Сангийн хөрөнгө салаагаар

6

НДС, ЭМДС-гийн хөрөнгийг гарын салаагаараа урсгаж, эрсдэлд оруулсан түүхийг Үндэсний Аудитын газар судалжээ.
Үнэхээр сангийн хөрөнгийг санаан зоргоороо урсгасан шийдвэрүүдийг үе үедээ гаргаж ирж. Үүгээр маш ноцтой асуудлууд илэрснээс харвал НДС-гийн алдагдлын шалтгаан нөхцөлийг хянан шалгах нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай нь харагдаж байна. Үе үеийн Засгийн газрын үед сангийн хөрөнгийг завхруулж, хожим нь ярихдаа менежментийн алдаа гэх эзэнгүй нүх рүү чихэж явж. Хамгийн том эрсдэлүүдийг 2003, 2005 оны шийдвэрээр гаргаж их хэмжээний авлагыг царцааж, найдваргүй авлага нэрээр хүчингүй болгожээ.
Сангийн хөрөнгийг банканд байршуулахыг зөвшөөрсөн баримтууд нь сураггүй болжээ
2019 онд “Капитал” банкнаас 104.2 тэрбум төгрөг нэхэмжлэх шийдвэрийг шүүхээс гаргасан бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 24-ний байдлаар 36.9 тэрбум төгрөгийн төлбөр барагдаж, 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. “Чингис хаан” банкнаас нэхэмжилсэн 103.57 тэрбум төгрөгөөс 7.98 тэрбум төгрөг төлөгдөж, үлдэгдэл 95.6 авлагатай тэрбум төгрөгийн байна. Одоогоор энэ мөнгөнүүдээ олж авахаар 300 саяар өмгөөллийн үйлчилгээ авна гэхээс тодорхой юм алга. Гэтэл лав “Капитал” банкнаас авах 67.3 тэрбумыг ирэх оны НДС-гийн төсвийн орлогод тооцжээ. Мөнгөн хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ тухайн банкны нийт активын 20 хувиас хэтрэхгүй байх хязгаарыг 25 хувь болгон өсгөж байгаад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн харгалзаж үзээгүйгээс “Капитал”, “Чингис хаан” хадгаламж зэрэг байршуулж, банкуудад сангийн хөрөнгийг алдахад хүргэсэн гэж аудитынхан үзжээ.
Гэтэл НДЕГ-ын “Капитал” банканд байршуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний жагсаалтад 2013, 2015, 2016 оны НДҮЗ-ийн даргаас НДЕГ-т гэрээ байгуулах эрх олгох зөвшөөрлийн баримт бичиг нь НДЕГ-ын архив болон НДҮЗ-ийн ажлын албанд байхгүй, олдоогүй байна.
Сангийн хөрөнгийг Монголбанкны бодлогын хүүгээс бага хүүтэйгээр банканд байршуулж байжээ
“Капитал” банк нь өнгөрсөн аравдугаар сарын байдлаар НДС-д 67.2, ЭМДС-д 77.4 тэрбум нийт 144.6 тэрбум төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна. “Чингис хаан” банк нь өнгөрсөн аравдугаар сарын байдлаар НДС-д 95.3, ЭМДС-д 30.6 тэрбум нийт 126.9 тэрбум төгрөг төлөх үлдэгдэлтэй байна.
Түүнчлэн “Чингис” хаан банканд 2014-2020 онд нийт 56 удаагийн мөнгөн хадгаламж байршуулахад 24 удаад нь, “Капитал” банканд нийт 72 удаагийн мөнгөн хадгаламж байршуулахдаа 48 тохиолдолд нь Монголбанкны бодлогын хүүгээс доогуур хүүгээр байршуулжээ.
Дампуурсан долоо банканд байсан 5.4 тэрбум төгрөг төлөгдөөгүй
НДС, ЭМДС-гийнхаа мөнгийг төлбөрийн чадваргүй болж байгаа банкуудад хийгээд алдсан. Тэр мөнгөө хэрхэн олж авах вэ гээд УИХ дээрээ яриад сууж байна. Гэтэл банкуудтай холбоотой асуудал эрт эхэлж. 2000 оноос өмнө долоон банк дампуурахад тэнд хадгалагдаж байсан 5.4 тэрбум төгрөг төлөгдөөгүй байна. Дампуурсан банкуудад алдсан мөнгөний хувьд “Монгол бизнес” банканд байсан 200 сая, “Азийн хөрөнгө оруулалтын банк”-нд байсан 19.5 сая, “Экспорт, импорт” банканд байсан 753.2 сая, “Ардын банк”, “Монгол даатгал банк”-нд байсан 824.5 сая, “Хотш” банканд байсан 1.6 тэрбум, “Сэргээн босголт” банканд байсан хоёр тэрбум төгрөг банкууд татан буугдсантай холбоотойгоор найдваргүй авлагаар тооцон хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, найдваргүй банканд сангийн мөнгийг хийж үрэгдүүлдэг явдал “Капитал”, “Чингис хаан” банкнаас ч бүр өмнөөс эхлэлтэй гэж болно.
1996-1999 онд дампуурсан эдгээр долоон банктай холбоотой 5.4 тэрбум төгрөг бага сонсогдож болох ч тэр үед мөнгөний ханш чанга байсан. Үүнийг 2023 оны ханшид шилжүүлбэл 40.8 тэрбум төгрөг болно.
Энэ мөнгийг найдваргүй авлагад тооцож орхисон шийдвэрүүд 2003, 2005 онд гарсныг сайтар анзаарах ёстой.
Найдваргүй авлагад тооцон их хэмжээний орлогыг царцаажээ
2003, 2005 онуудад НДС-гийн маш их авлагыг хүчингүй болгож. Хүчингүй болгосон шийдвэргүүд яг ижилхэн, шинэ жилийн өмнө буюу тухайн онуудын арванхоёрдугаар сарын 30-нд гарч байжээ.
НДҮЗ-ийн 2003 оны арванхоёрдугаар сарын 30 ны 16 дугаар тогтоолоор 239 байгууллагын 303 сая төгрөг, 2005 оны арванхоёрдугаар сарын 30-ны 29 дүгээр тогтоолоор Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй зарим аж ахуйн нэгж, байгууллагын 81 ажил олгогчтой холбоотой 214 сая нийт 517.7 сая төгрөгийн шимтгэлийн авлагыг найдваргүйд тооцож хүчингүй болгосон байна.
20 жилийн өмнөх хагас тэрбум төгрөг одоогийн үнэ цэнээр бодвол хэдэн тэрбум болно. Тэгэхээр одоогийн НДС гийн алдагдал, дампуурал хаанаас эхтэй нь харагдана. Одоо энэ асуудлыг аудитынхан гаргаж тавихдаа “Тухайн үед нийгмийн даатгалын байгууллагаас өр төлбөр барагдуулахаар нэхэмжлэл гаргах боломжтой байсан” гэж үзэж байгаа юм. Боломжтой байсан ч эс үйлдэхүйгээр хөдөлж өгөөгүй, өнгөрсөн бүх алдаагаа “менежментийн алдаа” гэж эзэнгүй хоосон нүх рүү чихчихээд сууж байгаагийн цаана маш их хардалт дагуулсан асуудлууд байсан нь харагдана.
Алдахгүй гээд алдсан нь
Дампуурах гэж байгаа банкуудад мөнгөө хийж алдчихаад дараа нь дахин алдахгүй гээд мөнгөн хөрөнгийг арилжааны банканд байршуулахыг Сангийн яам дэмжээгүй.
Энэ хугацаанд 215.8 тэрбум төгрөгийн хүү авах боломжоо алдсан байдаг юм байна.
