Малаа зудад алдсан говийн малчид өвөлд хашир хандаж байна

19

Говийн гурван аймгаар яваад ирлээ. Малчид хэзээнээс тайван уужуу хүмүүс сэн. Гэвч цаг агаарын хүнд бэрх үзэгдэл тэднийг тайван биш хашир занд сургасан юм байна гэдгийг өвс тэжээлээ хэдийнэ бэлдэж, хашаа хороогоо засаж, сэлбэн, бөмбийтөл дулаалснаас харж явав. Ялангуяа өнгөрсөн өвлийн зуднаар нүдэн дээрээ хотоо харлуулчихаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчтэй нүүр тулсан малчид энэ жил ёстой “Тэгнэ ч гэж байхгүй шүү” гэх шиг өвлийн бэлтгэлээ жимбийтэл хийжээ.
Өнгөрсөн долоо хоногт 21 аймагт Улсын Онцгой Комиссын долоон шуурхай бүлэг “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалтын зээл авсан малчид, хоршоологчидтой уулзаж, өвөлжилтийн бэлтгэл болон хоршооноос авсан зээлийн зарцуулалт хэрэгжилтэд хяналт тавин ажиллаад ирсэн. Манай баг говийн аймгууд руу томилолт өвөртөлж, ажлаа Дундговь аймгийн Эрдэнэцогт сумаас эхлүүлэн, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар үргэлжлүүлсэн юм.
-МАЛЧИД ШИНЭ ХОРШООНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАН ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН АВАХААС ГАДНА ХАДЛАНГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВЧ, ӨВС ТЭЖЭЭЛЭЭ БЭЛТГЭН, ҮХРИЙН ФЕРМР, МАХНЫ ХӨРГҮҮР БАРЬЖЭЭ-
“Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 166-р тогтоолын дагуу “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Таван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны долоон банк хоршоогоор дамжуулан малчдад зургаан хувийн хүүтэй олгох юм. Ингээд бид малчид хоршооны зээлээ хэрхэн зарцуулсантай нь танилцахад ихэнх нь үржлийн мал авч, хашаа хороогоо дулаалж, хадлангийн тоног төхөөрөмж  авч, өвс тэжээлээ бэлдэж, үхрийн фермтэй болж, махаа хадгалж, нөөцлөх хөргүүр барьж, сүү сүүн бүтээгдэхүүн хийж, борлуулах байр барих байдлаар зарцуулжээ. Малчдын хувьд хүү багатай тус зээлд ам сайтай байх бөгөөд дахин малжих боломж олгож байгааг онцолж байв.
Бидний эхний уулзсан хоршоологч бол Дундговь аймгийн Хулд сумын хоршооны дарга Баатардорж. Түүний хувьд хоршооныхоо зээлээр тэмээ авсан байна. Энэ талаар “Манай хоршоо 10 гишүүнтэй. Зургаа нь энэхүү зээлд хамрагдаж, мал авсан. Миний хувьд олдохын хүрэн бор гээд сайн омгийн тэмээ авсан. Тэмээний ашиг шим бол ган зудад тэсвэртэй, жилийн дөрвөн улиралд сааль, ноос, мах, сүүгээ өгдөг. Мөн манай хоршооныхон 10 тонн махны хөргүүртэй. Хоршооны зээл малчдад тун хэрэгтэй. Малчдыг эргээд малжихад нь санхүүгийн том дэмжлэг болж байгаа” гэж байв. 
Мөн Говьсүмбэр аймгийн "Тэвшийн хажуу ус" хоршоогоор ороход хоршооны гишүүд хамтран шар сүүний чихэр, ааруул хийдэг гэнэ. Тэдний хувьд 2004 онд мал аж ахуйн Дэвжих малчны бүлэг нэртэйгээр байгуулагдан улмаар 2005 онд хоршоо болон өргөжиж, одоогоор 58 гишүүнтэйгээр эрчимжсэн мал аж ахуй, сүү, цагаан идээ борлуулалт, газар тариалан, мал, тэжээл үйлдвэрлэл, оёдол, хадлан зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн хийсэн бүтээгдэхүүнээрээ өргөтгөсөн үзэсгэлэн худалдаануудад оролцдогоо ч онцлон хэлж байлаа. Говийн гурван аймгийн хоршооны малчин айл өрхүүд энэ мэтээр зээлийн зарцуулалтаа танилцуулж байсан юм гэж ОБЕГ мэдээлжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn