Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын удирдлагад хариуцлага тооцжээ

575

Энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч “Б” нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Дээрх асуудалд Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон  албаны шалгалт явуулж, дүнг  2020 оны гуравдугаар сарын 6-ны өдөр даргын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Тус хуралдаанаар  Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батзориг нарыг алба хаагчдадаа тавих өдөр тутмын хяналтаа сулруулсан, удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнээд албан тушаал бууруулсан юм. 
Галт зэвсэгтэй харьцах үеийн аюулгүй ажиллагааны заавар, журмыг зөрчсөн тус цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Батсуурийг албанаас дутагдлаар халж, холбогдох хэргийг нь АТГ-т хуулийн дагуу шалгуулахаар шийдвэрлэжээ.
Мөн хуралдаанаас алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, шалган зааварчлах, мэргэжлийн удирдлагаар хангах, галт зэвсгийн хадгалалт хамгаалалт, ашиглалтад хяналт тавих үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй  зэрэг үндэслэлээр нийт 10 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулж хариуцлага тооцлоо.
Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Сүхбаатар Хэнтий, аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь  биечлэн танилцаж, алба хаагчидтай уулзалт хийж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байна.  
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn