Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

49

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо 126 болж, энэ хүрээнд парламентийн сонгууль можаритори болон порпорционал холимог системээр явагдаж 126 гишүүнтэй шинэ парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд 5 сар болж байна.
Энэ хугацаанд 126 гишүүнтэй парламентын талаарх иргэд олон нийтийн байр суурь янз бүр байгаа ч УИХ-ын 2025 оны төсөв батлах тухайд 126 гишүүнтэй парламентын “давуу тал” харагдав уу гэж хэлж болохоор байна.
Тойргоос биш намын жагсаалтаар сонгогдсон зарим гишүүд төсвийн төсөлд шүүмжлэлтэй хандан, урьд өмнөхөөс илүү хэлэлцүүлэг өрнөж, олон нийтийн дунд төсвийн төслийн зарим мэдээлэл “нээлттэй” мэдээлэгдлээ.
Магадгүй өмнө нь 76 гишүүнтэй парламенттай байхад олонхи нь хүч түрэн асуудлыг шуурхай шийдвэрлэх нэрээр “олон нийтэд хаалттай” шахуу хэлэлцэгддэг асуудал ийнхүү иргэдэд өмнөхөөсөө илүү нээлттэй болж байна.
Эндээс харахад 2023 оны 05-р сарын 05-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулах үеэр хэлсэн үг тус үйл явдлаас хойш нэг жил хагасын дараа “биелж” эхэлж байна гэж хэлж болохоор.
Түүний хэлсэн үгийг эргэн саная. /ЭНД ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ.../
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан байдаг.
Ард түмэн энэхүү эрхээ бодитоор эдэлж байна уу? Ард түмний төлөөлөл иргэдийг үнэхээр төлөөлж байна уу? Хүмүүнлэг, иргэн төвтэй нийгэм цогцлоох чиг хандлага зөв явж байна уу? Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу? гэсэн асуултуудыг 30 жилийн заагт иргэд асууж байна. Эдгээр асуултын хариулт болсон суурь өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийж чадахгүй бол ард түмэн ардчилсан парламентын засаглалд итгэл алдрах эрсдэл байна” хэмээх үгийг Ерөнхий сайд УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлж байсан.
Ерөнхий сайд ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгаанаа:
Нэгдүгээрт. Геополитикийн өөрчлөлт буюу олон туйлт дэлхий буюу Эх дэлхийн хомсдож буй нөөц баялаг, хүн төрөлхтөнд тулгарч буй хүнсний хомсдол, цар тахал, байгаль цаг уурын дулаарал, гамшигт үзэгдлийн олон сорилт болон дэлхий нийтийг хамарсан цар тахлын өмнөх үедээ улс төр, нийгэм, соёл, амьдралын хэв маягийн хувьд дахин очих боломжгүй нөхцөл, Дэлхийн улс орнууд үнэт зүйлийн хувьд хуваагдаж, дайн үүсэх бодитой эрсдэл үүсч, хүчний харьцаанд хуваагдаж, олон туйлт шинэ дэг журам үйлчлэх сорилттой нүүр тулсан байдал олон жил үргэлжлэх магадлалтай нөхцөл байдал дунд дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, ардчилсан парламентын засаглалтай манай улсын хувьд тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хэрхэн хамгаалж, хөрвөх чадвартайгаар хөгжиж чадах эсэх нь энэ цаг үеийн УИХ-ын гишүүд та биднээс ихээхэн ур ухаан шаардаж байна.
Тиймээс бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгчлэн ҮХ-д Нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж, Улсын Их Хурлын төлөөллийн чадамжийг сайжруулж, нийгэм, улс орны тулгамдсан асуудлыг илүү олуулаа хэлэлцэн шийдвэрлэх нь үндэсний аюулгүй байдалд туйлын чухал алхам болно.
Хоёр. Нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах боломж буюу өнөөгийн 76 гишүүнтэй нөхцөлд Улсын Их Хурлын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд нь дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд давамгайлсаар ирснийг өөрчлөхийн тулд энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгаж байгааг онцолсон.
Эрэгтэй эмэгтэй хүйс тэгш байж нийгмийн тэнцвэр хангагддаг шиг Нутаг дэвсгэрийн төлөөлөл, Нийгмийн сонирхлын төлөөлөл тэнцвэртэй байж төрийн бодлого зөв бөгөөд бодитоор тодорхойлогдоно гэдгийг Ерөнхий сайд үгэндээ дурьдсан.
Гуравдугаарт. Эдийн засгийн их үсрэлт буюу тойргоос сонгогдсон гишүүдийн тойрогтоо “ажиллах гэсэн, тойргоо хөгжүүлэх гэсэн” итгэл эрмэлзлэл нь улс орны эдийн засгийн хөгжлийг хойш татаж, иргэдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, цалин, тэтгэврийн нэгдсэн бодлого болон боомт, тээвэр логистик, аж үйлдвэржилт, эрчим хүч, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр зэрэг эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтэд хязгаарлах хүчин зүйл болсныг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Цаашлаад хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй, нэгдсэн төлөвлөлтгүй төрийн бодлогоос шалтгаалж, хэчнээн хэмжээний боломж алдсаныг, ямар хэмжээний сорилттой тулгарч ирснийг тоочоод баршгүй.
Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, сонгуулиас сонгууль дамжсан амлалтад тамирдсан тойрогт шүтсэн тогтолцоог халж, улс орны хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой эдийн засгийн томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.
Тиймээс ҮХНӨ-ийг батлах нь эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараа байх боломжтой гэдгийг Ерөнхий сайд ҮХНӨ-ийн төслийг УИХ-ын чуулганаар танилцуулахдаа хэлж байсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдсанаар:
· Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна.
· Нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөх болно.
· Сонгодог парламентын мэтгэлцээний соёлд шилжиж, хууль хэлэлцэн батлагдах чанар хоёр дахин сайжирна.
· Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна.
· Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийн чиг хандлага өөрчлөгдөж, бодлогын нам болж төлөвших эхлэл тавигдна.
· Нийгмийн бүлгүүдийн дуу хоолой хоёр дахин нэмэгдэж, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчуудын сонгуульд санал өгөх эрх нээгдэнэ.
· Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хяналт тэнцлийн зарчим хангагдана.
· Жендэрийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг 2023 оны 05 сарын 05-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ҮХНӨ-ийн төслийг танилцуулахдаа хэлж байсан нь энэ цаг хугацаанаас хойш 1.5 жилийн дараа буюу өнөөдөр биелэлээ олж байна.
Үүний тод жишээ гэвэл саяхан УИХ-ыг чулганаар 2025 оны Улсын төсөв хэлэлцэх үеэр өрнөсөн үйл явц нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өмнө нь хэлж байсанчлан УИХ-ын гишүүдийн “Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна” гэсэн үгтэй дүйцэхүйц парламентын реформ болжээ гэж хэлж болохоор байна.
Ийм реформ, ийм л хэлэлцүүлэг, ийм л үнэний төлөө хатуу байх, хулгайгүй, худалгүй байх хандлага Л.Оюун-Эрдэнийн “туйлын хүсэл” байсан гэдэг нь ойлгомжтой.
Ц.Мөнх
Амлалт.мн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn