Украины хил орчимд Оросын 100 мянга орчим цэрэг төвлөрсөн хэвээр байгаа гэв

584
 
Оросын 100 мянга орчим цэргийн алба хаагч Украины хилийн орчимд, тэр дундаа "булаан эзлэгдсэн" Крымд төвлөрсөн хэвээр байгаа талаар Украины Аюулгүй байдлын албаны тэргүүн Иван Баканов мэдэгджээ. Тэрбээр аюулгүй байдлын сэдвээр зохион байгуулагдсан "Украин 30" Бүх Украины форум дээр үг хэлэх үедээ ийнхүү мэдэгдсэнийг Украины тусгай албаны албан ёсны цахим хуудас дамжуулсан байна. Түүнчлэн, Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэр дээрээс Украины эсрэг байнгын тагнах, хорлон сүйтгэх ажиллагааг Оросын тусгай албаны 7000 орчим ажилтан гүйцэтгэж байгаа хэмээн Баканов мэдэгджээ.
"Өнөөдөр Орос тусгай албаны улс болчхоод байна. ОХУ-ын гадаад бодлогын аливаа чиглэл нь сонгодог дипломат ажиллагаа биш харин цогц тусгай ажиллагаа байдаг" хэмээн Украины Аюулгүй байдлын албаны тэргүүн өгүүлжээ.
 
Түүнчлэн, өнөөдөр Оросын тусгай албаныхан хүмүүс элсүүлэх аргаа өөрчлөн, зөвхөн албан тушаалтнууд төдийгүй Украины иргэдийг өргөнөөр хамруулах болсон гэнэ. Бакановын өгүүлснээр, 2020 онд гэхэд л Украины Аюулгүй байдлын алба 5 нууц албаны сүлжээний үйл ажиллагааг таслан зогсоож, Оросын тусгай албаны 12 төлөөлөгчийг баривчлан, төрийн байгууллагууд руу халдсан 600 цахим халдлагыг зогсоосон гэнэ. Мөн 7 алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлж, энэ халдлагад бэлтгэж байсан 10 хүнийг баривчилсан хэмээн Баканов мэдэгджээ. 
 
Энд дуулгахад, гурав болон дөрөвдүгээр сард Орос улс Украинтай залгаа хилийн орчимд 80 мянга гаруй цэрэг, офицерийг татан байршуулсан гэж Украины Ерөнхийлөгчийн захиргаа мэдэгдэж байлаа. Хил болон Крымд олон тооны тактикийн бүлэг, хуягт техник, довтлогч онгоц, Каспийн цэргийн флотын хөлөг онгоцууд төвлөрсөн тул Украин болон Барууны орнууд үүнийг Орос дайнд бэлтгэж байж болзошгүй хэмээн болгоомжилж байлаа.
 
Харин дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэл хийхдээ цэрэг татан төвлөрүүлсэн нь сургуулилалт байсан гээд цэрэг, техникийг эргүүлэн татаж, тавдугаар сарын нэгэн гэхэд байнгын байршилд нь эргүүлэн татах ажиллагаа дуусна хэмээн онцолж байлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn