АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгүүлэх хүсэлтийг Дээд шүүхэд хүргүүллээ

0


Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүхэд өчигдөр хүлээлгэж өглөө. Энэ үеэр  Х.Баттулга “УДШ-ийн 38-дугаар тогтоолийн дагуу Ардчилсан намыг сунгаагаа зарлаад дүрмийнхээ дагуу хүсэлтээ хүргүүлээрэй гэсний дагуу намын даргын сунгаа зарлаж 21 аймаг, есөн  дүүргээ тойрч АН-ын нийт гишүүдийнхээ олонхийн саналаар дарга нь тодорсон. Ингээд  УДШ-д АН-ын олон гишүүд дэмжигчид цугларч бүртгүүлэх материалаа хүргүүлж байна. Бүртгэх, үгүй нь УДШ-ийн асуудал. Намын шийдвэр гарсны дараа УТЗ хэлэлцсэний үндсэн дээр цаашид хэрхэн ажиллах вэ гэсэн хувилбар гаргаж ажиллана. Анхан болон дунд шатны намын байгууллагуудтай уулзаад эхэлсэн. Цаашлаад 21 аймгаараа дахин тойрч сум, баг анхан шатны нэгжүүдтэйгээ уулзалт хийж, санаа бодлыг нь сонсоно” гэв. Тус намынхны байр суурийг хүргэе.
 
АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир: БҮХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН 9978 ХУУДАС МАТЕРИАЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
 
-Улс төрийн намын бүртгэлийг хөтлөх журмын дагуу УДШ бүртгэлийн үйл ажиллагаа явуулна. Тиймээс бидний өгсөн материалыг  бүртгэх үүрэгтэй. Дутуу материалд байвал тав хоногийн дотор  шаардаж болно. Бид  бүх шаардлагыг хангах 9978 хуудас материал буюу 55000 боть материал өгсөн. Бичиг хэрэг дээр нь бүх материалуудаа хүлээлгэн өгөхдөө бичиг баримтуудыг бүрэн хүлээлгэж өгсөн болно гэсэн цохолтоор гарын үсгийг нь авсан байгаа. АН-ын Улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийн хураамж төлсөн баримт, Улс төрийн намын баримт бичиг хөтлөх тухай журмаас эхлээд энэ намын Их хуралдааны явсан, зарласан, хүмүүс оролцсон, санал өгсөн гээд бүх материалуудыг хүлээлгэн өглөө. Өмнө нь Онц Их хурлын материал гэж 38 боть материал хүлээлгэн өгсөн бол энэ удаа 55 боть материал хүлээлгэн өгсөн нь магадгүй хамгийн их материалыг хүлээлгэн өгч байгаа үйл явдал болж байна. Хамгийн их хууль ёсыг сахиж өгч байгаа материалууд болж байгаа байх. Бусад намууд ганцхан хуудас цаас, хурлын тэмдэглэгээ гээд өгч байхад АН-ын үйл ажиллагаа ширхэг болгоноор тоолж, сум болгоноос нь баримтаа бүрдүүлэн өгч байна. Харин татгалзах үндэслэл нь Үндсэн хуулийг зөрчиж үү, энэ нам дүрмээ өөрчлөөд ямар нэгэн хуулинд заасан бус уриатай, хүний эрхийг зөрчсөн дүрэм журамтай болчихоод ирвэл түүнийг нь зөвлөх үүрэгтэй.
 
ДОСХ-ны дарга И.Мөнхжаргал: ДАРААГИЙН УДАА АН-ЫН ГИШҮҮД ӨӨРСДӨӨ ИРНЭ
 
Үндсэн хуульд заасны дагуу АН-ын гишүүд эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж намын даргаа сонгон баталгаажуулсан материалаа хүргүүлэн ирж байна. Намын даргын сонгуульд хоёр нэр дэвшигч өрсөлдөж нэр дэвшигч Х. Баттулга 1130000 саналаар сонгогдлоо. Энэ үр дүнгээ намын Их хурлаараа хэлэлцэж, хэлэлцсэн үр дүнгээ УДШ-д хүргүүлж байна. Үүнээс илүү дээд шийдвэр гэж үгүй. Дүрэм, журам, хуулийн хүрээнд өөр хийх зүйл үлдээгүй. Энэ удаад намын даргын материалыг хүргүүлэх УДШ-д төлөөлөл болгож бид хэдийг ирсэн. Хэрэв үгүй гэж хэлбэл АН-ын гишүүд өөрсдөө ирнэ гэдгийг дамжуулаарай гэсэн. Гэхдээ дараагийн удаа гэж байхгүй.
 
АН-ын гишүүн Б.Мягмардаш: НАМЫН ДҮРМЭНД СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР ОГЦОРНО ГЭЖ ЗААСАн
 
-Улс төрийн намын тухай хууль болон Ардчилсан намын дүрмийн хүрээнд 2020-оны  долдугаар сарын 08-нд С.Эрдэнэ өөрийн биеэр тамгаа гардуулаад Ц.Туваан гишүүнд өгснийг монголчууд харсан. Ардчилсан намын дүрмэнд сонгуулийн үр дүнгээр огцорно гэж заасныг Үндсэн дүрмийн хороо ажлын таван өдрийн дотор албажуулж мэдээлэх үүрэгтэй. Үүнийгээ албажуулаад мэдээлчихсэн. С.Эрдэнэ бол намын дарга биш. Гэтэл зургаан сарын дараа гэнэт гарч ирээд тамганы асуудал яриад эхэлсэн УДШ-ээс тамганы дугаар яаж авсан юм бүү мэд. Ээлжит бус Их хурлаар АН-ын дарга асан З. Энхболд үе үеийн дарга нар барьж байсан, миний анхлан хийлгэсэн тамга мөн байна гэж Их хурлын төлөөлөгчдөд зарласан. Намын эрх барих дээд байгууллага нь Их хурал байдаг. Бид Их хурлаараа С.Эрдэнэтэй холбоотой тамга тэмдэг, бичиг баримтны асуудлыг хүчингүй болгоод тогтоол гаргасан. Уг тогтоолоо нийтэд мэдээлсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 75 (6807)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn