Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2024-09-13/ танилцлаа.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой, үйлдвэрийн гаднах дэд бүтцийн байгууламжууд, “Газрын тосны үйлдвэрийн хотхон” төслүүдийг хэрэгжүүлж байна. “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй талаар болон үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав. Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн нэмэлт хэлэлцээрийг УИХ-аар батлуулан EPC 04 багц ажлын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн импортын хил, гаалийн журмыг өөрчлөх, гадаад ажилтнуудын визийн хөнгөлөлт, түүхий эд нийлүүлэх, түүхий тосны хангамжийг баталгаажуулах яриа хэлэлцээг хийх зэрэг асуудлыг хөндлөө.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтыг дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж буй. EPC 01 багц ажил болох технологийн бус барилга байгууламжууд, EPC 02, EPC 03 багц ажлуудын хүрээнд хийгдэж буй ажлууд, газрын тос дамжуулах хоолойн механик угсралтын ажлын явцыг төсөл хэрэгжүүлэгч компани болон ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.
Технологийн бус барилга байгууламжийн буюу иргэний нийт 11 барилга байгууламж, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусаж, шат дараатайгаар Улсын комисст хүлээлгэн өгч байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг учраас газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно. EPC 03 багцын ажил эхэлж байх үед Ерөнхий сайдын хувиар Алтанширээ суманд ирж танилцаад Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргаж байсан. Одоо үйлдвэрийн чухал хэсэг болох EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэх, тулгамдсан асуудлыг Энэтхэгийн Засгийн газартай тохироод УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, шуурхайлахыг чухалчилж байна. Стратегийн өндөр ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэлээ.