СҮХБААТАР: Хил нээгдэхэд Бичигт боомтын ачаалал 2-3 дахин нэмэгдэнэ

213


Бичигт боомтод ажил үйлчилгээ эрхэлдэг байнгын 1000, түр буюу явуулын 1500 нийт 2500 гаруй иргэн суурьшдаг. Уул уурхайн болон экспорт импортын ачаа тээвэр болон хүн тээврийн үйлчилгээ тогтмол явагддаг. Ердийн үед өдөрт дунджаар 500-600 орчим зорчигч, 300 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Одоогоор боомтын нөхцөл байдал тайван байгаа ч хил нээгдэж боомтын үйл ажиллагаа эхлэх үед ачаалал 2-3 дахин нэмэгдэх хандлагатай байна.

Бичигт боомтод цагдаагийн тасаг байгуулах шаардлагатай гэв

Дээр дурдсантай холбоотойгоор тус боомтод цагдаагийн тасаг байгуулах шаардлага бий болсныг холбогдох албаныхан онцгойлон анхааруулж байна. Жишээлбэл, 01 дүгээр сарын 9-ний өдөр Бичигт боомтын нүүрс тээврийн хяналтын талбайд том тэрэгний жолооч ковш машинд дайруулан амь насаа алджээ. Уг хэрэгт Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагчид хяналт шалгалт хийж, шалтгаан нөхцлийг тогтоосон байна.Бичигт боомтын газар2019 ондстандартын гаалийн хяналтын талбайтайг ашиглалтад оруулсан. Уг ажлыг "Андын элч" ХХК гүйцэтгэж, 600 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг.
Гэмт хэргийн нөхцөл байдал:Эрдэнэцагаан сум дахь сум дундын цагдаагийн тасаг нь анх 1993 онд зургаан хүний орон тоотой байгуулагдаж байсан ба өнөөдрийг хүртэл орон тооны хувьд өөрчлөлт хийгдээгүй хэвээр байна. Гэтэл тус суманд сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 2022 онд 58 гэмт хэрэг бүртгэгджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал залилах гэмт хэрэг 66 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1,5 дахин, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг хоёр дахин, бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 66,6 хувиар тус тус өссөн байна. Өөрөөр хэлбэл эрүү, хэв журмын нөхцөл байдал хэд дахин хүндэрч, гэмт хэрэг зөрчлийн гаралт бусад сумдаас эрс ихэссэн байна. Мөн сүүлийн жилүүдэд ашигт малтмалын ашиглалт, хайгуулын лиценз эзэмшигч, хөрөнг өоруулагчдын дунд эд хөрөнгийн маргаан зөрчил үүсч үүндээ нутгийн иргэд, иргэний хөдөлгөөний байгууллагуудыг татан оролцуулах хандлага ихэсжээ. Мөн иргэд малчид, компани хоорондын зөрчилдөөн ч багагүй гарах болсон нь мөн анхаарал татсан асуудал болоод буй.
Боомтын нөхцөл байдал:Бичигт боомт нь аймгийн төвөөс 290 км, Эрдэнэцагаан сумаас 70 км-т байрладаг. Эрдэнэцагаан сум ашигт малтмалын орд ихтэй. Одоогоор 24 ААН 31 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй зургаан уурхай бий. Энэ нь Сүхбаатар аймгийн хэмжээнд олгогдсон нийт тусгай зөвшөөрлийн 30 гаруй хувийг эзэлдэг. Энд гадаадын буюу хамтарсан хөрөнгө оруулалттай 12 компани бүртгэлтэй. Эрдэнийн босго, Андын элч, Бадмаараг хаш зэрэг компаниуд хүрэн нүүрс, бусад компаниуд жонш, хүдэр олборлож байна. Эднээс 10 компани нь ачаа тээврийн үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг. Бичигт боомтоор Монгол Улсын гадаад худалдааны бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн импортын 0,4 хувь, экспортын 2,5 хувь нь явагддаг. Боомтод хил хамгаалах байгууллага, гааль, ГИХГ, авто тээвэр, агнуул, цагдаагийн гээд нийт 56 төрийн албан хаагч ажилладагаас ганц нь л цагдаагийн албан хаагч. Монгол орны зүүн урд хилийн боомтод ердөө ганцхан эдийн засгийн мөрдөгч ажилладаг. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн боомтод ганц мөрдөгч үүрэг гүйцэтгэж байгаа нь алба хаагчийн аюулгүй байдалд эрсдэл учирч болзошгүйн зэрэгцээ эдийн засгийн мөрдөгчийн үндсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Боотмын цаана буюу БНХАУ-ын талд хилийн 1050 дугаар тэмдэгтийн чиглэлд төмөр зам, төмөр замын өртөө байгуулах ажлыг 2016 онд хийж гүйцэтгэсэн. Наад тал буюу монгол талаас Хөөт-Бичигтийн чиглэлийн 216 км төмөр зам барих төсөл эхэлсэн. Мөн Бичигт боомтыг нүүлгэн шилжүүлэх, шинээр барих төслийг Азийн хөгжлийн банкны 9,1 сая долларын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн. Боомтын одоогийн байгаа байрлалаас зүүн тийш хоёр километр зайд 14 га талбайг боомтын шинэ бүс хамрана. Ингэхээр боомтын хүчин чадал болоод ачаалал ч хэд дахин нэмэгдэнэ. Эдгээр бүтээн байгуулалтыг тооцохгүйгээр одоогийн байдалд хил нээгдэхэд л боомтын ачаалал багадаа 30-50 хувиар өснө. Тиймээс учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Хэрэв яг одоогийн энэ байдлаар удаан үргэлжилбэл Бичигт боомт хоёр дахь Цагаан хад болохыг хэн ч үгүйсгэхгүй...
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn