Харьяаллын бус иргэн гээд шинжилгээ авалгүй явуулсан иргэнээс халдвар илэрчээ
Хэнтий аймгаас Түвшинширээ суманд ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илэрсэн. Тэгвэл тухайн иргэнийг нутаг буцахад нь Хэнтий аймгийн холбогдох газрууд харъяаллын бус иргэн гээд шинжилгээ авалгүй явуулжээ.
Тухайн иргэн нь Хэнтий аймагт 4 дүгээр сарын 16-нд очиж, 28-ны өдөр хүү нь очиж авчээ. Ирэхдээ шинжилгээ өгөх гэсэн боловч хэлсэнчлэн харьяаллын бус иргэн гээд шинжилгээ авалгүй шууд явуулсан байна. Харин сумын пост дээр ирэхэд нь шууд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарч, улмаар гэрт нь ганцааранг нь тусгаарлажээ. PCR-ын шинжилгээгээр 5 дугаар сарын 1-нд коронавирусний халдвар авсан нь батлагдаж, АНЭ-ийн тусгаарлах эмнэлэгт зөөвөрлөн авчирч, эмчилж байна.
Тухайн иргэн ирээд шууд гэрийн тусгаарлалтад орсон бөгөөд энэ хугацаанд ямар нэг дэглэм зөрчөөгүй байна. Харин хүү болон өөрт нь хяналт тавьж байсан эмнэлгийн ажилтан хоёрыг ойрын хавьтал гэж үзэн тусгаарлаж, шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна гэж Түвшинширээ сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Я.Анхтулга мэдээллээ.