Төрийн шийдвэрээр сангаа “самарчээ"
НДС-гийн алдагдалд үе үеийн төр засгийн буруу шийдвэрүүд ихээр нөлөөлжээ. Удаа дараагийн хуулийн өөрчлөлтөөр Нийгмийн даатгалын хууль тогтоомжоор бус салбарын хууль тогтоомжоор тэтгэврийн хувь хэмжээг тогтоодог, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох хуулийн заалтууд болон гэнэтийн шийдвэр гаргаж тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэж байгаа нь санд ачаалал үүсгэж ирсэн. Нийт тэтгэвэр авагч 383 мянга байхад үүний 175 мянга нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгожээ. Ингээд ердийн нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон иргэн дунджаар 14.6 жил, хөнгөлөлттэй нөхцөлт иргэн дунджаар 17.8 жил тэтгэвэр авч байна.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хувь хэмжээг бууруулах, тэтгэвэрт гарах нөхцөлийг бууруулах зэрэг гэнэтийн шийдвэрүүд гаргаж санг 7.3 их наяд төгрөгөөр бууруулсан гэх тоог аудитаар гаргаж ирлээ.
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой болон цар тахлын үеийн шийдвэрүүд Нийгмийн даатгалын сангийн нөөцийг бууруулсан. 2024 оны эхний 10 сарын байдлаар нийт 63004 даатгуулагчид 37.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Нийт 146455 хүн сайн дураар даатгуулсан бөгөөд нийт 75 тэрбум төгрөгийн шимтгэл төлсөн байна. Үүнээс харахад даатгуулагчдын 43 хувь нь нийт төлсөн шимтгэлийн 49.4 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлт эдэлжээ. Өөрөөр хэлбэл, НДШ-ийг ялгамжтай байдлаар тогтоож, ялгаа зааг гаргасны гор нь ийнхүү илэрч байна.
Сангууд эрсдэл даах чадвахгүй болов
Найдваргүй банканд мөнгө хийж 150 тэрбум төгрөгийг банкуудын дампуурлаас алдагдсан. “Чингис хаан” банканд байршуулсан 126.9 тэрбум төгрөгийн авлага хүлээлтийн байдалтай байгаа. Монголбанкны бодлогын хүүгээс бага хувиар мөнгө байршуулснаас 12.2 тэрбум төгрөг, хадгаламж хэлбэрээр байршуулаагүйгээс 215.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох боломж алдсан. Аж ахуйн нэгжүүдээс авах ёстой 0.5 тэрбум төгрөгийн авлагыг хүчингүй болгосон. Одоогийн байдлаар хуримтлагдсан өр 541.8 тэрбум төгрөгт хүрч нийт 44 434 даатгуулагч хохирох эрсдэлтэй болжээ. Энэ бүхэн одоо НДС-гаа яах вэ гэдгийг Л.Энх-Амгалан сайд л бодоод, бодсоноо яриад суух биш үе үеийн дарга, холбогдох хүмүүсийг дуудаад УИХ нээлттэй сонсголын түвшинд авч үзэх, алдаа завхарлыг нэг мөр засаж, сангийнхаа ирээдүйг шийдэх ёстойг харуулж байна.
ЭМДС ч бас яригдана. Зохицуулалт дутагдалтайгаас одоогийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангийн өр 182.5 тэрбум төгрөгт хүрч, эрүүл мэндийн байгууллагуудын өр 191.8 тэрбум төгрөг болж хэвийн үйл ажиллагаанд нь эрсдэл үүсэж болзошгүй байгааг Үндэсний аудитын газар тайландаа дурдсан байна.
ЭМДС-гийн тухайд сүүлийн гурвал жил зарлага нь орлогоосоо давсан. НДС гийн 2020-2022 оны зарлага орлогоосоо хэтэрсэн. Сүүлийн хоёр жилд тэтгэмж, үйлдвэрлэлийн осол шалтгаалах өвчлөлийн мэргэжлээс сангаас бусад сангийн зарлага орлогоосоо хэтэрсэн байна. Товчхондоо, НДС даатгуулагчийн ирээдүйд учирч болох санхүүгийн эрсдэлийг хуваалцахад хүндрэл үүсэж, улсын төсөвт үзүүлэх ачаалал нэмэгдэхээр байна гэсэн дүн гарчээ. Бүр нийгмийн даатгалын асуудлаар баримталж буй бодлого оновчтой эсэх, нийгэмд бодит үр нөлөө үзүүлж буй эсэхийг хэмжиж, үнэлэх боломжгүй нөхцөлийг үүсгэж байна гэдгийг дурдсан байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn