Ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихээр ХААН Банк ОУСК-тай хамтран ажиллана

0
ХААН Банк нь Монгол Улсад тогтвортой санхүүгийн тогтолцоог сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Дэлхийн банкны бүлгийн  гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Монгол Улсын эдийн засгийн ногоон шилжилтийг дэмжихэд хувь нэмрээ оруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхэд ХААН Банк онцгойлон анхаарал хандуулж буй бөгөөд Тогтвортой хөгжлийн бодлого болон ногоон санхүүжилтийн багцаа эрчимтэй өсгөх дунд хугацааны томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд энэхүү хамтын ажиллагаа чухал түлхэц болох юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ОУСК-ийн мэргэшсэн зөвлөх баг ХААН Банкны ногоон зээлийн санхүүжилт, үр нөлөөг амжилттай удирдах, тэр дундаа банкны дотоод үйл ажиллагаа болон нийт олгосон зээлийн багцын хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолж хэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг үнэлэх механизмыг бий болгох, Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан биет болон шилжилтийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог олон улсын тэргүүн туршлагад нийцүүлэхэд  дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлж ажиллах юм.
ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр хамтын ажиллагааны үр нөлөөг онцлон “Бидний урт хугацааны хамтрагч ОУСК-ийн зүгээс дахин дэмжлэг үзүүлж буйд талархаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, Парисын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын өгсөн амлалтыг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Энэхүү зөвлөх үйлчилгээг хоёр жилийн хугацаанд авснаар Монгол Улсын хамгийн том банкны хувьд өөрийн үйл ажиллагаанд уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан болж буй нүүрстөрөгчийн хийн ялгарал, түүний ул мөрийг бууруулахад чиглэсэн стратеги, төлөвлөгөө боловсруулах, ХААН Банкны ногоон зээлийг дэмжих чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, туршлагыг бэхжүүлэн сайжруулахад чухал ач холбогдолтой юм” гэж дурдлаа.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцийн талуудын байгуулсан Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдсэн бөгөөд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавиад буй. Энэхүү зорилтыг биелүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн санхүүгийн салбарын тогтвортой байдалд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийг бууруулахад банк, санхүүгийн салбар голлох үүрэг гүйцэтгэх юм.
ОУСК-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов “Ногоон бонд, ногоон зээл нь агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, ус цэвэршүүлэх болон хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох зэрэг байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хүчирхэг хэрэгсэл юм” хэмээн онцоллоо. Мөн тэрээр “ОУСК нь цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах Монгол Улсын өмнөө тавьсан зорилтод нийцсэн төслүүдийг санхүүжүүлэхэд ХААН Банк шиг санхүүгийн байгууллагуудад санхүүгийн болон зөвлөх үйлчилгээний дэмжлэг үзүүлсэн хэвээр байх болно” гэсэн юм.
ОУСК нь хөгжиж буй улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэгч дэлхийн томоохон хөрөнгө оруулагч байгууллагуудын нэг билээ. 2023 онд Монгол Улсад анх удаа гаргасан ногоон бондод ОУСК-иас хөрөнгө оруулалт хийсний дараа энэхүү хамтын ажиллагаа хэрэгжиж эхэлж байгаа юм.
Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-ийн тухай
Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага болох ОУСК нь хөгжиж буй улс орнуудын хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Зах зээлийн таатай орчин, бизнес эрхлэх боломжийг сайжруулах зорилгоор бид дэлхийн 100 гаруй улс оронд ажиллаж байна. 2023 оны санхүүгийн жилд ОУСК нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компаниуд болон санхүүгийн байгууллагуудад нийт 43.7 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон. Хувийн хэвшил нь ядуурлыг бууруулах, хүртээмжтэй өсөлт, хөгжлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг ба дэлхийн улс орнууд олон төрлийн сорилт, бэрхшээлтэй тулгарч буй энэ цаг үед энэхүү санхүүжилт маш чухал дэмжлэг болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org сайтаас авна уу
ХААН Банкны тухай
ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрд байрлах нийт 545 салбар, нэгж болон цахим сувгуудаараа дамжуулан Монгол Улсын хүн амын 82 хувьд буюу 2.9 сая харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд ХААН Банк үйл ажиллагаагаа ногооруулах ажлыг мөн эрчимтэй хэрэгжүүлсээр байна. ХААН Банкны 2022 оны Тогтвортой хөгжлийн тайлантай ЭНД дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn