Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин Сүхбаатар аймагт ажиллав
Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшингээр ахлуулсан ажлын баг 5 дугаар сарын 15, 16-ны өдөр Сүхбаатар аймагт ажиллалаа. Тэд коронавиурсний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцан зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн юм.
Дэд сайдын ажлын багт ХӨСҮТ-ийн клиникийн болон халдвар судлаач эмч нар багтсан бөгөөд тэд аймгийн тусгаарлах эмнэлгийн бүхий л үйл явцтай танилцаж, хоёр хоногийн турш шаардлагатай зөвлөмж зөвлөгөөнүүдийг эмч, эмнэлгийн амжилтнуудад өгчээ.
Дэд сайд М.Баттүвшин хэлэхдээ, Сүхбаатар аймагт халдвар хурдацтай тархаж, олон сумыг хамарсан ч өнөөгийн байдлаас харахад өвчний голомтоо маш сайн хумьж чадсан байна. Үүнд хамгийн их үүргийг гүйцэтгэж, 40 гаруй хоногийн хөл хориог тэвчээртэй даван гарсан нийт иргэдэд талархал илэрхийлье. Мөн хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт, халдвар хамгааллын ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн баг хамт олон, мэдээж халдварын голомтод ар гэрээ умартан ажилласан эрүүл мэндийн салбарынхаа эмч ажилтнууд, эрхэм сувилагч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Ерөнхийдөө орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээнүүд оновчтой байж чаджээ гэв.
Тус аймаг ЭМЯ-ны санхүүжилтээр PCR оношилгооны молекул биологийн лабораторийн туслах болон дагалдах 19 нэр төрлийн 80,6 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг татан авсан. Стандартын өрөө тасалгааны засварыг хийж, хүний нөөц ч бэлтгэгдсэн. Гэвч хамгийн чухал оношилгооны аппарат нь ирээгүй учир одоог хүртэл орон нутагтаа шинжилгээ хийж чадахгүй, хөрш зэргэлдээх аймгууд болон Улаанбаатар хот руу зөөвөрлөж байгаа. Энэ нь маш их цаг хугацаа алдаж байгааг АНЭ-ийн дарга Д.Мөнхзул хэлсэн. Харин дэд сайд М.Баттүвшин, үүнийг холбогдох хүмүүст уламжилж, анхаарч ажиллана гэлээ.
Уулзалтын үеэр тэд амжилттай сайн ажилласан салбарын зарим албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.