг тус бүрийг гурван сая төгрөгөөр урамшуулав.

Шилдэг багшийн шагналыг УИХ-ын гишүүн Н.Ганибал, аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа болон бусад холбогдох хүмүүс Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн хамтаар гардуулан өгсөн юм.

Хоёрдугаар шатны шалгаруулалтыг ирэх 11 дүгээр сард хийхээр төлөвлөсөн бөгөөд дээрх 24 багшаас шилдгийн шилдэг нэг багшийг шалгаруулж, хоёр өрөө байраар шагнах юм. Мөн шилдэг менежер, шилдэг захирлуудыг ч шалгаруулна.

Энэ бол боловсролын салбарт оруулж буй маш том хөрөнгө оруулалт. Анх төгсөгчид маань энэ саналыг тавихад маш таатай хүлээн авч байсан, гэтэл одоо бид хамтдаа эхний үр дүнгээ үзээд зогсож байна. Багш нарыг ингэж урамшуулна гэдэг сурагчдын сурлагын ахиц дэвшилд асар их нөлөөтэй. Нөгөө талаар үргэлж ачаалалттай байдаг багш нарт маань мэргэжилдээ илүү дурлаж, хичээн ажиллах хөшүүрэг болж байгаа юм. Энэхүү уралдааны бас нэг зорилго бол ЭЕШ-ын үзүүлэлтээ ахиулах явдал байсан. 2018,02019 онуудад манай аймаг нийт оноогоор улсад 17, 18-т бичигдэж байсан. Ингээд бид анх энэхүү уралдааныг зарлахдаа энэ үзүүлэлтийг ядаж 10-руу оруулж ирэх юмсан гэж хичээсэн. Харин 2021 оны ЭЕШ-ын оноогоор урьдчилсан байдлаар бид 6-рт бичигдэж байна. Энэ бол яалт ч үгүй багш нарын маань хөдөлмөрийн үр дүн, нөгөө талаар тэднийг үнэлж байгаа энэ уралдаантай зайлшгүй холбоотой гэж аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа хэллээ.


Харин Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-ын тэргүүн Т.Баярхүү хэлэхдээ, бид анхны зорилтдоо хүрч, ЭЕШ-ын нэгдсэн оноогоор эхний аравт орж ирж чадлаа. Одоо бид улсдаа тэргүүлэх зорилгыг тавьж байна. Үүний тулд Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ боловсролын салбарыг ямагт дэмжиж, хамтран ажиллах болно. Тиймээс ирэх жил энэхүү уралдаанаа үргэлжлүүлэх бөгөөд тухайн үед шилдэг 40 багшийг мөн тус бүр гурван сая төгрөгөөр, шилдгийн шилдэг нэг багшийг хоёр өрөө байраар шагнана гэдэг таатай мэдээг энэ мөчид дуулгаж байгаадаа таатай байна гэв.

Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ бол нутгийн үе тэнгийн залуус хамтран байгууллсан байгууллага. Тэд нутаг оронруугаа чиглэсэн энэ мэт олон ажлыг хийхээ ярьж байлаа. Үүнээс хамгийн чухал нь боловсролыг дэмжих явдал аж. Ингэж байж Сүхбаатарчууд оюун санаагаараа улс төдийгүй тив дэлхийд өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчинтэй болно. Улмаар тэд төгсөөд аймаг орон нутагтаа ирж ажилласнаар сая илүү хөгжих боломжтой гэж үзэж байгаа юм. Ямартай ч ганц аймаг бус 21 аймгийн хэмжээнд анхадагч болсон ажлыг Сүхбаатарын залуус хийж, олон олон багш сурагчдын хөдөлмөрийг үнэлсэнд багш нар баяртай байлаа. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn