Мах хилээр гаргах нь улстөрчдийн сонгуулийн мөнгөө босгох хэрэгсэл болсон уу?

726

Махтай холбоотой нийгмийн анхаарлыг татсан гэмт хэрэг, зөрчил олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагддаг боловч хуулийн байгууллагын шалгалтын явцад замхардаг байдал газар аваад удлаа.
Энэ асуудлыг илрүүлэх үүрэг хүлээсэн хил, гаалийн байгууллагын ажилтнууд өөрсдөө оролцдог нь нууц биш юм.
2011-2012 онд Замын-Үүдийн боомтоор гааль, цагдаа, төмөр замын алба хаагчид хамтран 27 вагон хушны цайруулсан самар хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг холбогдон шалгагдаж улс даяар эрэн сурвалжлагдаж, шүүхээс 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн Замын-Үүдийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч асан Х.Амартүвшин 2017 онд Говь-Алтай аймгийн гаалийн хорооны даргаар гэнэт томилогдсон байдаг.
Говь-Алтай аймгийн гаалийн хорооны дарга Х.Амартүвшингийн тэвчээр нь алдарч, сурсан зангаараа Бургастайн боомтын мэргэжлийн хяналтын газар, хилийн цэргийн ангийн удирдлагуудтай үгсэн хуйвалдан, бусдаас маш их хэмжээний авилга авч, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр стратегийн хүнсний бүтээгдэхүүн 200 тонн малын махыг долоон ачааны автомашинд ачиж, хил, гаалийн ямар ч шалгалтгүйгээр хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг зохион байгуулсан байна.
Тус зохион байгуулалттай гэмт хэргийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгааг АТГ баталлаа.
Өнөөдөр орон нутгийн махны үйлдвэрүүд улсаас татаас авч, 1 кг махыг 5,000 төгрөгөөр бэлтгэдэг. Монголын ханшаар 200 тонн мах нь 1 тэрбум төгрөг болох юм.
Хэдийгээр энэ нь бага мөнгө биш боловч Хятадад 4-4.5 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг учир ийнхүү хил давуулах ажлыг хууль бусаар зохион байгуулсан бололтой.
Энэ хэргийн ард улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүс байж болзошгүй сэжим ч шалгалтын явцад ил болж байгаа мэдээлэл байна.
Их хэмжээний малын махыг хилээр шалгалтгүйгээр гаргасан гэмт үйлдлийн захиалагч компанийн нэрс ч тодорхой болсон.
Тодруулбал, энэ хэрэгт Баруун монгол интернейшнл ХХК-ийн захирал иргэн Ө.Түвдэндорж, Говь-Алтай аймгийн Хүрийн овоо ХХК-ний захирал Н.Цэрэнпунцаг нарыг мөн давхар шалгаж байгаа гэх мэдээлэл ирсэн юм. Энэ мэдээллийг АТГ ч үгүйсгээгүй юм.
Бидний олж сонссон мэдээллээр тус хэрэгт орон нутгаас сонгогдсон УИХ-ын хоёр ч гишүүн холбогдоод байгаа мэдээлэл ирсэн юм.
Гэмт үйлдэлдээ амташсан Х.Амартүвшин 2019 оны 12 дугаар сард дахин 15 ачааны машинтай 350 тонн махыг хууль бусаар гаргахыг завдан орон нутгийн хуулийн байгууллагуудын хараанд өртөөд байгаа аж. Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа дээрх хүмүүс одоог хүртэл тус тусын ажлаа хийж, хариуцлага хүлээлгүй явж байгаагийн ард дээр дурьдагдсан эрхмүүд байгаа гэсэн хардлага бий.
Хилээр гаргасан 200 тонн махны төлбөр мөнгө хэрхэн яаж орж ирсэн нь тодорхойгүй байна. Манай улс “Саарал жагсаалт”-д орсон нь мөнгө угаах, хууль бус эргэлттэй холбоотой гэдэг. Энэ мэтээр мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэг оршсоор, үүнийг нь хууль тогтоогчид нь дэмжиж, оролцсоор байгаа нь харамсалтай.
Эх сурвалж: Г.МӨРӨН, IKON.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn