Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг боловсруулж, батлуулахад оролцогчдод хүндэтгэл үзүүллээ

10
“Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр/2024.06.06/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хүндэтгэлийн ёслолд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, ШЕЗ-ийн үе, үеийн дарга нар Б.Чимид сангийн тэргүүн Ч.Чинсанаа нар болон бусад албаны хүмүүс уригдан оролцлоо.
 
 
               Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр эрхзүйн орчныг сайжруулах хүрээнд  шүүхийн багц хуулийн шинэчлэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн дагуу боловсруулан их хурлаар батлуулаад байна. Үүний нэг нь Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого бөгөөд 24 жилийн дараа шинэчлэгдэж, иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын бүх талын нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.
             Шүүхийн салбарт ирэх 10 жилийн хугацаанд нийт 766.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 7 зорилго, 16 зорилт, 79 арга хэмжээ, 103 шалгуур үзүүлэлт бүхий дунд хугацааны хөгжлийн энэхүү баримт бичгийг мөрдөж ажилласнаар өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд шүүхийн эдийн засгийн баталгааг хангах ажил үндсэндээ орхигдож ирсэн алдааг  засаж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг хүлээх талаар томоохон дэвшил хийж чадна хэмээн үзэж байгаа билээ.
         ШЕЗ-ийн дарга Л.Энхбилэг ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ; “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Улсын дээд шүүх, түүний дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн туслалцааны төв, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагууд дангаар болон хамтран хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх олон ажлууд тусгагдсан байгаа. Энэ чухал бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бидний хамтын ажиллагаа энэ мөчөөс гараагаа эхэлж байна. Байнгын ажлын хэсгийг байгуулан ажиллуулахаар төлөвлөж байгаагаа та бүхэнд дуулгаж байна” гээд тус баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөгөө товч танилцуулсан.
 
 
            Мөн шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төсөлд гар бие оролцон боловсруулах, зөвшилцөх, батлуулахад хүчин чармайлт гарган хамтран ажилласан хүн бүрийг нэр дурдан тусгайлан талархал илэрхийлсэн юм.
       УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нар шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр ШЕЗ-өөс санаачлан боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан эрхзүйн багц хуулийн шинэчлэлтийн үр дүнд шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
 
 
 
 
              Шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангахад энэхүү шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт жинтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй гэв.
          Шүүхийн шинэтгэлийг шинэ шатанд гаргах энэхүү бодлогыг Улсын Их Хурлаар батлуулах бэлтгэлийг хангаж, Байнгын хорооны болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн бөгөөд ажлын хэсгийн гишүүн Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга М.Үнэнбат, ахлах зөвлөх Г.Золжаргал, зөвлөх Ч.Батбямба нар идэвхтэй ажилласан. Мөн ажлын хэсгийн гишүүнээр ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, А.Отгонцэцэг, Б.Ундрах УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа,  Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин, ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан, УДШ-ийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Хуулийн хэлтсийн дарга Б.Оюунгэрэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал, Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн В.Болормаа нар ажилласан юм.
 
 
                   Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийг гар бие оролцон боловсруулах, зөвшилцөх, батлуулахад хүчин чармайлт гарган хамтран ажилласан хууль эрх зүй, шүүхийн салбарын ажлын хэсгийн гишүүдэд ШЕЗ-өөс талархал гардуулав.
 
 
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn