Нам, эвслүүд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүллээ

448


Орон нутгийн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд болно. Уг сонгуульд оролцох хүсэлтээ нам, эвслүүд тухайн шатныхаа сонгуулийн хороонд өчигдөр хүргүүлж дууслаа. Хэрэв аймаг, нийслэл, сум, дүүрэгт намын салбар байгууллага байхгүй бол сонгуульд оролцох эрхгүй билээ. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 25.1-т “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн ИТХ-ын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж заасан байдаг. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг энэ сарын 15-ны 24.00 цаг хүртэл хүлээн авсныг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд хэлэв. Хэчнээн нам хуулийн хугацаанд хүсэлтээ хүргүүлснийг тэрбээр хэлсэнгүй. Түүнчлэн тус сонгуулийн хороонд албан ёсны цахим хуудас байхгүй тул мэдээллээ олон нийтэд хүргэхийг чухалчилдаггүй гэлтэй. Сураг сонсоход, найман нам ийн хүсэлтээ хүргүүлсэн бололтой. Ташрамд дурдахад, нам, эвслийг сонгуульд оролцогчоор бүртгэх, эсэх тухай шийдвэрийг хүсэлт хүлээж авснаас таван хоногийн дараа тухайн шатны сонгуулийн хороо гаргах юм.
Д.СУМЪЯАБАЗАР: НЭГДМЭЛ ХҮЧ, НЭГДСЭН БОДЛОГОТОЙ СОНГУУЛЬД ОРОЛЦОНО
Нийслэлийн МАН-ын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, маргааш нь хорооны дарга Д.Сумъяабазарын хамт намын гишүүдийн төлөөлөл орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлэв. Тэд энэ үеэр МАН ээлжит сонгуульд нэгдмэл удирдлага, нэг зорилготой оролцоно гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, МАН-ын мөрийн хөтөлбөртэй уялдуулан, орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Улаанбаатар хотын олон асуудлыг шийдэх гаргалгааг үүнд тусгасан байгаа. Төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэлгүй хүргэхэд анхаарна. Мөн замын түгжрэлийг зохицуулахын тулд ШУТИС-ийн мэргэжлийн багтай хамтран ажиллаж байна. Хотын төсөв, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд анхаарна. Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан бизнесийн орчныг хэрхэн таатай болгохын төлөө цаг наргүй ажиллах шаардлага тулгарч буй. Нэгдмэл удирдлага, нэгдсэн хүчээр нийслэлийн иргэдийн эрх ашигт нийцсэн ажлыг шуурхай хийнэ. Зарим дарга төрийн ажилд саад учруулж буйг үгүйсгэхгүй. Мөн авлига, албан тушаал, газрын наймаатай холбоотой асуудлууд үүсдэг. Үүнийг засах чиглэлд бид тодорхой ажил хийж чадах ёстой. Удирдлага, дарга нар өгсөн үүрэг чиглэлийнхээ биелэлтийг долоо хоног бүр шалгаж, эрчимжүүлсэн байдлаар ажиллавал хот маань хөгжинө” гэв.
Д.ПҮРЭВДАВАА: ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ НИЙСЛЭЛ ХОТЫГ БАЙГУУЛАХААР ХИЧЭЭЖ АЖИЛЛАНА
Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа, нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат нар намаа сонгуульд оролцуулахаар холбогдох бичиг баримтыг Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэв. Тус хорооны дарга Ү.Ганболд сонгуулийн тойргуудын талаар тэдэнд танилцуулсан юм. Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа “Бид холбогдох хууль, журмын дагуу бичиг баримтаа хүргүүллээ. Улс төрийн нам зөв боловсон хүчнээ нэр дэвшүүлж чадвал ялах магадлал өндөр. Нийслэлийн ИТХ-д АН-аас 45 хүн нэр дэвшүүлэх юм. Нэр дэвшүүлэх ажиллагааг дотоод хууль, журмын хүрээнд амжилттай зохион байгуулна. Нөгөөтээгүүр, мажоритар тогтолцоогоор сонгууль зохион байгуулахад ихээхэн мөнгө зарцуулдаг. Өнөөдрийн мөрдөж буй хууль, тогтоомжийн хүрээнд томсгосон мажоритар хэлбэрээр, нэр дэвшигч, нам бүр ухуулагч ажиллуулах, өөрийгөө танилцуулах, хэвлэмэл материал тараах учиртай. Тэгэхээр АН үүний хүрээнд зарцуулах хөрөнгөө “тунгалаг” байлгана. Бид иргэндээ ээлтэй байх мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Хотын түгжрэл, иргэдэд ээлтэй бус орчин нь үнэхээр тулгамдсан асуудал болж байна. Бидний хувьд төрийн үйлчилгээг цомхон хэрнээ дөт болгон, хялбаршуулж, цахимжуулахаар төлөвлөж байгаа. Дөрвөн жилийн өмнө АН-ын санаачилгаар нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулсан. Энэ жишгээр бид аль болох иргэндээ ээлтэй нийслэл хотыг бий болгохоор хичээж ажиллана” хэмээв.
П.НАРАНБАЯР: БИД БҮХЭН ЗҮТГЭНЭ, ТА БҮХЭН МАНАЙ НАМД ИТГЭЛ ҮЗҮҮЛЭЭРЭЙ
Нийслэлийн ИТХ-д ХҮН олон суудал авбал УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн П.Наранбаярыг хотын дарга болгохоо мэдэгдэв. Мөн энэ удаад эвсэл байгуулахгүй, дангаараа сонгуульд өрсөлдөх аж. ХҮН-ын дарга Б.Найдалаа “Нийслэл, дүүргийн Засаг даргыг аль нэг нам бус, иргэд өөрсдөө сонгох ёстой. Бид мөрийн хөтөлбөрөө нийслэл, бүх аймаг, сум, дүүргийн хэмжээнд судлан, боловсруулсан. Манай нам энэ удаагийн сонгуульд аль нэг намтай нэгдэж, эвсэл байгуулахгүй, тодорхой зорилготойгоор оролцоход бэлэн байна. Улаанбаатар хотоо түгжрэлгүй, утаагүй, явган хүний замтай, хүнд ээлтэй болгохын төлөө зөв хүнээ Засаг даргаар сонгох эрх бидэнд ирлээ” гэсэн юм. Орон нутгийн сонгууль болохтой холбоотойгоор иргэд нэгдүгээрт, ямар хотод амьдармаар байна, хоёрдугаарт, чухам хэнийг хотын даргаар сонгох шаардлагатай талаарх өөрийн байр суурьтай байж түүнийхээ төлөө зөв сонголт хийгээсэй гэж хүсэж буйгаа УИХ-ын гишүүн, тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Доржханд онцоллоо. Нийслэлийн ХҮН-ын хорооны даргаар П.Наранбаярыг томилжээ. Тэрбээр “Зөв хүн нь хотын удирдлагад сонгогдож байж нийслэл маань хөгжинө. Цүнх барьдаг, намын томилгоогоор албан тушаалд очдог, томилсон хүнийхээ төлөө ажилладаг хүмүүс сонгогдвол иргэд хэзээ ч сайхан орчинд амьдрахгүй. Тиймээс би, бид бүхэн хамт зүтгэнэ, та бүхэн манай намд итгэл үзүүлээрэй” гэв. Үүний дараа намаа сонгуульд оролцуулах хүсэлтээ Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn