Монгол Улсын өрсөлдөх чадварыг бохирдол хойш татжээ

0

Монгол Улс дэлхийн 67 улсаас өрсөлдөх чадвараараа 61 дүгээрт эрэмбэлэгдэж, 100 оноо авахаас 46.3 оноотой байна. Энэ бол “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2024”-ийн хамгийн сүүлийн мэдээ. Улс орнуудын өрсөлдөх чадварыг дөрвөн үндсэн бүлгээр нийт 336 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмждэг. Манай улсын тухайд засаглал, бизнес эрхлэх орчин, дэд бүтцийн үзүүлэлтүүд өрсөлдөх чадварыг хойш татсаар байна.

Өмнөх онтой харьцуулбал эдийн засгийн тэнхээ болон бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа бүлгүүдийн эрэмбийн оноо бага зэрэг урагшилсан ч засаглал, дэд бүтэц, бохирдлын хувьд ухарчээ.

Дэлхийн өрсөлдөх чадварын Монгол дахь албан ёсны түнш болох “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс дэд захирал И.Одончимэг, судлаач Ч.Ганбат нар энэхүү тайланг танилцуулсан юм.


Дэлхийн өрсөлдөх чадварын тайланг 1989 оноос хойш тасралтгүй гаргаж байна. Уг тайланд улс орнуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлээр харьцуулан өрсөлдөх чадварын рейтингийг гаргадаг.

Өрсөлдөх чадвар өндөр орнуудаар Сингапур, Ирланд, Швейцар тодорсон бол Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл өрсөлдөх чадвар хамгийн сул байна. Монгол Улс энэ тайланд 2015 оноос хойш багтаж байгаа бөгөөд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэдээлснээр 2018 оноос хойш онооны үзүүлэлт тогтмол буурсаар байна. 2023 оны тайланд нийт 64 улсыг жагсааснаас Монгол Улс 100 онооноос 35.56 оноо авч 62-т буюу хойноосоо гуравт эрэмбэлэгдсэн. Энэ нь өмнөх оноос 0.64 оноогоор буурч, нэг эрэмбэ ухарсан үзүүлэлт юм. Сайн үзүүлэлтүүдэд нь оффисын түрээсийн үнэ, эмэгтэй захирлын тоо, экспорт, төсвийн үзүүлэлт орсон бол Засгийн газрын чадамж хамгийн бага буюу ердөө 5.5 оноо авсан. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн үзэж буйгаар Монголд багийн дарга, Иргэдийн хурлаас эхлээд Засгийн газар, УИХ хүртэлх бүх түвшинд засаглалын хямрал нүүрлэснийг онцолсон. Тэгвэл 2024 онд 67 орноос 61-т буюу даруй зургаан орноор хойшилсон. Энэ нь өмнө энэ судалгаанд ордоггүй гурван оронг нэмсэн нь нөлөөлжээ.
 
Эхний аравт эрэмбэлэгдсэн орнуудын хөдөлмөрийн үнэлэмж өндөр байна
 
2024 оны тайлангийн үр дүнгээс харахад өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улсаар Сингапур нэрлэгдсэн бол удаах байруудад Швейцар, Дани, Ирланд болон Хонгконг эрэмбэлэгджээ. Сингапур улс 2020 оноос хойш анх удаа дахин өрсөлдөх чадвараараа тэргүүлж эхэллээ. Харин Венесуэл, Аргентин, Гана, Нигер болон Бразил улс сүүл мушгисан байна.

Өрсөлдөх чадварын хүчин зүйл тус бүрээр харвал эдийн засгийн тамир тэнхээ бүлэгт АНУ тэргүүлж, засаглалын үр ашиг болон дэд бүтэц бүлгээр Швейцар, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа бүлгээр Дани улс тус тус тэргүүлж байна.

Хамгийн хүчирхэг эдийн засагтай гэх Хятад улс 14 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний нэмэгдэл муу байгаа нь хойш татсан аж. Харин баруун европын орнуудын эдийн засгийн өсөлт Хятад болон, АНУ зэрэг орноос тааруу байгаа ч дээгүүр эрэмбэлэгдсэн нь эдгээр улсад хөдөлмөрийн үнэлэмж өндөр байгаатай холбоотой гэдгийг судлаачид тодотгож байна. Дэлхий дахинаа өөрчлөн хувьсаж буй нөхцөл байдлыг урьдчилан харж, дасан зохицох чадвар сайтай байхын зэрэгцээ амьдралын чанар, нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд анхаарч буй улс орнууд өрсөлдөх чадвараар тэргүүлж буйг тайланд онцолжээ. Мөн 2024 оны хувьд болон цаашид хиймэл оюун, хүлэмжийн хий ялгаруулал багатай тойрог эдийн засаг, дэлхийн эдийн засгийн интегралчлал болон дижитал шилжилт үргэлжилсээр байх нь улс орнуудын хувьд анхаарах асуудал хэвээр байхыг сануулсан аж. Учир нь өрсөлдөх чадвараар тэргүүлсэн орнууд хиймэл оюун ухаан технологийн шинэчлэл хийсэн улс оноогоо ахиулсан байна. Монгол Улсын хувьд 100 оноо авахаас 46.3 хувийн оноотой. Тэгэхээр оноогоо ахиулахын тулд засаглал болон орчны бохирдол, бизнесийн орчин, хөдөлмөрийн үнэлэмж зэрэгт анхаарах шаардлагатай байна.
 
Бохирдол, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрийн хөгжил зэргээр сүүл мушгижээ
 
Манай улс 2016-2018 онд өрсөлдөх чадварын оноо өссөн бол 2023 он хүртэл энэ оноо тасралтгүй буурсаар энэ онд ийнхүү өсөлттэй гарсан байна. Ази, Номхон далайн нийт 14 улсаас 14 дүгээрт байна. Түүнчлэн нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь 20 мянган ам.доллараас бага 23 улсаас 17-д эрэмбэлэгджээ. 20 саяас бага хүн амтай 37-н улстай харьцуулахад 37-д буюу сүүл мушгисан. Манай улс найман үзүүлэлтээр сүүл мушгисан бол мөн найман үзүүлэлтээр эхний байруудад эрэмбэлэгджээ. Тухайлбал, оффисын түрээс, үндсэн хөрөнгийн хуримтлал бодит өсөлт, ажилгүйдлийн түвшин,удирдлагын цалин, ДНБ-ий өсөлт, дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын урсгал зэргээр эхний байруудад эрэмбэлэгдсэн. Харин экспортын түвшний төвлөрөл эдийн засгийн уян хатан байдал, жижиг дунд үйлдвэрийн хөгжил, бохирдлын асуудал зэргээр 67-д оржээ.
 
Сонгуулийн дараа валютын ханшид савлагаа үүсэх эрсдэлтэй
 
2024 онд Монгол Улсад тулгарч болох сорилтуудаар төсвийн зардал нэмэгдэх нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг өдөөх магадлалтай. Түүнчлэн сонгуулийн дараагаар валютын ханшийн савлагаа үүсэж болзошгүй. Мөн нүүрсний экспорт хэмжээ болон үнийн хувьд огцом буурвал эдийн засгийн сорилтууд үүсгэж болзошгүй. Хотын менежментийг сайжруулж бохирдол, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх хөрш улсуудын геополитикийн хурцадмал байдал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй зэрэг сорилтуудтай тулгарна гэж эдийн засагчид анхааруулж байна. 2024 оны судалгаанд хамрагдаж буй улс орнуудын тоо 67 болж Гана, Нигери болон Пуэрто Рико улсууд шинээр нэмэгдэн оржээ. Харин ОХУ болон Украйн улсыг өмнөх жилийн адил оруулаагүй байна. Учир нь судалгааны эх сурвалжийн мэдээлэл найдваргүй гэж үзжээ.


Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn