Г.Занданшатар телевизүүдийн холбоонд 90 сая, сэтгүүлчдийн клубт 80 сая төгрөгийг тус тус өгчээ
2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болохоос нэг сарын өмнө УИХ-ын тамгын газраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй томоохон мөнгөн дүнтэй хэд хэдэн гэрээг байгуулсан байна.
Эдгээрийн дотор “Гурван арван нэг сэтгүүлчдийн клуб” гэх ТББ багтаж байгаа бөгөөд УИХ-аас тус газартай 80 сая төгрөгийн гэрээг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулж, тус ТББ-ын Худалдаа хөгжлийн банк дахь холбогдох данс руу мөнгийг шилжүүлжээ. Ашгийн төлөө бус уг төрийн бус байгууллагын гүйцэтгэх захиралаар Батсүх овогтой Даваатогтох бүртгэгдсэн байна.
Мөн 2020 оны 5-р сарын 29-ны өдөр УИХ-аас Монголын телевизүүдийн холбоо ТББ-тай гэрээ байгуулж 90 сая төгрөгийг шилжүүлжээ.
М.Уламбаяр захиралтай тус ТББ-ын хувь эзэмшигч гишүүдээр ТВ5-ын захирал асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, UBS ТВ-ийн захирал Л.Балхжав, 25-р суваг тв-ийн үүсгэн байгуулагч З.Алтай тэргүүтэй хүмүүс бүртгэгдсэн байна.
Томоохонд тооцогдхуйц эдгээр телевизүүдийн эзэд сонгуулийн сурталчилгааны төлбөрөө ийнхүү УИХ-аас гаргуулан авсан байж болзошгүй байна.
УИХ-ын Төсвийн Ерөнхийлөн захирагч Г.Занданшатарын тухайд энэ мэт гэрээг хийснээрээ Төсвийн тухай хуулийн “6.4.2.төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх” заалтыг зөрчсөн байх магадлалтай байна.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN