Хөл хорионы үед төрийн тэргүүн нар юу хийж байна вэ?

651

ДЭМБ-аас цар тахал гэж зарласан коронавирус олон оронд тархаад байгаа. Төрийн тэргүүн нар ямар арга хэмжээ авч, юу хийж байгаа талаар эх сурвалж цахим хуудаст бичсэн мэдээллийг хүргэе.
 
Хатан хаан II Элизабет  иргэдээ  дэг журамтай байж хүнд цаг  үеийг давах ёстой гэв 
Их Британийн хатан хаан II Элизабет коронавирусын улмаас учраад байгаа хямралыг даван туулахын тулд иргэдээ дэмжиж үг хэлсэн байна. Тэрээр “Их Британид 40 гаруй мянган хүн халдвар авч, 4000  гаруй хүн нас бараад байгаа энэ үед иргэдээ дэг журамтай, шийдвэртэй байж, үндэсний дотоод хүчийг хадгалахыг уриалжээ. Хатан хаан манай оронд нөхцөл байдал улам хүндэрч байна. Бидний амьдралд том өөрчлөлт авчирч, олон иргэнд санхүүгийн алдагдал учруулсан болон заримд нь гуниг зовлон авчирсан гэв. Гэхдээ энэ сорил шалгалтад хариуг нь өгснөөр ирээдүйд бид бахархах болно.
 
 
 
Бидний хойч үеийнхэн манай орныг тодорхойлдог эмх журам, шийдвэртэй байдал, сайхан зан, нөхөрлөлийн талаар олж мэднэ гэж найдаж байна” гэв. Энэ сард 94 нас хүрэх тэрээр мэдэгдлээ коронавирусын улмаас шилжиж суусан Виндзорийн цайзад хийсэн байна. 
 
 
Түүнээс гадна хатан хаан тэргүүн эгнээнд байж энэ өвчинтэй тэмцэж байгаа хүмүүст талархаж байгаа болон  ойр дотны хүмүүсээ алдсан олон гэр бүлийн уй гашууг мэдэрч байна” хэмээжээ.  Мөн  Их Британийн Засгийн газраас тавьсан  хөл хорионы дүрмийг хүндэтгэж байгаа иргэддээ талархаж байгаагаа илэрхийлжээ.  Тэрээр “Хөл хорио нь эргэцүүлэн бодох, бясалгал хийх, залбирал үйлдэх боломжийг бидэнд өгч байна. Бид тайван байх хэрэгтэй. Магадгүй жаахан тэвчих шаардлагатай. Сайхан  өдрүүд ирнэ” гэв.
 
Ерөнхий сайд Лео Варадкар эмнэлэгт ажиллана 
Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар коронавирусын халдвар газар аваад байгаа энэ үед эрүүл мэндийн салбарт туслахын тулд эмчээр ажиллахаар болсон гэж “The Irish Times” сонинд бичжээ. Тэрээр улстөрч болохоосоо өмнө анагаах ухааны мэргэжлээр суралцаж, долоон жил эмчээр ажилласан байна.  Харин улс төрд карьераа эхлүүлсний дараа мэргэжлийн ажлаа хийхээ больжээ.  Гэхдээ тус улсын эрүүл мэндийн салбарын удирдлагууд салбартаа ажиллахгүй байгаа эмч нарыг энэ өвчинтэй тэмцэхэд нь туслахын тулд дахин бүртгүүлж мэргэжлээрээ ажиллахыг уриалснаар өнгөрсөн сараас эмчээрээ ажиллаж эхэлсэн байна.  Харин Лео Варадкар Засгийн газраа толгойлохоос гадна долоо хоногт эмнэлэгт ажиллах аж. Энэ өвчний тархалтыг зогсоохын тулд халдвар авсан байж болзошгүй өвчтний эхний шинжилгээний бүх дүнг утсаар  хийх  бөгөөд Ерөнхий сайд энэ ажилд нь туслах юм байна. Хамгийн сүүлийн үеийн байдлаар Ирландад халдвар авсан 4994 тохиолдол бүртгэгдэж, 158 хүн нас баржээ.
 
Владимир Путин хөл хорионоос ажиллаж байна 
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хамгийн багадаа долоо хоног хөл хорионыхоо хугацааг сунгаж ажиллана гэж Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.  Гэхдээ ерөнхийлөгчийн энэ шийдвэр нь Владимир Путин коронавирусын халдвар авсан эмчтэй уулзсантай холбоогүй гэж нэмж хэлсэн байна.  Түүнээс гадна эмнэлгийн дарга Денис Проценкогийн өвчний хувьд хамгийн тохиромжтой үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга нь биечлэн уулзалтыг багасгах явдал юм.  Ерөнхийлөгч Владимир Путин үүнийг хэрэгжүүлж байна гэж Дмитрий Песков “Россия-1” телевизээр ярьжээ. Харин  Москвагийн Комунарка дүүргийн тусгай эмнэлгийн  дарга Денис Проценко өнгөрсөн мягмар гаригт коронавирусын халдвар авснаа мэдэгджээ. Тэрээр энэ талаар мэдэгдэл хийхээс долоо хоногийн  өмнө ерөнхийлөгч Владимир Путиныг эмнэлэгт нь очих үеэр дагалдаж явсан аж. Дмитрий Песков энэ талаар ерөнхийлөгч коронавирусын халдвар авсныг тогтоох сорилд хамрагдсан. Бүх юм сайн байна” гэв.
 
 
 
ОХУ-д өчигдрийн байдлаар 954 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 6343  болоод байна гэж Засгийн газраас нь мэдээлжээ. Мөн өдөрт хоёр хүн нас барсан гэж бүртгэгдсэний дараа нас барсан хүний тоо 45 хүрчээ. Харин тус улсад энэ өвчин гарснаас хойш 355 хүн эдгэрснээс хамгийн сүүлд 22 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
 
 
 
Япон онц байдал зарлана 
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Токиод коронавирусын халдвар огцом нэмэгдэж байгаа учраас онц байдал зарлахаар бэлдэж байна гэж тус улсын сонинд бичжээ. Никкэй сонин “Засгийн газар мэргэжилтнүүдтэй зөвлөлдөхөөр төлөвлөж байна. Шинзо Абэ даваа гаригийн орой халдварт өвчинтэй тэмцэх Засгийн газрын ажлын багтай хуралдана” гэж мэдээлсэн байна.  Дараа нь Засгийн газрын эвслийн намууд 60 тэрбум иен зарцуулах багц арга хэмжээг  батлуулахаар хуралдана. Гэхдээ Засгийн газрын өнөөдөр хийх хуралдаанаар батлагдана гэж  нэмж бичжээ. Мөн хэвлэлийн төлөөлөгч Ёшиде Суга өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр энэ талаар асуухад Токиод халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа учраас  мэргэжилтнүүдийн  бодолд тулгуурласан шийдвэрийг гаргана гэж мэдэгдсэн байна. Онцгой байдал зарласнаар орон нутгийн эрх баригчид гэртээ хөл хорионд орох, сургууль, кино театрууд, худалдааны том төвүүдийг хаах, олон нийтийг хамарсан арга хэмжээг  цуцлах хүсэлт гаргах боломжтой болно. Мөн иргэдээс хоол хүнс худалдаж авах болон чухал шаардлагатай бусад ажлыг хийхээс бусад тохиолдолд  гудамжинд гарахгүй байхыг хүсэх аж. Харин Японы Үндсэн хуульд зааснаар Засгийн газраас нь хүмүүсийг гэртээ байхыг шаардаж болохгүй гэнэ. Компаниуд ямар нэгэн хууль ёсны шалтгаангүйгээр хамтарч ажиллахаас татгалзвал эрх баригчид холбогдох байгууллагуудад нь хүсэлт гаргаж болно. Гэхдээ тушаал зааврыг биелүүлээгүй гэж торгууль ногдуулж болохгүй аж.
 
 
Х.ОюунболдЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn