Телеграмаар үйлдэгдсэн 619 гэмт хэргээс нийт ₮10.3 тэрбумын бодит хохирол иргэдэд учирчээ

55
Гадаад улсын гэмт бүлэглэлээс цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өнөөдөр сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэлээ. 
Телеграм платформ ашиглан үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван дараах мэдээллийг танилцуулсан юм. 


Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг тогтмол өсөж байгаа. Энэ нь иргэдэд сэтгэл санаа болон их хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулж байна.
Ялангуяа Телеграм платформ ашиглан цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэрэг сүүлийн дөрвөн сарын хугацаанд цагдаагийн байгууллагад огцом бүртгэгдэж байгаа.  Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах нь чухал" гэв. 

"Телеграмаар үйлдэгдсэн 619 гэмт хэргээс нийт ₮10.3 тэрбумын бодит хохирол иргэдэд учирчээ"

Энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх зорилгоор дараах сэрэмжлүүлэг мэдээг тэрбээр нэмж танилцуулав. 


ОХУ-аас гаралтай "Телеграм" платформ нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт 950 сая орчим хэрэглэгчтэй. Насны ангиллаар авч үзвэл 25-45 насны хэрэглэгчид дийлэнх буюу 54 хувийг эзэлдэг.
Хэрэглэгчдийн хүйсийн хувьд
  • 58 хувь нь эрэгтэй
  • 42 хувь нь эмэгтэй 
Энэхүү платформд хэрэглэгч сард дунджаар 3 цаг 45 минутыг өнгөрүүлдэг байна.
Телеграм платформд дараах төрлийн гэмт хэргүүд бүртгэгдэн шалгагддаг.
  • Романс залилан: Хайр дурлалын залилан. Хохирогчтой удаан хугацаанд харилцаа үүсгэж итгэлийг нь олж авах замаар хөрөнгийг нь залилдаг.
  • Даалгавар өгөх залилан: Даалгавар биелүүлж мөнгө авахыг санал болгох, шагналт судалгаа бөглүүлэх нэрийдлээр хувийн мэдээллийг олж авдаг.  
  • Хуурамч зар байршуулах залилан: Өндөр цалинтай ажилд авна гэх хуурамч зар сурталчилгаа явуулж, иргэдийн эд хөрөнгийг залилдаг.
  • Секс сүрдүүлэг буюу хохирогчийг өөрөөр нь хувийн батлан даалт буюу хувийн эмзэг мэдээллийг нь олж авч дарамталж залилдаг.
  • COPYCAP буюу ижил нэртэй групп хаягууд үүсгээд мөнгө татаж залилдаг. Өөрөөр хэлбэл ижил нэртэй групп хаягуудыг хуулбарлаж, доторх мэдээлэл, үйлчлүүлэгч нараас мөнгө татах аргаар залилдаг.
  • Pump and dump буюу хөрөнгө оруулагч (хувьцаа, криптовалют, койн)-ны ханшийг цаашид өсөх талаар хуурамч мэдээлэл өгч өөрийн дансанд мөнгө татаж авдаг.
Дээрх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэг бүгд цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.
Монгол Улсад сүүлийн дөрвөн сарын хугацаанд нийт 619 хэрэг бүртгэлтийн хэрэг буюу гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 
Телеграмаар үйлдэгдсэн 619 гэмт хэргээс нийт 10.3 тэрбум төгрөгийн бодит хохирол иргэдэд учирсан.
Улаанбаатар хотод 457 гэмт хэрэг гарсан. Үүнээс хохирлын хэмжээ нь 6.8 тэрбум төгрөг байна. Дүүрэг тус бүрээр тоог нь гаргахад Баянзүрх дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна.
Орон нутагт нийт 162 гэмт хэрэг бүртгэгдсэн. Хохирлын хэмжээ нь 3.5 тэрбум төгрөг. Баруун бүс, хангайн бүс, зүүн бүс, төвийн бүс гэдгээр нь ангилж авч үзсэн байгаа.
Хамгийн их бүртгэгдэж байгаа нь төвийн бүс буюу энэ төрлийн 50 гэмт хэрэг өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд бүртгэгдсэн байна.
Дээр дурдсан 619 гэмт хэрэгт хохирогчдын байдлыг авч үзвэл гурван хохирогч тутмын хоёр нь эмэгтэй хүн байна.  Хохирогчдыг насаар нь ангилбал 25-34 насны иргэд хохирогчдын хамгийн их хувь буюу 40.7 хувийг эзэлж байгаа.
  • 24 нас хүртэлх хохирогч 17.1 хувь
  • 35-44 насны хохирогч 28.5 хувь
  • 45 ба түүнээс дээш насны хохирогч нь 13.7 хувь байгаа юм.
Хүйсээр нь авч үзвэл дийлэнх хохирогч нь эмэгтэй буюу 415 эмэгтэй хохирогчтой гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Хохирогчдын нийгмийн байдлыг харвал дийлэнх нь дээд боловсролтой. Тодруулбал 387 хохирогч буюу 62.5 хувь нь дээд боловсролтой иргэд хохирсон байгаа юм. Харин
  • Бүрэн, дунд боловсролтой иргэд 211 буюу  34.1 хувь
  • Бага, дунд боловсролтой 21 буюу 3.4 хувь байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn