СҮХБААТАР: Дахин давтагдашгүй ур хийцтэй Дарьгангын алдарт дархчуул

183
Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь мөнгөн урлал юм. Манжийн дарлалын үед Дарьгангын сүрэгчин хошуунд цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон түүхтэй.Тухайнмөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийхболсон нь ийнхүү урлагийн бүтээл болтлоо хөгжих нөхцөлбүрдсэн байна.
Дарьгангын мөнгөн урлал, чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн. Дарьганга нутагт 1800-1970 оныг хүртэл 170 орчим жилийн хугацаанд 20 гаруй алдартай дархан төрөн гарчээ.
Тухайлбал, Сүрэнхор, "хөл" Галай, "жараахай" Балдан, Дугар, Ласран, Очир, Ням, Чойннямбуу, Б.Лхамсүрэн, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, Д.Цэеэрэгзэн, М.Зундуй, Н.Содов, Загдсүрэн гээд нэрлэвэл олон байна. Энэхүү авьяас билэгт урчууд нь олон арван жил хуримтлуулан, баяжуулсан бурхан ухаан, уран гар, хурц сэргэлэн нүд, өвөрмөц арга барилаар мөнгөн урлалд дарьганга хийцийг бий болгосон аж.

Дарьгангын дархчууд мөнгөөр эмээл, хазаар, хударга, хэт хутга, аяганаас гадна сам, дарлага, бөгж, бугуйвч, шүдэнз, савангийн гэр, тамхины хайрцгийг маш уран хийцтэйгээрхийж,шүр, тана, сувд шигтгэдэг. Дарьганга дархчуудын олон үе дамжин баяжуулсан нарийн ур хийц, туурвин бүтээх уламжлалт арга барил бусдаас содон өөр байдаг. Тэдний урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхэйг ухаж сийлбэрлэн гаргасныг тодхон харж болно. Тухайн мөнгөн эдлэлийг чимэглэж буй хээ угалзны зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны цогц чадамжаар дарьганга хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгардаг.

Өдгөө тус аймгийн Угсаатны зүйн музейд тусгай мөнгөн урлалын танхимд эдгээр алдартнуудын болон тэдний залгамж халаа болсон уран дархчуулын урласан дахин давтагдашгүй, ховор нандин бүтээлүүд нь музейн ховор үнэт үзмэр болон хадгалагддаг. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn