"Шинэ уужим орд" компани ба Уулбаян сумынхны зөрчил ингэж эхэлжээ

571

Сүхбаатар аймгийн Уулбаян суманд холимог метал олборлох тусгай зөвшөөрөлтэй "Шинэ уужим орд" компани болоод нутгийн иргэд хооронд томоохон хэмжээний зөрчил үүсээд буй. Энэ зөрчил одоогоос дөрөв орчим жилийн өмнөөс эхлэлтэй.
 
 
Тодруулбал, "Шинэ уужим орд" компани нь Уулбаян сумын шүтээн газар болон тахилгат уул усанд ойрхон өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой иргэд гомдол гаргаж, Мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох газрууд хамтарсан шалгалтыг 2019 онд хийсэн байдаг. Тус шалгалтын үр дүнд "Шинэ уужим орд" компанийн үйл ажиллагааг зогсоох сумын Засаг даргын захирамж гарч, энэ маргаан түр хугацаанд зогссон билээ.
 
 
Гэвч тус компани энэ оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 22:00 цагт хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаагаа дахин эхлүүлж иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулаад буй. Уулбаян сумаас баруун зүгт 8.8 километрт орших өвөг дээдсийн үе уламжлан тахиж, шүтэж ирсэн Баянмөнх, Баянцогт, Батцагаан хайрхдуудын дунд “Цагаан ширээ” хэмээх газар уг уурхай ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ. Энэ талаар Уулбаян сумын Баян багийн иргэн, “Баянмөнх хайрханаа хамгаалах тэгш ширээ иргэдийн холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагч Э.Мөнх-Эрдэнэ “Уурхайн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн 2019 онд Уулбаян сумын Засаг даргаар Д.Шижирбаатар ажиллаж байсан. Тэрбээр ард иргэдийн санал хүсэлтийг үл харгалзан ашиглалтын үйл ажиллагааны гурван талт гэрээнд дур мэдэн гарын үсэг зурсан. Үүний дараа тус компани хайгуулын үйл ажиллагаа явуулах техник хэрэгслээ байршуулж эхэлсэн. Удалгүй аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч, тус компанийн үйл ажиллагааг зогсоосон ч 2022 оноос энэ уурхай гүйцээх хайгуулын үйл ажиллагаагаа дахин явуулж эхэлсэн.”Шинэ уужим орд” компанийн хайгуул хийж байгаа газар полиметал буюу холимог метал, зэс, хөнгөн цагаан, төмөр, хар тугалга зэргийн хоёр сая 800 мянган тоннын нөөцтэй гэсэн мэдээлэл авсан. 2018 оны долдугаар сарын 02-ноос  2048 оны долдугаар сарын 02-ныг хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан юм билээ. 
Нутгийн ард иргэд зөвшөөрөөгүй байхад гүйцээх хайгуулын үйл ажиллагаа явуулахаар зүтгээд байгаагийн далд учрыг ойлгохдоо “Шинэ уужим орд” ХХК  хайгуулын үйл ажиллагаагаа дуусгаад, ашиглалтын зөвшөөрлөө өөр компанид дамлан зарж магадгүй гэж нутгийн иргэд бид хардаж байгаа учраас хүчтэй эсэргүүцсээр байх болно” гэж ярилаа.
 
 
Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай хамаарах сумыг төлөөлж Уулбаян сумын Засаг дарга Д.Шижирбаатар, “Шинэ уужим орд” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Рэгзэдмаа нар гурван талт гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээнд гарын үсэг зурахдаа иргэдэд мэдэгдээгүй гэсэн шалтгаанаар тухайн үеийн Засаг дарга Д.Шижирбаатарыг нутгийн иргэд эрх ашгийн зөрчилтэй үйл ажиллагаа явуулсан гэж хардаж байгаа аж.
 
сонин mn
Д.Шижирбаатар: Хууль бус захирамж гаргасан гэсэн үндэслэлээр “Шинэ уужим орд” компани шүүхэд хандсан 
“Шинэ уужим орд” компани нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээг 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод байгуулжээ. Тодруулбал, Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолын дагуу аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай хамаарах сумыг төлөөлж Уулбаян сумын Засаг дарга Д.Шижирбаатар, “Шинэ уужим орд” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Рэгзэдмаа нар гурван талт гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээнд гарын үсэг зурахдаа иргэдэд мэдэгдээгүй гэсэн шалтгаанаар тухайн үеийн Засаг дарга Д.Шижирбаатарыг нутгийн иргэд эрх ашгийн зөрчилтэй үйл ажиллагаа явуулсан гэж хардаж байгаа аж. Тиймээс бид  Уулбаян сумын Засаг дарга асан, Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч  Д.Шижирбаатартай холбогдож хариу тайлбар авлаа. 
Тэрбээр  “Засгийн газрын 179 тогтоолоор гурван талын хамтран ажиллах гэрээг аймгаас тулгасны дагуу 2019 онд байгуулж байсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл биш болохоор сумын иргэдээс санал асуух шаардлагагүй. Энэ гэрээ  нэг жилийн хүчинтэй байсан учир хугацаа нь аль хэдийнэ дууссан. Үүний дараа сумын Засаг даргын бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж үйл ажиллагааг нь зогсоосон.
 
Гэтэл хууль бус захирамж гаргаж үйл ажиллагаа зогсоосон гэсэн шалтгаанаар “Шинэ уужим орд” ХХК намайг шүүхэд өгсөн. Ингэснээр би тус компанид хэдэн үеэрээ төлөөд барахгүй их хэмжээний өртэй болчихсон. Миний төрсөн нутаг “Баянмөнх” хайрхны ойролцоо хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа учир цуцлуулах гэж хичээсэн боловч үйл ажиллагааг нь зогсоовол их хэмжээний өрөнд орох асуудал үүсээд хуулийн өмнө хүчин мөхөстсөн” гэв. Д.Шижирбаатар нь 2008-2012 онд Уулбаян сумын Засаг даргаар, 2012-2016 онд Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргаар ажиллажээ. Үүнээс гадна “Шинэ уужим орд” компанийн төлөөллүүд “Баян” багийн иргэдтэй уулзах үеэр “Бид ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулна. Хэрэв үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цуцлах юм бол танай сумаас олон тэрбум төгрөг нэхэмжилнэ” хэмээн сүрдүүлж байжээ. 
Уурхайн үйл ажиллагааг дахин зогсоожээ 
“Шинэ уужим орд” ХХК энэ онд дахин БОАЖЯ-аар Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж, Ус ашиглуулах гэрээ, Хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ байгуулж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө Ашигт малтмал, газрын тосны газраар 2023 оны нэгдүгээр сарын 04-нд батлуулснаар үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндэс бүрджээ. Гэсэн хэдий ч үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хэд хэдэн зөрчил илэрсэн учир Уулбаян сумын Засаг даргын А46 захирамжаар тус уурхайн үйл ажиллагааг энэ сарын 10-ны өдөр зогсоосон байна. 
Ямар үндэслэлээр уурхайн үйл ажиллагааг зогсоосон талаар  Уулбаян сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Ренчин “Уурхайн хайгуулын ажлын үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийг мэдээллээр хангах Ажлын хэсэг гуравдугаар сарын 17-нд байгуулагдсан. Энэ Ажлын хэсгийн шалгалтаар дөрвөн зөрчил илэрсэн.
 
Нэгдүгээрт, БОАЖЯ-наас авсан усны дүгнэлт бүхий цооногоос хайгуулын өрөмдлөгийн усыг авахдаа баталгаажсан тоолуур тавихгүйгээр 15 метр куб ус авч ашигласан. Энэ зөрчлөө тус компанийн ерөнхий менежер Л.Бямбасүрэн хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаарт, хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа химийн бодисын жагсаалтад нэр дурдсанаас өөр бодис ашигласан. Гуравдугаарт, Ус ашиглуулах тухай гэрээний хугацаа гуравдугаар сарын 30-нд дууссан. Гэтэл үйл ажиллагааг нь  зогсоох хүртэл буюу дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл өрөмдлөгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилласан. Дөрөвдүгээрт, Усны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл авч, гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр “Шинэ уужим орд” ХХК-ийн үйл ажиллагааг нь зогсоосон” гэж ярилаа. Дээр дурдсан дөрвөн зөрчлөөс зөвхөн эхний зөрчлийг “Шинэ уужим орд” ХХК барагдуулжээ. 
"Шинэ уужим орд" ХХК гадны хөрөнгө оруулалттай юу? 
"Шинэ уужим орд" ХХК анх 2006 онд хайгуулын зөвшөөрөл авч, 2018 оноос ажлаа эхэлсэн, гадны хөрөнгө оруулалттай компани хэмээн орон нутгийн хэвлэл мэдээлжээ. Ийнхүү бид “Шинэ уужим орд” компанитай холбогдох гэсэн боловч  тус компанийн хаяг, үндсэн эзэмшигчийн талаарх мэдээлэл олон нийтэд ил байдаггүйн сацуу дээр дурдсан гэрээнд ч энэ талаарх мэдээллээ тусгаагүй байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Гурван талт гэрээг бүрэн эхээр нь харвал “Шинэ уужим орд” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Рэгзэдмаа гэснээс өөр мэдээлэл алга. 
 
Тэгвэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт орших “Уулбаян-Овоо” нэртэй 22 мянга гаруй га талбайн XV-011248 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2006 оны нэгдүгээр сарын 25-нд АМХЭГ-ын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр “Сентерра гоулд Монголия” ХХК-д олгожээ. Үүний дараа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны тавдугаар сарын 23-ны  өдрийн 384 дугаар шийдвэрээр энэ зөвшөөрлийг “Шинэ уужим орд” ХХК-д шилжүүлсэн байдаг.
 
 
Ийн  “Шинэ-уужим орд” компани 2018 оны долдугаар сарын 02-нд ашиглалтын тусгай зөвшөөрлийг 862.39 га талбайд авсан. Үүнээс нэг жилийн дараа буюу 2019 оноос нутгийн иргэд тус уурхайг үйл ажиллагаа явуулж эхлэхийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн билээ. Сумын Засаг даргын захирамжаар холимог металын энэ уурхай үйл ажиллагаагаа түр зогсоосон ч  нутгийн иргэд “Баянмөнх хайрханаа хамгаалах тэгш ширээ иргэдийн холбоо” НҮТББ-ыг байгуулан шүүхээр асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.
 
 
Баярмэндийн ДОЛЖИНЖАВЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn