Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо Мэдээ мэдээлэл 2024/05/31 17:54 15 Хуваалцах Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “Захиргааны хэргийн шүүх 20 жил: Онол, практикийн бага хурал” өнөөдөр /2024.05.31/ Улаанбаатар хотноо боллоо. Хуралд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг болон гишүүд оролцож, нийт Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ. Зөвлөлийн дарга Л.Энхбилэг “Монгол Улсад 20 жилийн өмнө захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь төр, түүний захиргаа хуулиа дээдэлж, төр иргэнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстойг биечлэн харуулж чадсан, албан тушаалтнуудыг хууль дээдлэх ёсны өмнө мэхийлгэсэн цаг хугацаа байв. Төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа зөвхөн хуулийн хүрээнд, үйл ажиллагаа нь шүүхийн хяналтад орж, төр иргэний өмнө хариуцлага хүлээх ёс, дэг, соёл Монгол Улсад үндсэндээ тогтсон бөгөөд хамгаалах, бэхжүүлэх, ажил үргэлжилж байна. Өнгөрсөн 20 жилийн түүхийг сөхөхөд захиргааны хэргийн дагнасан шүүх энэ зэрэгт хүрч бэхжихэд туулсан зам хялбар байгаагүй. Хүний нөөцийн, хууль эрх зүйн, шүүхийн тогтолцооны зэрэг бэрхшээл саад цөөнгүй байлаа. Чигч, шударга, эрдэм мэдлэгтэй боловсон хүчнийхээ нөөцөд тулгуурлан тогтвортой мэргэшсэн шүүхийг бий болгожээ. Захиргааны хэргийн шүүх нь 2004 онд байгуулагдахдаа Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд 6 шүүгч, давж заалдах шатны шүүхэд 6 шүүгч, нийслэлийн анхан шатны шүүхэд 7шүүгч, орон нутагт 47 шүүгч нийт 66 шүүгчтэйгээр байгуулагдаж байсан бол өнөөдөр 93 шүүгчтэй захиргааны олон ажилтнуудыг дадлагажуулан бэлтгэж Монгол Улсын шүүхийн өнөр өтгөн гэр бүлд онцлог чиг үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлж байна. Захиргааны хэргийн шүүхийг ийнхүү тусгайлан байгуулсан явдал нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны дур зоргыг хязгаарлах, гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээн эдлүүлэх боломжийг баталгаатай олгох Үндсэн хуулийн үзэл баримтлал бодитоор хэрэгжих эрх зүйн хөгжлийн нэг шинэ шатыг нээж, ардчилсан төрийн төлөвшил хөгжилд чухал хувь нэмэр оруулсан билээ. Эрхэм хүндэт шүүгчдээ! Эрх мэдэлтэнтэй нүүр тулдаг дагнасан шүүхийн шүүгчид та бүхний албан тушаалтныг хууль дээдлэх ёс, журамд хэвшүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох их үйлст амжилт хүсье. Хорин жилийнхээ ололт, сургамж, туршлагад тулгуурлан Монгол улсад дагнасан шүүхийн тогтолцоог манлайлан хөгжүүлж, эгэл иргэдийнхээ эрх чөлөөт амьдралыг чин шударгаар хамгаалж, шударга ёсны үйлчилгээг үзүүлэх үйл хэрэгтээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе.Шүүхийн захиргааны төв байгууллага захиргааны хэргийн дагнасан шүүхийг бэхжүүлж, хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно” гэв. Дараа нь “Захиргааны хэргийн шүүх 20 жил” онол практик, эрдэм шмнжилгээний бага хуралд оролцож буй үе үеийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарт Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар уншиж сонордуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар нэр бүхий шүүгч, шүүхийн захиргааны албан тушаалтнуудыг шагнасныг гардууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатарыг Захиргааны хэргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас шүүгч, Ерөнхий шүүгчээр дэвшин тасралтгүй 21 жил ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Алтан гадас одонгоор мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэгийг хууль зүйн салбарт тасралтгүй 18 жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж Алтан гадас одонгоор тус тус шагнасныг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. скачать dle 12.0 15 Хуваалцах Facebook Twitter