Бээжин, Тяньжиньд хамгийн ойрхон “их элсэн сав газар”-ыг цөлжилтөөс ангижруулж буй тухай тэмдэглэл

592

Нэгэн цагт хэдэн мянган километр газрыг хамран их элс манхан нүүдэллэдэг байлаа.
Эргэн тойрноо ажиглан харахад тэр уудам элсэн манхан дунд хэдхэн ширхэг мод, өвс л үзэгддэг байв. 
Товчхондоо, энд зүгээр л элснээс өөр юу ч байгаагүй гэхэд болно.
Бээжин болон Тяньжинь хотыг хамарсан Хятадын хойд нутаг одоогоос 20 жилийн өмнө байнга элсэн шуурганд дарагддаг байсан юм. 
Энэ их элсийг монголооор “Хулан шарга даага”-ны элсэн сав газар гэж нэрийддэг бөгөөд Бээжингээс ердөө 180 км зайтай. Энэ нь Бээжин-Тяньжинийн бүс нутагт “хамгийн ойрхон элсэн  сав газар” гэгддэг.
Экологийн доройтолтой тэмцэхийн тулд БНХАУ 20 жилийн турш байгаль орчныг хамгаалах томоохон цуврал төслүүдийг хэрэгжүүлсэн. 
Тухайн бүс нутгийн нөхцөл байдлаас хамаараад бэлчээр хашаалах, бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, бэлчээр сэлгэх болон сэлгэн малжих зэрэг хамгаалалтын олон аргыг хэрэгжүүлсний дүнд “хулан шарга даага”-ыг аажмаар “номхотгож”, элсээр бүрхэгдсэн хөндийн ойролцоогоор 41 хувийг ногооруулж чаджээ.
Өмнө нь “элсэн дундаас ногоо олж харах” гэж зүддэг байсан бол одоо “ногоон дундаас элс бараг харагдахаа больсон” бөгөөд Хятадын хойд нутгийн экологийн аюулгүй байдал улам бат бөх болсоор байна. 
Бэлчээрийг хашаалж, бэлчээрт хориг тавьснаар байгаль экологи сэргэсэн нь
Зуны эхээр сэтгүүлч бид “Хулан шарга даага”-ны элсэн  сав газрын гүнд очсон юм.  Тэнд ургасан сийрэгхэн хэдэн уд мод болон бусад мод нь яг л нуурын мандалд туссан дүрсийг тосон будгаар буулгасан юм шиг харагдаж байлаа.
“Урьд өмнө нь хашаа, амбаарын ихэнх хэсэг нь элсэнд дарагдаж, бэлчээр ноцтой доройтож, мал тэжээхийн аргагүй байдаг байсан. Харин одоо өвс ургамлын гарц нэмэгдэж, элсээр шуурах нь багассан” гэж Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Нарт сумын Гогостой гацааны малчин Хасбаатар ярив. 
Дээд талынх нь XX  зууны сүүл үеийн Өвөр Монголын Шилийн гол аймгийн Долоннуур шянийн “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын оршин суугчдын зураг. (Архивын зураг).
Доод талынх нь Өвөр Монголын Шилийн гол аймгийн   Шулуун хөх хошууны Нарт   сумын   Гогостой гацааны   ойролцоох   “Хулан   шарга   даага”-ны   элсэн   сав   газрын цөлжилтөөс ангижирсан хэсэг. (2020  оны 6 дугаар сарын 6-нд дроноор авсан зураг.  Синьхуа/Пэн Юань). 
“Хулан шарга даага” бол Хятад улсын таван томоохон элсэрхэг газрын нэг. Тус газар нь Өвөр Монголын Шилийн гол аймгийн есөн хошуу, шянь, хот болон Улаан хад хотын Хишигтэн хошууны нутаг дэвсгэрийн 3.8 сая гаруй га талбайг хамардаг юм.
2000 оноос өмнө цаг уурын өөрчлөлт болон хүний хүчин зүйлс зэргээс шалгаалан “Хулан шарга даага”-ны экологи эрс доройтож, элс болон шороон шуурга зэрэг байгалийн гамшгууд Хятадын хойд нутагт удаа дараалан нүүрлэж байсан юм. Тухайлбал, 2000 оны хавар Бээжин болон Тяньжинийг 10 гаруй удаа элсэн шуурга дайрсан билээ.
Өдрөөс өдөрт гүнзгийрсээр байсан экологийн доройтолтой тэмцэхийн тулд Хятад улс “Хулан шарга даага”-ны элсэн сав газарт Бээжин-Тяньжинийн элсэн шуурганы эх үүсвэрийг хянах төсөл, элсний эх үүсвэрийн менежмент, зүлэгжүүлэлт болон тариалангийн талбайг ойжуулах зэрэг экологи хамгаалалтын томоохон цуврал төслүүдийг 2000 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 
“Хулан шарга даага” нь Бээжин-Тяньжинийн элсэн шуурганы эх үүсвэрийг хянах төслийг хэрэгжүүлэх үндэс суурь нь болсон юм. 
Өвөр   Монголын Шилийн гол аймгийн Шулуун хөх  хошууны  Нарт сумын Гогостой гацааны ойролцоох “Хулан шарга даага”-ны элсэн сав газар цөлжилтөөс ангижирсан хэсэг. (2020 оны 6 дугаар сарын 6-нд дроноор авсан зураг. Синьхуа/Пэн Юань). 
Эдгээр томоохон төслийн хэрэгжилтэд үндэслэн Өвөр Монгол нь байгаль орчноо хайрлан хамгаалах, хууль тогтоомжид нийцүүлэхийг “шидэт зэвсэг" болгож, экологийг шинжлэх ухааны аргаар хамгаалж, сэргээсээр байна. 
“Бид малын бэлчээрийг хашаалах, малжихыг хориглосноор байгаль экологийг нөхөн сэргээж чадсан” гэж Шилийн гол аймгийн орлогч дарга Хоу Жиминь хэлэв.
Бэлчээрийн хориг тавих гэдэг нь тухайн нутагт дор хаяж нэг жил мал бэлчээхийг хориглох замаар байгаль экологийг нөхөн сэргээх арга юм. Мал оруулахгүйн тулд тухайн газрыг тойруулан хашаа татдаг. 
20 жилийн өмнөөс бэлчээрийн хоригийг хэрэгжүүлж эхэлснээр урьд нь байнга л салхитай, элсэн шуургатай байдаг байсан “Хулан шарга даага”-ны элсэн сав газар өдгөө “ногоон бүрхүүл”-тэй  байх болжээ. 
Бидний хэдэн сэтгүүлч  энэ элсэн сав газрын баруун захад орших Сөнөд зүүн хошуунаас эхлэн Авга хошуу, Шилийн хот, Шулуун хөх хошуу, Долоннуур шянь болон Хишигтэн хошуугаар дамжин зүүн тийш хөндлөн гулд явсан юм. Ингэхэд элсэн сав газрын ихэнх хэсгийг тойруулан хашаа татсан байсан бөгөөд торон хашаан дотор мод, өвс ургамал “жаргалтайгаар” ургаж байлаа.
“Хулан шарга даага”-ны өмнөд хэсэгт орших Шулуун хөх хошуу хашаа татах, бэлчээрийн хориг тавих зэрэг экологийн менежментийн аргуудыг хэрэгжүүлснээр өвс ногоо, зэрлэг цэцэгс ургаж, элсний нуранги үүсэх нь жилээс жилд багассаар байна. 
Сүүлийн 20 жилийн хугацаанд Шулуун хөх хошуу нь бэлчээрийг хашаалах, бэлчээрийн хориг тавих зэргээр цөлжилттэй тэмцэх цогц менежментийг бараг 333 мянга гаруй га газарт буюу тус хошууны нутаг дэвсгэр дэх цөлжсөн газрын 40 орчим хувьд нь хэрэгжүүлжээ.
“Урьд нь бэлчээр ихээхэн цөлжиж, мал идэх өвсгүй байдаг байсан учир бид жил бүр л их хэмжээний малын тэжээл худалдаж авахаас өөр аргагүйд хүрдэг байсан” гэж Сөнөд баруун хошууны Эрээннуур сумын Түмэн гацааны малчин Жамсуу ярьсан юм.
Тэрбээр 2010 онд 300 хонио худалдан 267 га бэлчээрийг тойруулан хашаа татжээ.
10 жилийн дараа Жамсуугийн бэлчээрийн талбайд цөлжилт үгүй болж, өвс ургамал нягт шигүү ургах болсон байна.
“Бэлчээрт ч амралт хэрэгтэй. Ихээхэн доройтсон газруудын экологийг сэргээх “ганц арга” бол хашаалах юм” гэж тэрбээр ярьсан билээ.  
Бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, бэлчээр сэлгэх, сэлгэн малжих бодлого
Өдгөө “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын багагүй хэсэг цөлжилтөөс ангижирч, ногоорсон хэдий ч тэнд мал харагдах нь “өдрийн од шиг” ховор аж. 
“Байгаль экологийг нөхөн сэргээх нь үнэхээр амаргүй ажил. Малчид бид малаа өсгөх нь байгальд тийм ч сайн хэрэг биш” гэж Шилийн хотын Булган сумын Баяннуур гацааны малчин Жу Баожун ярив. 
“Хулан шарга даага”-ны элсэн сав газарт сурвалжилгаар очиход нутгийн иргэд болон албаны хүмүүс байгаль экологийг сэргээх бодлогуудыг дурдсан нь бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, бэлчээр сэлгэх, сэлгэн малжих аргууд байсан юм. 
Шилийн гол аймгийн Хөдөө аж ахуй ба мал аж ахуйн газрын орлогч захирал Лю Дэбао хэлэхдээ “Бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх гэдэг нь малчдын бэлчээрийн талбайн хэмжээг тооцоолох замаар малын тоо толгойг тооцоолох арга юм” гэв. 
Малчин Жу Баожунынх “Хулан шарга даага”-ны элсэн сав газарт 130 гаруй  га бэлчээрийн газартай. 
Тэдний эзэмшлийн бэлчээрийн газар нь 2010 онд бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх бүс нутагт багтжээ. 
Тухайн үед тооцоолсноор, 2.3 га газарт 1 хонь ногдож байсан бөгөөд 130 гаруй га бэлчээрт 57 хонь өсгөх боломжтой байв.
Малчдын орлогод сөргөөр нөлөөлөхгүйн тулд 0.07 га бэлчээр тутамд 3.45 юанийн татаасыг төрөөс олгодог аж.
Жу Баожун өрхийн орлогын талаарх тооцооллоо танилцуулахдаа “Нэг хонины үнийг 700 юаниар тооцвол 57 хониноос олох нийт орлого ойролцоогоор 40 мянган юань болж байна. Бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх бодлогын хүрээнд төрөөс олгож буй татаас 7000 орчим юань. Ингэснээр манай жилийн орлого 47 мянган орчим юань болж байна” гэв. 
“Бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх бодлогын дагуу бид хонь малаа өсгөж байгаа бөгөөд төр засгаас бэлчээрийг нөхөн сэргээхэд татаас олгож байна. Ингэснээр бэлчээр сэргэж,  малын тэжээл худалдан авахад зарцуулдаг зардал буурч, амьдрах орчин сайжирч байгаа юм. Иймд малчид бид төр засгаас хэрэгжүүлж буй бодлогуудыг ихээхэн дэмжиж байгаа” гэж тэрбээр ярьсан юм.
Одоогоор “Хулан шарга даага”-ны элсэн хөндийд бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх бодлого хэрэгжүүлсэн газрын хэмжээ нь 2.3 сая гаруй га байна.
Тухайн бүс нутагт бэлчээр сэлгэх, сэлгэн малжих бодлогуудыг хэрэгжүүлж байгаа аж.
Шилийн гол аймгийн Ой шугуй, тал нутагт хяналт тавих газрын дарга Буянгийн хэлснээр, бэлчээр сэлгэх гэдэг нь жилийн тодорхой хугацаанд тухайн бэлчээрийг ашиглахыг хориглох арга хэмжээ бол сэлгэн малжих гэдэг нь өөрийн эзэмшлийн бэлчээрийн талбайгаа тодорхой хэдэн хэсэгт хуваагаад, тэдгээртээ улирлын чанартайгаар малаа ээлжлэн бэлчээхийг хэлдэг байна.
Өвөр Монголын Шилийн гол аймгийн Долоннуур шянь дахь хайлаар нарсан ой. (2020 оны 6 дугаар сарын 7-нд дроноор авсан зураг. Синьхуа/Пэн Юань)
“Хулан шарга даага”-ны элсэн сав газрын бэлчээрийн даац тэнцвэржүүлэх бодлого хэрэгжиж буй бүсэд жил бүрийн 4-5 дугаар сард мал бэлчээхийг хориглодог.
Тухайн орон нутгийн засаг захиргаанаас хэрэгжүүлж буй хаврын улиралд мал бэлчээхийг хориглох,  бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх бодлогыг дагаж мөрдөж буй тариаланчид болон малчдад хоригт хамрагдсан 0.07 га талбай тутамд нь 0.75 юанийн татаас олгодог гэнэ.
Албаны хүмүүсийн хэлснээр, Шилийн гол аймагт хаврын улиралд мал бэлчээхийг хориглосон газрын өвс ургамлын гарц нь энэ онд өнгөрсөн оныхоос 0.5 хувиар илүү, өвс ургамлын өндөр нь 1.4 см-ээр өндөр байна. 
Авга хошууны Билгүүдэй балгасны Сайхантүмэн гацааны малчин Машбатынх 1300 гаруй га бэлчээрийн газартай бөгөөд 70 гаруй үхэр, 300 гаруй хоньтой.
Машбатынх өнгөрсөн өвөл 140 тонн тэжээл худалдан авч, мал төллөлтөөс нэг сарын өмнө үхэр, хонио саравчинд тэжээн хаврын бэлчээрийн хоригийг дагаж мөрджээ. Мөн тэднийх сэлгэн малжих аргыг хэрэгжүүлсэн байна.
Машбат бэлчээрийн газраа дөрвөн хэсэгт хувааж, хоёрт нь зундаа, нөгөө хоёр бэлчээртээ намар болон өвөл малаа сэлгэж бэлчээдэг ажээ. 
“Энэ аргаар мал тэжээх их зүгээр. Бэлчээр ч амарч, нөхөн сэргэдэг” гэж малчин Машбат ярьсан юм.
Цөлжилттэй тэмцсэнээр ядуурлаас ангижирсан нь 
Хайлаар нарс, гүйлс, улиас зэргээс бүрдсэн өтгөн ой шугуй бүхий энэ газарт урьд нь битүү элс, цөлжилт нүүрлэсэн байсан гэх ямар ч ул мөр алга. Сүндэрлэн харагдах үзэмж төгс модод нь “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын өмнөд хэсэгт орших Долоннуур шянийг улам үзэсгэлэнтэй харагдуулна. 
2020 оны 6 дугаар сарын 7-нд Өвөр Монголын Шилийн гол аймгийн Долоннуур шянийн тариачин Зя Зяньфэн (баруун гар талынх нь) өөрийн эзэмшлийн   хайлаар   нарсны   суулгац   үрслүүрийн  талбайдаа   ургацаа шалгаж буй нь.
(Синьхуа/Пэн Юань)
Долоннуур шянийн тариаланч Зя Зяньфэн 330 гаруй га хоосон толгодод хайлаар нарс тарьж эхэлсэн бөгөөд өдгөө нэг сая мод тариад байгаа аж. 
“Өмнө нь би өөрийн эзэмшлийн ууландаа хонь өсгөж үржүүлдэг байсан. 2000 оноос өмнө экологийн доройтол улам гүнзгийрч, өдөр бүр л элс шороон шуурга болдог байсан” гэж Зя Зяньфэн ярив.
Тэрбээр цааш нь ярихдаа “Тийм хүнд хэцүү нөхцөлд хэдэн хониороо амьжиргаагаа залгуулах амаргүй байсан учир манайх хонио худалдаад, мод тарьж эхэлсэн” гэлээ. Өдгөө тэднийх ойжуулалтаар мэргэшсэн өрх болж, суулгац үрслүүрээ худалдаж борлуулснаар жилдээ хэдэн сая юанийн орлого олдог болжээ. 
“Хулан шарга даага”-ны элсэн сав газар нь 200 мянга гаруй  оршин суугч бүхий 11 хошуу, шянь болон хотын нутаг дэвсгэрийг хамардаг билээ. Тэдгээрийн дийлэнх нь мал аж ахуй эрхэлдэг бөгөөд энэ сав газарт 2.4 сая орчим мал байна. 
Үйлдвэрлэл, амьдрал болоод экологи хамгаалал хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэх нь цөлжилттэй тэмцэх явцад тулгардаг хамгийн хэцүү асуудал юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд орон нутгийн түвшинд экологид ээлтэй бүтээн байгуулалт өрнүүлж, эко-аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх буюу экологи хамгаалал болон аж үйлдвэрийн хөгжлийг уялдуулах, цөлжилттэй тэмцэх болон ядуурлыг бууруулах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Түүнчлэн элстэй, цөлжсөн газруудад аж үйлдвэрлэлийг оновчтойгоор хөгжүүлэх, үйлдвэрлэл болон үйл ажиллагааны горимыг зохистойгоор тохируулах хүчин чармайлтыг эрчимжүүлснээр үйлдвэрлэл, ард иргэдийн аж амьдрал болоод байгаль экологийн  чиглэлээрх бүтээн байгуулалт аль аль талдаа харилцан ашигтайгаар шийдвэрлэгджээ. 
Дээд   талынх   нь   Өвөр   Монголын   Шилийн   гол   аймгийн   Долоннуур шянийн   нутаг   дэвсгэрт   хамаарах   “Хулан   шарга   даага”-ны   элсэн   сав газрын  XX  зууны сүүл үеийн байдал.  (Архивын зураг). 
Доод талынх нь Өвөр Монголын Шилийн гол аймгийн Долоннуур шянь дахь 66  мянга гаруй га хайлаар нарсан ой . (2020 оны 6 дугаар сарын 7-нд дроноор авсан зураг. Синьхуа/Пэн Юань)
Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Сангийн далай балгасны малчин Авирмид “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын төв хэсгээр нутагладаг. 
Бэлчээрийн даац хэтэрсний улмаас түүний эзэмшлийн 64 га бэлчээр ихээхэн цөлжиж байжээ. Бэлчээр нь элсэнд дарагдаж, цөлжих болсноор Авирмид 1996 онд 400 гаруй хонио худалдан борлуулж, оронд нь 10 гаруй үхэр худалдан авч, үхрээ саравчинд тэжээхийн хажуугаар бэлчээрээ сэргээхээр ажиллаж эхэлжээ.
Өдгөө тэднийх сайжруулсан Симменталь үүлдрийн 36 үхэртэй бөгөөд төлийг нь худалдан борлуулснаар жилдээ 300 мянга орчим юанийн орлого олдог аж. Ингэснээр хэдэн зуун га бэлчээрээ цөлжилтөөс ангижруулж, сэргээжээ.
Байгаль экологийг нөхөн сэргээх, аж үйлдвэрийг хөгжүүлэх, цөлжилт болон ядууралтай тэмцэх хүчин чармайлтуудыг нягт уялдуулж, нэгтгэсний дүнд “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын 25 мянган ядуу тариачин болон малчин ядуурлаас ангижирч, чинээлэг амьдрах болсон байна.
20 жилийн хүчин чармайлтын үр дүнд “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын экологи эрс сайжирч, ойн аж ахуй, өвсний аж үйлдвэр, үхрийн аж ахуй болон аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, тариаланчид болон малчдын үйлдвэрлэл болоод аж амьдрал баталгаатай болж, байгаль экологийг сэргээх ажил ихээхэн амжилтад хүрчээ. 
Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээс үзэхэд, “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын ойн бүрхүүлийн хэмжээ 2004 онд 13.05 хувьтай байсан бол 2017 он гэхэд 23.35 хувь болж нэмэгджээ. Мөн 2018 онд тус элсэн сав газрын 41 хувь нь өвс ургамлаар бүрхэгдсэн байсан нь 2001 оныхоос даруй найман нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.  
(Тэмдэглэлийг бичсэн:  “Синьхуа” агентлагийн сэтгүүлч Дин Мин, Жан Хунхэ, Юй Зя, Халина.
Тэмдэглэлийг орчуулсан: “Синьхуа” агентлагийн сэтгүүлч Г.Доржханд, У.Суръяа )
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn